АМЬДАРНА ГЭДЭГ АМЬ ЗУУХЫН НЭР БИШ ЭЭ

2016 оны 01 сарын 15

“Элэгний Жамсран” гэж урьд нь сонсож биширч явсанаас биш нүүр тулан уулзаж байсангүй. Оны сүүл сарын хуучдаар тэрээр над руу утас цохилоо. Армийн ахмад үеийн нэртэй төлөөлөл, аюулт өвчнийг эр зориг, сэтгэлийн хатаар давж чадсан гайхамшигтай хүнтэй уг нь би санаачлага гарган уулзах байсан юм. 

Ерэн насны босго хол давсан гэхээргүй тэнхлүүн буурайтай жаал хууч хөөрлөө. Гэр орны байдал нь төсөөлсөнөөс огт өөр сонин содон юм. Үзэж сонирхмоор юмс элбэг. Ер нь л түүний гэр музейд ороод ирэв үү гэлтэй санагдсан. Үүднээс эхлээд жаазтай дурсамж, баярын бичиг, өргөмжлөл, элдэв зураг, бичиг сэлт алаглана. Дүрэмт хувцасаа өмссөн Жамсран гуайн хөрөг баримал хоймор эзлэж, бурхан тахил, Чингис хааны зураг, бас бус хуучны эдлэл ярайх аж. Тэр бүгдээс хүзүүнээс нь хадаг зүүлттэй нохойн том баримал анхаарал татах бөлгөө. Уул хадаар зоргоороо тэнэж ан амьтны мах, ургамал ногоогоор хооллож явахад нь хань болж явсан нохойгоо дурсаж энэхүү баримлыг дэргэдээ байрлуулжээ. Гэхдээ бидэнд л баримал болохоос Жамсран гуайд Тигр нохой нь амьд сэрүүн, өдөр бүр “хооллож ундлаж”,  урьдын адил элдэв халдлагаас хамгаалж байдаг ажээ. Нохойны дэргэд “Цагаадай” хэмээх мориныхоо зургийг залсан харагдана. Тэр гурав Бурхан Халдун уулын эзэн болсон түүхтэй гэж сонссон юм.

Жамсран гуай ч миний бодлыг батлах мэт “Би уулын хүн болж хэдэн жил амьдрахдаа мал, амьтан дотроос морь, нохой хоёр шиг үнэнч хань байхгүйг мэдэрсэн. Бас өдрөөс өдөрт өвчин зовлонгоо мартаж улмаар эрүүлжээд ирэхээр хүн байгаль хоёр хүйн холбоотой юм шүү гэдгийг яс махандаа мэдэрсэн хүн дээ” гэж тэрээр яриагаа чухам юунаас эхлэхээ мэдэхгүй надад сэжүүр гаргалаа.

Таныг “Уулын савдаг”, “Зэрлэг хурандаа” гэж нэрлэж байхыг олонтаа сонссон. Сонссон хүн хирдхийм сэжиглэмээр юм идэж ууж байв уу?

-Байгалийн өвс ургамал, агаар ус, ан амьтан шиг цэвэр “бүтээгдэхүүн” хаана байх вэ дээ. Хүн өөрөө ч угтаа байгаль эхийн “бүтээгдэхүүн”. Ангийн мах тэр дотроо могой, чоно, баавгайн мах, цөс, цусыг түүхийгээр нь хэрэглэж явсан. Махыг чанаж иднэ гэдэг чинь чанарыг нь муутгаж байгаа юм.

Хорхой, шавьж хүртэл их идсэн үү?

-Өт хорхой, гүрвэл, шоргоолж, сохор хар гээд олон амьтан хүртсэн дээ. Ургамлаас идээгүй нь ховор. Цөмөөрөө л надад эм болсон. Харин энд хэлэхэд эмчилгээнд маш сайн хус модны онгол гэдэг дээ чаг мөөг ч гэх нь бий, чанаж уухын сайныг би анх мэдсэн. Бусдын амнаас сонсоогүй, өөрөө хэрэглэж ач тусыг нь мэдсэн болохоор би нээсэн гэж хааяа онгирдог юм.

