УРЛАГААСАА УРВААГҮЙ ХУРАНДАА БУЮУ “ЦАГААН ГАНАА

2016 оны 04 сарын 07

Хурандаа Ёоторын Гантөмөрийг мэргэжлийн жүжигчин, найруулагч гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй л болов уу. Монголын уран сайхны болоод Улсын драмын театрын алтан тайз, телевизийн дэлгэцнээ олон сайхан дүр бүтээснийг нь ч анзаардаггүй бололтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагад амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн болохоор “Цэргийн хүн” гэдэг өнцгөөс нь л хараад байдаг бололтой. Сэтгүүлч миний хувьд эгэл даруухан энэ эрхэм хүн, нэртэй жүжигчний бүтээсэн олон арван дүрийг нь хүндэтгэн биширдэг учраас, хэзээ нэгэн цагт уулзаж, сайхан хөрөг ярилцлага хийнэ дээ гэж боддог байсан юм. Энэхүү бодлоо гүйцэлдүүлэн, хэдхэн хоногийн өмнө нэртэй жүжигчин, хурандаатай уулзаж илэн далангүй хөөрөлдсөн бичвэрээ уншигч олондоо дэлгэж байна. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч бэлтгэлд байгаа хурандаа, Ё.Гантөмөрийн ажил, амьдралын туулсан замналыг уншиж мэдсэн Та бараг л уулга алдах байх даа!

Энэ хорвоогийн хүмүүн төрөлхтөн уугуул нутаг усаа ямагт зүрхэндээ дээдэлж явдаг болохоор таны унасан нутаг, угаасан уснаас тань хөөрөлдөөнийхөө шанг татах уу?

-Тэгэлгүй яахав. Хүний төрж, өссөн газар нутаг гэдэг чинь хэзээ ч зүрх сэтгэлээс гардаггүй, ялангуяа, нас ахих тусам сэтгэл зүрхийг бүр ч илүү эзэмддэг юм байна. Ах нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1948 оны 5 дугаар сарын 1 буюу, хуучнаар олон улсын хөдөлмөрчдийн их баяр “Майн нэгэн”-ий өдөр төрсөн хүн шүү дээ. 1967 онд 10 дугаар ангиа төгсгөөд тухайн үеийн УБДС-ийн Кино драмын ангид элсэн суралцсан юм.

Эндээс л та бид хоёрын яриа цааш өрнөнө дөө?

-Би багаасаа л урлаг, уран сайханд сонирхолтой хүүхэд байлаа. Сургуулийнхаа дугуйланд суралцаж, жүжигт тоглодог тийм нэг нөхрийг кино драмын анги тоож авсан даа. Монголын нэртэй жүжигчин, олон сайхан кинонд дүрээ мөнхөлсөн, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров гэдэг хүний хараанд өртөж, хожмоо Монгол Улсын гавьяат жүжигчин болсон Б.Тунгалаг, Элчин сайдаар олон жил гадаад оронд суусан Ж.Ломбо нарын хамт нийслэл хотноо хөл тавьж байсан маань саяхан мэт санагдавч бараг хагас зуун жил улиран оджээ. Бас манай ангид Д.Алтангэрэл гэж мундаг жүжигчин байсан юм. Тэр маань 7 дугаар ангиа төгсгөөд гараад явчихсан. Үзэгчид андахгүй дээ. “Гоогоо”, “Молиго Очир” зэрэг олон сайхан дүрээ дэлгэцэнд үлдээсэн. 1971 онд сургуулиа найруулагч, жүжигчний мэргэжлээр дүүргээд Улсын драмын театрт, эдүгээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр, гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Цэцэгбалжид нарын хамт томилогдон очсон нь миний амьдралын насан туршийн бахархал болж үлдсэн юм.

Тэр үед Драмын театрын босгыг алхана гэдэг тийм ч амар даваа биш байсан биз?

-Яриад юу хэлэхэв. Миний дипломын ажлын жүжиг, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Галсанжавын найруулсан Б.Брехтийн “Эхийн сэтгэл” жүжгийн Симон Хахава байсан юм. Энэ алдартай жүжигт Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Мэндбаяр нарын хамт тоглож, дипломоо “Онц” хамгаалахад Соёлын яамныхан “Хоёр дахь Гантөмөр театрт ирлээ” гэж ярьцгааж байсан юм даа. Энэ л үеэс “Театрын Цагаан Ганаа” гэдэг нэртэй болсон. Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай бид хоёрыг ялгаж байгаа нь тэр.

Дэлгэцийн анхны дүр чинь юу билээ?

