ЦЭРГИЙН АЛБЫГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ГЭРЭЭГЭЭР ХААХ ЖУРАМ

2014 оны 01 сарын 29

Засгийн газрын 2008 оны 194 дүгээр

тогтоолын хавсралт

 

 

ЦЭРГИЙН АЛБЫГ САЙН ДУРЫН ҮНДСЭН

ДЭЭР ГЭРЭЭГЭЭР ХААХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1. Монгол Улсын иргэн иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаахад энэ журмыг дагаж мөрдөнө.

2. Цэргийн хугацаат албаны хугацаа нь дуусч байгаа байлдагч, түрүүч болон цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн жинхэнэ албан хаагч зөвшөөрөгдсөн мэргэжлээр сайн дурын үндсэн дээр цэргийн албыг гэрээгээр хааж болно.

3. Зэвсэгт хүчинд цэргийн албыг гэрээгээр хааж байгаа иргэн (цаашид “гэрээт цэргийн албан хаагч” гэнэ)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу цэргийн цол олгоно.

 

Хоёр. Иргэнийг гэрээт цэргийн албанд сонгон авах

 

4. Гэрээт цэргийн албан хаагчийн алба хаах албан тушаал, цолны зэрэглэл, мэргэжлийн жагсаалтыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, тооны дээд хязгаарыг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн эхний улиралд багтаан тогтооно.

5. Цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон Зэвсэгт хүчинд хэрэгцээтэй мэргэжлээр иргэний их, дээд сургууль төгссөн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж авч болно.

6. Гэрээт цэргийн албан хаагчаар сонгон шалгаруулах журмыг Зэвсэгт хүчний жанжин штаб тогтоож мөрдүүлнэ.

7. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Цэргийн штаб, алба хааж байгаа цэргийн анги, байгууллагын удирдлагад гэрээт цэргийн албанд сайн дураар элсэх тухай өргөдлөө гаргана.

8. Цэргийн штаб, цэргийн анги, байгууллагын удирдлага сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчийг батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтад оруулж, дүнг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабт тус тус хүргүүлнэ.

9. Шалгалтын дүн, боловсролын түвшин, мэргэжил, цэргийн алба хаасан байдал, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Цэргийн штаб, цэргийн анги байгууллагын захирагчийн санал, дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб иргэнийг гэрээт цэргийн алба хаалгах тухай шийдвэр гаргана.

10. Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулж авах хугацааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб тогтооно.

 

Гурав. Гэрээ байгуулах

 

11. Энэ журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу гэрээт цэргийн алба хаалгах шийдвэр гарсан иргэнтэй Зэвсэгт хүчний жанжин  штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын эрх бүхий албан тушаалтан “Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ”-г  байгуулна.

12. “Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ”-нд дараахь асуудлыг тусгана:

   а)  гэрээгээр цэргийн алба хаах хугацаа;

   б) гэрээний хугацаанд ажиллах анги, байгууллага, эрхлэх албан тушаал;

   в) цалин хөлс, нэмэгдлийн хэмжээ, түүнийг хадгалах;

        г) гэрээ байгуулагч талуудын эрх үүрэг;

        д) гэрээ байгуулагч талуудын хүлээх хариуцлага;

        е) гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа;

        ё) бусад асуудал.

13. Гэрээт цэргийн алба хаах анхны хугацаа 24 сар байна. Цаашид гэрээт цэргийн албан хаагчийн хүсэлт болон цэргийн анги байгууллагын захирагчийн санал, дүгнэлтийг үндэслэн гэрээг тухайн иргэнийг 31 нас хүртэл сунгаж болно.

14. “Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ”-г 2 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.

 

Дөрөв. Гэрээт цэргийн алба хаах

 

15. Гэрээт цэргийн албан хаагчийн цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчийн нэгэн адил холбогдох хууль тогтоомж, цэргийн дүрмүүдээр зохицуулна.

16. Гэрээт цэргийн алба хаагчийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулж болно.

17. Гэрээт цэргийн албан хаагч нь хугацаат албаны байлдагч, түрүүч нарын нэгэн адил цэргийн ангийн байнгын байрлалд байрлана.