Та эдгэшгүй хүнд өвчтэй гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-1969 онд Самбуу, Моломжамц, Махбариад гурвыг аваад би Москвад курс хийсэн. Сүүл рүүгээ бие муудаад байдаг. Цэргийн эмнэлэгт үзүүлсэн чинь Та болохоо байж, манайх чадахгүй юм байна гээд 10-аад хоног хэвтүүлээд Болгарт явуулав. Тэнд би 40-өөд хонолоо. Огт нэмэр болсонгүй.  Сүүлдээ Германд очоод 3 жил болоод элэгний хавдар болсон байна, та эх оронтойгоо л золго доо гэж хэлсэн. Намайг ирэхэд онгоцны буудлаас тосч аваад 2 дугаар эмнэлэг рүү хэвтүүллээ. Үхэх л асуудал хүлээж байсан. Ю.Цэдэнбал дарга надад сайхан сэтгэлээр хандаж байсныг би мартдаггүй юм. Дарга ямар хүсэлттэй байна гэж байна. “Би нутаг руугаа явья даа” гэсэн чинь, “Юу ярьж байгаа юм. Сайд нарын эмнэлгээс сум бараадаад нэмэр болдог юм уу?” гэж зэмлэх аястай хэлсэн. Дараа нь нутагтаа очиж ясаа тавья гэсэн санаа гэж дарга ойлгосон бололтой, онгоцоор Мөнгөнморьт рүү хүргэх үүрэг өгсөн байна лээ.

Үнэхээр нутагтаа ясаа тавих бодол байсан уу?

-Өвчнөө эмчлэгдэхгүй гэдгийг сонсчихоод Москвагаас ирэх замдаа зүүрмэглэхдээ ээжийгээ зүүдэлсэн. Ээж маань “Миний хүүг нутаг чинь аварна даа” гэсэн. Нэгэнтээ л эмчлэгдэхгүй гэсэн оноштой болохоор гадаадад эмнэлэгт хэвтэх, эх орондоо хэвтэх хоёрт ялгаа юу байна. Ээж минь зүүдэнд эргэн ирж алтан сургаалиа айлтгаж байхад дагах нь зүйтэй гэж эргэлт буцалтгүй шийдээд нутгаа зорьсон.

Төрсөн нутагтаа очиж онгон байгалийг “эмнэлгийн орчин” болгохоор шийдсэн тань олон хүний гайхшралыг төрүүлсэн биз?

-Сайд нарын эмнэлэг чинь манайдаа дээд зэрэглэлийн эмнэлэг байлаа. Тийм газраас эзгүй хөдөө очино гэхээр хүн бүрт л гажууд сонсогдоно биз дээ. Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, миний дотны нөхөр хошууч генерал Бямбаа, Ар талын газрын дарга, генерал Паль нар унаа, гэр орон, хоол хүнснээс авхуулаад хөдөө очиж амьдрахад хэрэгцээтэй бүх зүйлийг бэлтгэж өгсөн. Машины ая даахгүй тул нисдэг тэргээр хүргэж өгөх болов. Баян давааны дээгүүр гарахад нутгийн минь бараа харагдаад сэтгэл нэг л сайхан. За Та хаана очих вэ гэсэнд, намайг хээр аваачаад орхичих гэв. Эзгүй ойд уу гэж байна. Тэгвэл бүр сайн байна. Би нутгийнхаа усыг уух гэсэн юм гэлээ.

Эх нутагтаа хөл тавихад ямар нэг мэдрэмж төрж байсан уу?

-Миний газар ус, ариун байгаль, ой хөвч минь би Таныгаа зорьж ирлээ. Намайг өвчин зовлонгоос салгаж өгөөч гэж эх нутгаа тэврэн энэрэл гуйн нулимс унагав. Чийглэг цэцэг ногоон дээр нэлээд хэвтээд өндийхөд гэдэс хүйт даан дүүрэнг нь арай л сулдчихсан шиг байсан.  Сэтгэл дагаад л тэгсэн байх. Өглөө сэрээд сахиж байсан хүндээ хүйтэн ус уумаар байна гэж хэлсэн. Хажууханд урсах горхины уснаас авчирч өглөө. Хоёр гурав балгаж, заримдаа аяганы тал хүртэл уучихдаг болсон. Хэд хоногийн дараанаас нар битүү босч уулын горхины түмэн аялгууг сонсож, байгаль орчиндоо уусан суудаг болов.  Байгальтайгаа ингэж харьцаж байхад сэтгэлээс салдаггүй зовиур, дарамт хэдэн цаг, өдрөөр ч мартагддаг юм билээ. Ингэнэ гэдэг өвчинд шаналсан хүнд хэчнээн их аврал авчирдгийг тэр зовлонг амссан хүн л мэдэх байх.

