ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАХ АЛХАМ АМЖИЛТТАЙ БОЛСОН

2016 оны 02 сарын 01

Бэлтгэл хурандаа Б.Доржжүгдэр ахлагчтай ажлын хэсгийнхэн тэтгэврийн зөрүүг арилгах талаар 2012 оноос эхлэн уйгагүй хөөцөлдсөний үр дүн гарч цэргээс тэтгэвэрт гарсан цөөнгүй ахмадуудын тэтгэвэр 2016 оны 1 дүгээр сараас нэмэгдэж байна.  Энэ тухайд ажлын хэсгийн ахлагч, бэлтгэл хурандаа Б.Доржжүгдэрээс доорх ярилцлагын авлаа. 

.

Хэзээ тэтгэвэрт гарсан хүмүүст тэтгэврийн зөрүү гэсэн асуудал яригддаг вэ?

-1997 оноос 2010 оны 7 дугаар сарын 1-ний хооронд тэтгэвэрт гарсан хүмүүс хамгийн бага тэтгэвэртэй байлаа. Тэр үед тэтгэвэрт гарч байгаа хүмүүст тэтгэвэр нь өндөр юм шиг мөртлөө одоо гарч буй хүмүүстэй харьцуулахад их зөрүү гарсан. 2012 онд Цэргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа бидний тэтгэврийг шинэчлэн тогтоох УИХ-ын тогтоол гарсан. Тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди журам гаргахдаа 1997 оноос 2010 оны хооронд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг нэмэх асуудлыг орхигдуулсан нь зөрүү үүсэх нөхцөл болсон.

Шүүхээр нэлээд явж хөөцөлдсөн биз?

-2010 оны 6 дугаар сараас эхлээд Захиргааны хэргийн шүүх буюу Улаанбаатар хотын анхан шатны хэргийн шүүхэд Г.Мижигсүрэн бид хоёр хандсан. Цэргийн шүүх прокурорт ажиллаж байсан хуульч Г.Мижигсүрэнг манай цэргийнхэн сайн таних байх. Анхан шатны шүүх хурал  6 сарын дараа болж бид ялагдлаа. Давж заалдах шатны шүүхэнд хандсан чинь бидний талд шийдвэр гарчихлаа. Буцаад анхан шатны шүүхэд хандтал дахиад ялагдчихлаа. “Хууль цоорхойтой” гэдэг үнэн юм билээ. С.Эрдэнэ сайдын нэр дээр асуудлыг тавьсан. Тэрээр “Цөөхөн хүмүүс байсан бол та бүхний асуудлыг шийдэж болохоор юм. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харъяалалтай 500 гаруй хүний асуудлыг тавьсан болохоор хэцүү байна” гэсэн.

Асуудал шийдэгдэхгүй нь гэж шантрах үе байв уу?

-Хуулийн заалт байгаа болохоор үр дүнгүй ажил болно гэж огт бодоогүй. 2013 оны 9 дүгээр сард Сүхбаатарын талбайд  ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ТЕГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудад зар тарааж цуглуулсан. Асуудлыг тайван байдлаар шийдвэрлэх зорилготой. Нийт 300 гаруй ахмад цугларсан. Тэндээс ажлын хэсэг байгуулж БХЯ, Хууль зүйн яам, Сангийн яам, Шадар сайд, Ерөнхий сайд, цэргээс угшилтай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарт хандсан. Төрийн түшээд бидэнд туслаж тусгай өрөө хүртэл гаргаж өгсөн. Бид сар шахам Засгийн газар, Нийгмийн хамгааллын яамдын хооронд ажилласан. Ажлын хэсэгт 6 хүн багтаж би ахлаж байсан. 

Цэргийнхний тэтгэврийн зөрүүг арилгах тухай УИХ-аар хэлэлцэж байсныг санаж байна?

-Уг асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар 2 удаа оруулсан. Бидний хүчин чармайлтын үр дүн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-д шинэчилсэн 3 заалт оруулсан. Дээр дурдсан хугацаанд тэтгэвэрт гарсан  6800 хүн генерал, офицер, ахлагчийн асуудал хөндөгдөж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид асуудлыг тавьж түүний зөвлөх Болд, генерал Ч.Сосорбарам хоёртой уулзсан. Ерөнхийлөгч шийдэх ёстой асуудал байна гэж хэлсэн байна лээ. 

Хуулийн заалт хэзээ мөрдөгдөж эхлэхээр байлаа?