18. Цэргийн ерөнхий бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл сургалтын үе, шатыг дуусгасан гэрээт цэргийн албан хаагчийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын шийдвэрээр цэргийн ангийн байнгын байрлалаас гадна байрлуулж болно.

19. Гэрээт цэргийн албан хаагч нь “Гэрээт цэргийн албан хаагчийн үнэмлэх”-тэй байна. Үнэмлэх нь тухайн гэрээт цэргийн албан хаагчийн алба хааж байгаа анги, салбарын дугаар, томилгоот албан тушаал, алба хаах хугацааны сунгалт болон бусад шаардлагатай мэдээллийг багтаасан байна.

 

Тав. Гэрээт цэргийн албан хаагчийн сургалт

 

20. Гэрээт цэргийн албан хаагчийг сургах цэргийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб  батлан гаргаж мөрдүүлнэ.

21. Гэрээт цэргийн албан хаагчийн сургалтыг гэрээгээр цэргийн алба хааж байгаа хугацаанаас нь хамаарч ялгавартайгаар зохион байгуулах ба сургалт явуулах үечлэлийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын сургалт хариуцсан нэгж тогтооно.

22. Цэргийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг тухайн анги, байгууллага цэргийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэх ба зарим мэргэжлээр нэгдсэн сургалт, дадлагыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб зохион байгуулж явуулна.

23. Гэрээт цэргийн албан хаагчийг цэргийн хэрэгт мэргэших, хос мэргэжил эзэмшихэд нь алба хааж байгаа анги, байгууллага бүх талын дэмжлэг үзүүлнэ.

24. Гэрээт цэргийн албан хаагч нь үндсэн сургалт бэлтгэлээс хөндийрөхгүйгээр үүрэг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, мэргэжил, боловсрол эзэмших зорилгоор оройн болон зайны сургалтад хамрагдаж болно.

 

Зургаа. Гэрээт цэргийн албан хаагчийг

         томилох, шилжүүлэх

 

25. “Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ”-г үндэслэн тухайн анги, байгууллагын захирагчийн тушаалаар гэрээт цэргийн алба хаагчийг байлдагч, түрүүчийн албан тушаалд томилно.

26. Гэрээт цэргийн албан хаагчийг орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, ажил, мэргэжлийн шаардлага, ар гэрийн гачигдлыг харгалзан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын шийдвэрээр өөр анги, байгууллагад шилжүүлэн томилж болно.

27. Цэрэг татлагаас бусад үед гэрээт цэргийн албан хаагч нь томилогдсон анги байгууллагадаа хүрэлцэн очих, түүнчлэн өөр анги байгууллагад шилжин томилогдох үед тээврийн зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр тооцож олгоно.

 

Долоо. Гэрээт цэргийн албан хаагчийн

цалин, бусад хангамж

 

28. Гэрээт цэргийн албан хаагчийн албан тушаалын цалинг Засгийн газрын тогтоосон цалингийн сүлжээг үндэслэн батлан хамгаалах болон хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

29. Гэрээт цэргийн албан хаагчийн мөнгөн орлого нь үндсэн цалин, цолны цалин, цэргийн мэргэжлийн зэргийн, онцгой нөхцөлийн болон бусад нэмэгдлээс бүрдэнэ.

30. Гэрээт цэргийн албан хаагч нь хувцас, хүнсний болон бусад хангалтыг тогтоосон нормын дагуу эдэлнэ.

31. Гэрээт цэргийн албан хаагчийн алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

32. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан цэргийн албан хаагч төрийн болон төрийн бус өмчийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид суралцсан тохиолдолд төрийн сангийн зээлд эхний ээлжинд хамрагдана.

 

33. Албан үүргээ үлгэр жишээчээр гүйцэтгэн гэрээний хугацаагаа дуусгаж байгаа гэрээт цэргийн албан хаагч цэргийн сургуульд суралцах хүсэлт гаргавал боловсрол, мэргэжил, мэдлэгийн түвшнийг нь харгалзан элсэлтийн шалгалтаас чөлөөлж болно.