Хээрээр гэр хэцээр дэр хийж явсан болохоор Таныг “зэрлэг хүн” гэж нэрлэх болсон уу?

-Хөдөө ажиллаж амьдардаг хүн бүрт олон түмэн ийм алдар хайрладаггүй шүү дээ. Нохойгоо дагуулаад чармай нүцгэн мэхээр түүн явахыг харсан хүмүүс зэрлэг хүн, чоно хоёр нөхцсөн байна гэж цуу тараажээ. Чихээ соотойлгоод сүүлээ үргэлж буулгасан байх юм билээ, чоно гарцаагүй мөн. Хүн юм бол чармай нүцгэн эзгүй хээр явна гэж байх уу гэж батлан ярьсан байна лээ. Хэнтийн нуруу, Мөнгөний халил байцас, Ар, өвөр Минж, Цахарын их хөндий нутгаар “зэрлэгшин” явсаар эрлэгийн оронд бус энх тунх амьдрах замд орсон гэж боддог.

Эмчилгээгүй гээд явуулсан хүн өчнөөн жил амьд явааг сонсоод гадаадын эмч нар гайхсан байх даа?

-Танай сонины эрхлэгч байсан хурандаа А.Баярмагнай нэг дурсамж бичсэн байна лээ. 1974 онд тэрээр БНАГУ-ын цэргийн сонины урилгаар очжээ. Тэнд эмчлүүлж байсан Жанжин штабын дарга, генерал Ж.Ёндонтой уулзсан аж. Тэрээр “манай Жамсран хурандаа энд эмчлүүлж байжээ. Нэг эмч надаас танай тэр хурандаа нутагтаа очоод хэр удсан бэ? гэж асууж байна. Одоо хүртэл амьд явааг дуулаад их гайхаж байсан” гэж ярьжээ.  Ер нь тухайн цагт тэргүүлж байсан ЗХУ, БНАГУ, БНБАУ зэрэг орны цэргийн эмнэлэг миний өвчний өмнө бууж өгсөн юм шүү. Харин би бууж өгөөгүй, төрсөн нутгийнхаа ус агаар, ургамал ногоо, ан амьтны хүчээр давж гараад 40 гаруй жил амьдарч явна.

Таны өнөө цагийн имижэд хөтлөгдөөд нэлээд зүйл асуучихлаа. Ингэхэд Та ямар ажил, алба хашиж явав?

-Дотоод яамны үүдэнд суудаг цагдаагаас миний ажил хөдөлмөрийн гараа эхэлсэн. Ховд, Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хорооны I нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Завхан аймгийн дарга,  Засгийн газрын ХЭГ-т хэлтсийн орлогч дарга, Дорнод аймгийн намын хорооны дарга, Армийн Улс төрийн газрын I орлогч дарга зэрэг албыг хашсан. 

Таныг Ю.Цэдэнбал даргатай их ойр дотно ажиллаж байсан гэлцдэг. Энэ түүхэн хүний тухай дурсамж дэлгэхгүй юу?

-Намайг Дорнод аймагт ажиллаж байхад Ю.Цэдэнбал дарга дуудаж, Ардын армийн Улс төрийн газрын ажлыг сайжруулах, армийн 50 жилийн ойд бэлтгэх үүрэг өгсөн. Хийж эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх юмсан гэж намайг учирлахад, дарга “Аюулаас хамгаалахын цагдаагаас аймгийн дарга болтлоо дэвшиж ирсэн Танд чадахгүй зүйл байх ёсгүй дээ” гэсэн. Ингэж л би армийнхаа жагсаалд ирсэн. Энд олон сонин зүйл ярьж болох боловч Ардын армийн 50 жилийн ойн гэрэл зургийн цомог хэрхэн бүтсэн талаар илүүтэй дурсмаар байна.

Түүх гэрчлэх олон зураг орсон “анхны” гэсэн онцлогтой цомог биз?

