САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН САНААНААС ГАРДАГГҮЙ ЮМ

2016 оны 02 сарын 01

Өвөр эгнээний дундах нь ангийн захирагч, дэд хурандаа Ц.Амгалан (1982 он, Зүүнбаян)

 

Дээрх гарчгийн илэрхийлэл болсон ангийн захирагчаа дурсахын өмнө бяцхан түүх сөхьюү. 1980 онд ЦЕДС-ийн Артиллерийн ангийг дүүргээд, олноо “Хээрийн академи” гэж алдаршсан Зүүнбаянгийн танк эсэргүүцэн сөнөөх тусгай дивизионд салааны захирагчаар томилогдон очиход, ангийн захирагчаар хошууч Т.Батболд, штабын даргаар ахмад Г.Дашбалдан нарын их буундаа нэртэй офицерууд ажиллаж байлаа. Курсээсээ дэслэгч Б.Болдбаатар, Б.Батсүх, Ж.Батхүү, А.Батсайхан, С.Бат-Эрдэнэ, Д.Бум-Эрдэнэ, С.Гомбосүрэн, Д.Тогоо нарын арван хэдэн шижигнэсэн офицерын хамт их говийн гарнизонд хөл тавьж, ганцаараа тус ангид томилогдсон ч анги, хамт олон маань аранзал улаан тугаа дэрвүүлэн ёс төртэй угтаж байсан нь одоо ч сэтгэлд тодхон байна. Манай батарейны захирагчаар Говь-Алтай аймгийн уугуул, Одесс хотноо цэргийн сургууль дүүргэсэн ахмад Б.Мижиддорж гэж амгалан, дөлгөөн зантай хүн ажиллаж байсан зэрэг нь дөнгөж сургуулийн ширээнээс ажил, албаны их харгуйд хөл тавьсан бидэнд ихээхэн өмөг түшиг болдог байжээ. Дадлага, туршлагатай дарга, захирагч нарынхаа зааж, зааварласнаар нэг жилийг нүд ирмэхийн зуур ардаа орхиж, монгол хүн сансарт анх ниссэн түүхт жил, 1981 онтой золгосон юм. Тэр жилийн хавар, зун хүн бүрийн сэтгэл тавируун, яагаад ч юм бэ, өөрсдөө сансарт ниссэн юм шиг л уулзсан хүн бүр яриа хөөрөөтэй, магнай тэнэгэр, цаанаа л нэг хөхүүн байсан санагдана. Монгол түмний их цэнгүүн, баяр наадам өндөрлөөд тун удаагүй байхад манай ангийн захирагчаар монхордуу хамартай, цагаан шаргал царайтай, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, гялалзсан ахмад томилогдон ирсэн нь “Сайхан сэтгэлтэй хүн санаанаас гардаггүй юм” гарчгийн маань баатар Бэйсийнхэн овогт Цэдэнгийн Амгалан захирагч маань байсан юм. Тэрээр Ленинград хотын М.И.Калинины нэрэмжит Артиллерийн академийг дүүргэн ирсэн нь тэр байв. Ангийн захирагч, хошууч Т.Батболд Улаанбаатар хот руу шилжиж, штабын даргаар томилогдсон ахмад Б.Цэвэлбазар ангийн захирагчийг орлож байсан тэр өдөр бие бүрэлдэхүүн жагсаж, шинэ захирагчаа хүндэтгэлтэйгээр угтсан билээ. Хэдхэн хоногийн дараа буюу 8 дугаар сарын шинэдээр Зүүнбаянгийн дивиз, Сайншандад байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн дивизийн хамтарсан томоохон хээрийн сургууль “Тахиат” уулын орчимд зохион байгуулагдахаар нүсэр ажил өрнөж байсан болохоор цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсролтой дарга томилогдон ирсэнд анги, хамт олноороо нэн баяртай байсан даа. Ангийн захирагч өөрийгөө товч танилцуулаад “Миний бие та нөхдийг удирдахад бэлэн байна” гэсэн үгийг итгэлтэйгээр хэлээд удахгүй болох хамтарсан хээрийн сургуульд хэрхэн оролцох тухайд товчхон бөгөөд тодорхой үүрэг өгсөн нь аргагүй л сурч мэдсэн нь  тархиндаа багтахааргүй эргэлдэж, түүнийгээ практик амьдралд хэрэгжүүлэх боломж олдсонд нэн баяртай байсан болов уу гэж өнөө хэр надад бодогддог юм. Үнэхээр, тэр хээрийн сургуульд “Танк эсэргүүцэн сөнөөх тусгай дивизион тавигдсан үүргийг амжилттай биелүүлсэн” гэсэн үнэлэлт авч, ангийн захирагчид шинэхэн “Б-69” машин өгч байсан нь ангийн түүхэнд анхных болон тэмдэглэгдэн үлдсэн билээ. Ц.