 

Найм. Гэрээт цэргийн албан хаагчийн амралт, чөлөө

 

34. Гэрээт цэргийн албан хаагч нь анги, байгууллагын захирагчийн тушаалаар ар гэрийн гачигдлын учир 7 хүртэл хоногийн цалинтай, 14 хүртэл хоногийн цалингүй чөлөөг жилд нэг удаа ажлын өдрөөр тооцон олгох бөгөөд ээлжийн амралтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу биеэр эдлүүлнэ.

35. Гэрээт цэргийн албан хаагчийн ээлжийн амралтаараа орон нутагтаа ирж, очиход шаардагдах тээврийн зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр тооцож, түүний алба хааж байгаа анги, байгууллага 2 жилд нэг удаа олгоно.

36. Гэрээт цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг холбогдох хуулиар зохицуулна.

37. Гэрээт цэргийн албан хаагчийг баяр, амралтын өдрүүдэд ээлжийн журмаар чөлөөгөөр явуулах асуудлыг цэргийн дүрмээр зохицуулна.

 

Ес. Гэрээ цуцлах, цэргийн жинхэнэ албанаас халах

 

38. Гэрээт цэргийн албан хаагчтай байгуулсан гэрээг дараахь тохиолдолд цуцална:

   а) гэрээт цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

   б) гэрээний хугацаа дуусч, халагдах өргөдлөө гаргасан;

   в) дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон;

   г) ар гэрийн гачигдлын улмаас гэрээгээ цуцлахаар хүсэлтээ гаргасан;

   д) шүүхээр ял шийтгүүлсэн;

   е) хүндэтгэх шалтгаангүйгээр анги, байраа орхин явсан;

   ж) амралт, чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;

   з) мэргэжил, ур чадвар, сахилга хариуцлагын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цэргийн дүрмийн болон сахилгын зөрчил удаа дараа гаргасныг нь тухайн анги, байгууллагын захирагч нар тодорхойлон гэрээгээ цуцлах санал тавьсан;

  и) орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр мэргэжлийн дагуу өөр анги, байгууллагад шилжин ажиллах боломжгүйгээ тухайн албан хаагч бичгээр мэдэгдсэн.

39. Гэрээт цэргийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд олгох тэтгэвэр, тэтгэмжийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна.

40. Гэрээт цэргийн албан хаагчтай байгуулсан гэрээг энэ журмын 39 дүгээр зүйлд заасны дагуу цуцалбал уг албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр хална.

41. Гэрээт цэргийн албан хаагч гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээгээ цуцлах хүсэлт гаргавал материалын зардлаа гэрээний дагуу төлсний дараа халах асуудлыг шийдвэрлэнэ.

42. Халагдаж байгаа гэрээт цэргийн албан хаагчтай байгуулсан гэрээг дүгнэн, холбогдох тооцоог хийсний дараа нийгмийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг олгоно.

 

Арав. Гэрээт цэргийн албан хаагчийн хүлээх хариуцлага

 

43. Гэрээт цэргийн албан хаагч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчийн нэгэн адил сахилгын шийтгэл, хуулийн хариуцлага хүлээнэ.

44. Энэ журмын 39 дүгээр зүйлийн “д, е, ж, з”-д заасан шалтгаанаар гэрээгээ цуцалж байгаа гэрээт цэргийн албан хаагч гэрээнд заасны дагуу материалын зардлаа төлнө. 

45. Энэ журмын 40 дүгээр зүйлд заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнийг эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны болон хүнсний зардлыг төлөхөөс чөлөөлнө.

 

Арван нэг. Бусад асуудал

 

46. Гэрээт цэргийн алба хаасан байлдагч, түрүүчийг өөрийнх нь хүсэлт, цэргийн анги, байгууллагын захирагчийн саналыг үндэслэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ахлагчийн албанд элсүүлж болно.

47. Гэрээний хугацаа дуусч байгаа гэрээт цэргийн албан хаагч цаашид иргэний их, дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлт гаргавал, түүнд шалгалтын бэлтгэлийг хангахад нь алба хааж буй анги, байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.

48. Гэрээт цэргийн албан хаагч болон түүний алба хааж байгаа анги, байгууллагын хооронд гарсан маргааныг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар,  Дотоодын цэргийн штаб  тус тусын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ. Шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд гомдлоо шүүхээр шийдвэрлүүлж болно.  


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017