-Ю.Цэдэнбал дарга гардаж хийсэн шүү. Улсын болон армийн архив, тухайн үед амьд сэрүүн байсан олон хүнээс цуглуулсан гэрэл зургууд дотроос шилж сонгож бүрдүүлсэн гэдэг утгаараа жирийн нэг цомог биш, түүхийн том бүтээл гэж хэлж болно. Олон зургийн тайлбарыг дарга өөрөө хийсэн. Олон хүнийг овог нэртэй нь хэлж байсан нь миний гайхшралыг төрүүлж байлаа. “Байгалийн чанад дахь цэргийн тойргийн командлагчийн нэрийг буруу бичсэн байна” гээд засах жишээтэй. Зөвхөн цэргийн салбарыг тийм сайн мэддэг байгаагүй байх. Их өргөн мэдлэг, гайхалтай ой санамжтай хүн байсан. Монголын төр засгийг 40 жил удирдсан хүн гэж манайхан ярьдаг. Миний бодлоор 100 жил удирдсан. Учир нь тэрээр шөнийн 2 цаг хүртэл ажиллаж, өглөө 5 цагт босдог байсныг би мэдэх юм. 

Тэгэхлээр цомог бүтээх санаачилгыг Ю.Цэдэнбал дарга өөрөө гаргажээ дээ?

-Даргын л санал байх шүү. Ерөнхий редактороор нь хэнийг тавих вэ? гэхэд дарга “намайг тавих гээ юу, өөрийгөө тавь” гэж байсан. Би даргын үүдний өрөөнд цомог хийж байна гэж 3 сар суусан. Арга байхгүй их чухал цомог. Яагаад гэвэл 1921, 1939, 1945 оны дайн байлдаан, ардын хувьсгалын бүх партизанууд, улсын баатрууд гээд олон чухал гэрэл зураг, түүхэн баримтуудыг эмхэтгэж чадсан. Тухайн үед тэгж зориглож, далайцтай бүтээл хийгээгүй бол өнөөдөр тэр түүхэн гэрэл зургууд хаана байхав, хэн тайлбарыг нь өгөхөв гэдэг бүрэг дээ.

Өнөө цагийнханд өнгөрсөн үетэйгээ танилцах сурах бичиг гэж хэлж болно биз?

 -Ардын арми цомгоос суралцах юм их бий. Зэвсэгт хүчний түүхийг өнгөрсөн 50 жилд хэн бичиж, нэрээ мөнхөлсөнийг мэдэх томоохон судлагдахуун. Хэвлэлтийн чанарын хувьд ч тухайн үедээ орчин үеийн технологиор хэвлэсэн болохоор зураг нь өнгөт биш гэж голдоггүй юм бол өөлөх өө байхгүй. Германаас хэвлэлийн мэргэжлийн хоёр хүн ирж тусалсан. Хэвлэлтийг Герман улс үнэгүй хийж, манайд илгээж байсан юм.

Сансрын музейд сансрын хөлгийг зохион бүтээгч А.К.Королёвын гарын үсэг таны нэрээр тавигдсан байхыг харсан. Тэр үйл явдлыг тодруулна уу?

-А.К.Королёв л сансрын нууцыг мэдэж байгаа учраас хүнтэй уулзуулдаггүй, төрийн тусгай хамгаалалтад байлаа. 1967 онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн баярт Ю.Цэдэнбал, Ж.Самбуу гуай бид гурав оролцсон. Баярын хүлээн авалт Кремлийн ордонд болоход Ю.Гагарин, В.Терешкова, Белов гээд сансрын баатрууд нэг ширээнд хооллож байна. Би тэднээс гарын үсгийг нь авах хүсэлт тавихад Ю.Гагарин “Бид яахав, хамгийн гол хүнтэй таныг уулзуулья” гээд А.К.Королёв руу дагуулж очсон. Тэр түүхэн хүн Азиас ганцхан хүнд гарын үсгээ өгсөн гэдгийг 3 жилийн дараа түүний гэр музейн нээлтэд очихдоо мэдсэн. Ж.Гүррагчаа баатар маань Королёвын гарын үсгийг ихэд олзуурхан авч музейдээ тавьсанд баяртай байгаа. Тэрхүү ойн баярын үеэр би таван тивийн олон орны удирдагчтай гар барьсан шүү.