-2015 оны 7 дугаар сарын 1-нээс хуулийг мөрдөх заалттай УИХ-ын тогтоол З.Энхболд даргын гарын үсэгтэй гарсан. Цаг үеийн асуудал улс орны эдийн засагтай холбоотойгоор хуулийг хэрэгжүүлж чадаагүй явж ирсэн. Саяхан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ахмадууддаа эргэн хандаад одоо хуулийн хэрэгжилтийг 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдүүлэх асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэж ярилцсан.  2015 оны 6 дугаар сарын 21-нд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сайд С.Эрдэнэ хүлээж авч уулзахдаа “Хуулийн энэ заалт тодорхой хугацааны дараа хэрэгжинэ” гэж хэлсэн. Бид их тэвчээртэй хүлээсэн. Бусадтай адил жагсаал цуглаан хийгээгүй. 

Тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ хэзээнээс эхлэв?

-2016 оны 1 дүгээр сарын 4-нд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэний гарын үсэгтэй хуулийг хэрэгжүүлэх тухай тушаал, дагалдах журам гарсан.  Энэ баримт бичгийн дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газар тусгай журам боловсруулж харьяа хэлтсүүддээ өгснөөр хууль хэрэгжих нөхцөл бүрдсэн.

Хуулийн дагуу тэтгэвэр авагчдад ямар эрх үүсч байна?

-Хүссэн хүн бүр тэтгэврээ дахин нэг удаа дараалсан 5 жилээ  сонгож тогтоолгох эрхийг нээж өгсөн. Олон хүн баярлаж талархаж байна. Өөрөөрөө жишээ авахад би ангийн захирагч, бригадын орлогчоор ажиллаж байсан хүн 620.000 төгрөгийн тэтгэвэр авдаг байлаа. Одоо 825.000 төгрөг болж нэмэгдсэн. Түүнээс гадна тухай үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сайд С.Эрдэнэ нарын гарын үсэгтэй Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор 20 жилээс дээш ажилласан энгийн болоод цэргийн ямар ч хүний илүү ажилласан 1 жилийг 1,5 хувиар бодож тэтгэврийг нэмж тооцох заалт орсон. Би улсад 36 жил 4 сар ажилласан. 4 сарыг тооцдоггүй байсныг 0,125 хувиар сар бүрт нь нэмж тооцохоор болсон. Тэтгэвэрт гараад нийгмийн даатгалын шимтгэл төлж 10 жил ажилласан бол 195.000 төгрөгийг нэмж олгохоор заалт гарсан. Энэ заалт зөвхөн цэргийн тэтгэвэр авагчид хамаарна.

Олныг баярлуулсан шийдвэр гаргахад тусалсан хүмүүс цөөнгүй бий юу?

-Бодитой тусласан хүмүүс гэвэл дээр дурдсан УИХ-ын гишүүд байна. Шийдвэр гарахад манай сайд Ц.Цолмон нэлээд хүчилж өгсөн. Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа бүрэн дэмжиж, сайд руу дагуулж орж асуудлыг танилцуулсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат нар биднийг хүлээж авч дэмжлэг үзүүлж байлаа. Дээр нь надтай ажлын хэсэгт хамт ажилласан цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Цэрэндорж, Онцгой байдлын бэлтгэл хурандаа Н.Батсүх, Шүүхийн шийдвэрийн бэлтгэл хурандаа Д.Цээсэд, Хил хамгаалахын бэлтгэл хурандаа Н.Дамбадаржаа, ТЕГ-ын бэлтгэл хурандаа Г.Цэрэнпунцаг нарын хамтран зүтгэсэн нөхөддөө талархах учиртай. Мөн БЗД-ийн 16 дугаар хорооны ИНХ-ын дарга, бэлтгэл хурандаа Л.Сэдэдпүрэв 2012 оноос биднийг үйл ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлж байсан. БХЯ-ны Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа А.Баярмагнай ажлын хэсгийнхнийг нэгтгэж өгч их тусласан гэдгийг дурдах учиртай. Эцэст нь ахмадуудаа анхаарч зөв зүйтэй шийдвэр гаргасан төр засагтаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

Тэтгэврийн зөрүү бүрэн арилж чадсан уу? 

-Зөрүү бүрэн арилж байгаа юм биш. Хуулинд оруулсан өөрчлөлт том алхам болсон. Жил бүр итгэлцүүрийг шинээр гаргах ёстой гэсэн УИХ-ын тогтоол, Засгийн газрын журам бий. Засгийн газрын 2014 оны 14 дүгээр тогтоолд заасан итгэлцүүрээр саяын тэтгэврийг нэмэгдүүлсэн. Хэрэв 2016 онд улс орны эдийн засаг боломжтой байсан бол инфляцын түвшинтэй холбоотойгоор итгэлцүүр өсөх ёстой байв. Итгэлцүүр гэдэг бол тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор индексжүүлж буй эрхийн акт юм.  

Нийтийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэсэн Танд ахмадуудын өмнөөс талархал илэрхийлье.

Ярилцсан  хурандаа Г.НЯМДОРЖ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 815

Веб холбоос: 11

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016