Амгалан захирагчийн нэг сайхан чанар нь нэг их сүржигнээд байдаггүй, ямар ч хүнийг дээр, дор гэж ялгаварладаггүй, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдынхаа төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй нэгэн байсныг тухайн үеийн Ардын армийн 136 дугаар ангид алба хааж, ажиллаж байсан хүн бүхэн хэлнэ дээ. Залуухан офицер бид ихэвчлэн гэр бүлгүй, хэд хэдээрээ нэг өрөөнд амьдрах. Миний хувьд курсын анд Д.Бум-Эрдэнэ, Ж.Батхүү нарын хамт олноо  “Муурын байшин” хэмээн алдаршсан хоёр давхар модон байшингийн ус, ОО-гүй голын өрөөнд амьдардаг байв. Ц.Амгалан захирагч маань орой, үдэш гэлтгүй, хааяа гэнэт ороод ирэх. Аав шиг минь халамж нөөлөгтэй захирагч маань биднийг хоёр жил залж, чиглүүлэхдээ 1982-1984 оны хээрийн буудлагаар ангиа анх удаа чиг шагайлтын буудлагаар “Онц” буудуулаад ар гэрийн гачигдлаар хотын ангид шилжсэн юм. Хожмоо, эрүүл мэндийн хувьд төдийлэн сайн биш байсан ч, хааяа манай сонины газраар монхойгоод л ороод ирэх ... Харамсалтай нь, захирагчийгаа тэнгэрийн орноо одсоныг хожуу мэдэж, миний хийж чадах ганц зүйл нь хэдэн мөр холбох л үлдэж гэдгийг ойлгосон. Ийнхүү бурхны оронд залраад нэгэн жилийг ардаа орхисон захирагчдаа үгийн зул чадан, ядан, өргөж сэтгэлийн эмзэглэлээ бага ч атугай нимгэлсэн нь энэ. Өгүүллийнхээ төгсгөлд Ц.Амгалан захирагчаа товчхон тодруулбал, 1948 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо мэндэлж, 1963-1966 онд БНПАУ-д дунд сургуульд суралцсан ховорхон намтартай хүн. Угаасаа цэргийн баярын өдөр төрсөн тэрээр, цэргийн хүн болох нигууртай байж, 1968-1971 онд ЗХУ-ын Солнечногорск хотод, маршал Б.М.Шапошниковын нэрэмжит Цэргийн сургуулийг цэргийн байр зүйн мэргэжлээр П.Даваачимбуу, С.Ганболд, Г.Хүрэлхуяг, Г.Уламнэмэх нарын хамт төгссөн ховорхон бөгөөд анхдагч мэргэжлийн эзэн байжээ. Ардын армийн 019 дүгээр ангид байр зүйн тусгай салааны захирагчаар томилогдож ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр, албаныхаа сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид байр зүйн албаны дарга, 195 дугаар (кадрын) ангийн захирагчаар ажиллаж байгаад 1991 онд цэргийн тэтгэвэрт гарсан юм. “Артиллерийн буудлагыг амжилттай явуулахад нөлөөлөх нэг хүчин зүйл бол өөрийн байгаа байрлалын солбилцлолыг маш нарийн зөв тодорхойлох, багажыг астрономийн болон нарийн чиглүүлэгч багаж ашиглаж чиглүүлгийг хийх нь чухал байдаг” гэсэн үг нь өнөөдөр ч их буучдын баримталбал зохих мөрдлөг болсоор байгааг тэмдэглэхэд таатай байна.

Дэд хурандаа Гомбын БААТАРНУМ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017