Та одоо ганцаараа амьдардаг юм уу?

-Тийм ээ, охин, зээ хоёр маань Англид амьдардаг. Хоолоо өөрөө хийж иднэ. Орой 9 цагт орондоо орж, өглөө 6 цагт Төрийн дуулал радиогоор явахад сэрдэг. Босоод аяганд тавьж хоносон усаа ууна. Крантны ус ууддаггүй. Баруун Баянхошуу, Зайсангийн амнаас худгийн цэнгэг ус авчруулаад өвөл, зунгүй ууна. Усыг шүтдэг хүн. Амьд явья гэвэл ургамлаас өмнө усыг тавиарай гэж хүмүүст захидаг юм.

Таны аяганд юу байна?

-Хятадын соронзонтой аяга. Дотор талыг нь мөнгөлүүлсэн. Дотор нь цахиур чулуу, хаш чулуу, зэс байна. Эндээ усаа буцалгаад хононо. Өглөө сэрээд шууд л усаа ууна. Дараа нь хашаар бүх биендээ массаж хийнэ. Тэмээ бол зогдороо дэвсэж хэвтдэг, зөөлхөн сэтгэлтэй, тэнгэрийн амьтан. Буурын бохийг идэж байлаа. Одоо бол өглөө бүр үнэртдэг. Чийрийн давирхай Монголд ганцхан Ховдын Булган, Үенч сумдын хооронд байдаг. Үүнийг би буцалгаж ууж байсан. Надад их үр дүнгээ өгсөн. Одоо мөн үнэртэнэ. Ээжийнхээ халуун элгэнд тэврүүлж, эрдэнийн цагаан сүүг ууж, сайхан сэтгэлийг хүлээн авч байна гэж  хэлээд зургийг нь цээжиндээ наадаг юм. За тэгээд хүйтэн усаар цээжээ цохиулж аваад арчихгүйгээр цамцаа өмсчихнө. Гэртээ тусгай аппараттай. Түүгээр нуруу, хөлдөө массаж хийлгэнэ. Ер нь л өглөө боссоноос хойш 9 цаг хүртэл завгүй байна шүү. 

Баримталж ирсэн дадал заншлаасаа сонирхуулна уу?

-Монгол хүн биеэ сайхан авч явах хэрэгтэй. “Өөрийгөө удирд, захир, тойл” гэж би хэлэх дуртай. Хоёр аяга хоол идмээр байгаа бол ходоод чинь дийлэхгүй гээд нэгийг идэх жишээтэй. Өнгөрсөн амьдралынхаа дандаа сайхныг бодно. Муу юм бүхнээсээ өчил гуйна. Мануул, могой буудаж алж явсан хүн би. Одоо тэр бүгдээс хүлцэл өчиж, залбирч суудаг. Хүн бүртэй гар бариад байхыг боддоггүй. Тэргүүнээ бөхийлгэж ёслоно гэдэг чинь гүн хүндэтгэл. Бидний урьдны ёс ч тийм л байсан. 

ТӨГСГӨЛД НЬ “Миний цэл залуу офицер байх үеийн минь дарга, хурандаа Ж.Жамсран гуай маань сэтгэлийн хатан тэвчээрээр үхлийг сөрөн тэмцэж, өөрөө өөрийгөө эмчилж, өдий хүртэл амьд мэнд яваагаараа хүн төрөлхтөнд үлгэр жишээ болж яваа нэгэн билээ” гэж СГЗ, бэлтгэл хурандаа А.Баярмагнай бичжээ. Үнэхээр л бидэнд үлгэр үзүүлж яваа хүн юм. Амьдрах, амьд явах ухааны хичээлийг тэрээр амаар бус амьдрал дээр хойч үедээ зааж явна.

Хүн хэмээх бодьгал ээж бурхны хосгүй нандин бүтээл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тэр бүтээлийг бид өөрсдөө арчилж тордож, нандигнаж явахгүй бол ид шид, эрхэмсэг чанараа гээх бус уу. Амьдарна гэдэг жирийн нэг амь зуухын нэр биш гэдгийг Ж.Жамсран гуайн амьдрал, тэмцэл харуулж байна.

Хурандаа Г.НЯМДОРЖ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017