-Оюутан байхдаа “Агуйн нууц” кинонд Ж.Ломбын хамт тоглосон нь дэлгэцийн анхны дүр байв. Энэ кинонд мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Доржийн дүрд хорьхон настайдаа тоглосон юм. Дараагийн кино нь “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”. Ардын хувьсгалын 50 жилийн ой тохиож, бид ч сургуулиа төгсгөх гэж зав чөлөөгүй их ажилтай байлаа. Ямартаа л Москвагаас онгоцоор ирж шалгалтаа өгчихөөд буцаж байхав дээ. Энэ киноны эрдэмтэн Төрхүүгийн дүрээр хүмүүс намайг мэддэг юм билээ. Энэ дүрдээ ч  хайртай. Мөн “Саруул талын ерөөл” киноны зохиолч С.Буяннэмэх, “Хэцүү ван Тогтохтөр” киноны хурц вангийн дүр гээд тоочоод байвал басчиг муу ч үгүй ээ. Дашрамд хэлэхэд, юм гэдэг сонин шүү. Гавьяат жүжигчин Б.Тунгалаг бид хоёр хар багаасаа нэг ангид хамт байж, бас театрын босгыг хамт алхаж байсан юм. Гэтэл “Хэцүү ван Тогтохтөр” кинонд Б.Тунгалагийн охин миний гүнжийн дүрд тоглож таардаг юм даа.

Театрын босгыг алхаад анх ямар жүжигт тоглож байв?

-“Отелло” жүжгийн цэргийн дүр байсан юм. Үнэндээ юу хэлж байгаагаа ч сайн ойлгохгүй, бараг ухаан алдчихсан байсан даа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн багш маань “Гантөмөрөө, чи юу хийчихээд ирэв ээ” гэж хэлж байсан юм. Миний багш үнэхээр агуу хүн шүү. Намайг зэмлэж байгаа нь тэр. Дараа нь Ш.Цэрэнгийн “Тангараг” жүжгийн баяны зарц, С.Удвалын “Цэрэн хаачив”-ын цэрэг, Д.Намдагийн “Оролмаа”-гийн Сандагдорж, М.Горькийн “Егорь Булочовынхан”-ы Башкан, К.Гольдены “Хоёр эзний нэг зарцын Силова, В.Вешневскийн “Үхэвч үнэн ялна” жүжгийн хөтлөгч, У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Гариоцоги зэрэг 40 гаруй жүжгийн гол болон туслах дүр, мөн 30 гаруй уран сайхны кино, телевиз, радиогийн 20 шахам бүтээлд оролцсон тоон үзүүлэлт байдаг.

Тоглосон зарим киноныхоо нэр, дүрээс тодруулаач?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Сумхүү найруулагчийн “Сахиул уу, сахиус уу?” киноны Данжаад, мөн найруулагчийн “Хань” киноны архитектор Дорж, Ц.Цэнддоржийн “Аминд хүрсэн олз”-ын Босс, Ш.Цэцэгийн “Еэ, еэ шар будаа” киноны Шарав, Ж.Солонгын “Хааны сүүлчийн хатан”-ы НАХЯ-ны төлөөлөгч, Ж.Сэнгэдоржийн “Бодлын хулгайч”-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гээд л зогсчихьё доо.

Та сүүлийн үед ямар кинонд тоглов?

-Ж.Батмөнх даргын тухай “Бүү март” кинонд Улс төрийн товчооны гишүүн Б.Ламжавын дүрд тоглосон. Хамгийн сүүлчийнх гэвэл “ТВ-9” телевизийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Т.Баасансүрэнгийн зохиолоор мөн телевизийн найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Соёлтын найруулсан “Сумын эмч” гэдэг олон ангит кинонд аймгийн прокурорын дүрд тоглолоо.

Тантай хамт мөн нэртэй найруулагчид төгссөн байх аа?

-Тийм ээ. “Улаанбаатар телевизийн” гэж овоглогдсон найруулагч С.Болд, зураач, найруулагч Ц.Жандал нар байна. Манай ангид дэндүү мундаг, эгэлгүй авьяастай хүн нь Ц.Жандал байсан юм даа. Би найзынхаа найруулсан, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Норовын  “Өгөө аваа” хоёр ангит телевизийн жүжгийн сумын намын үүрийн даргын дүрд тоглож байлаа.

Жүжигчин хүнд тийм нэг дүрд тоглох юмсан гэсэн бодол зайлшгүй байдаг. Таны хувьд ...?

-Нэг сайхан лам хүний дүрд тоглох юмсан гэсэн бодол байсан. Энэ мөрөөдөл маань биелж “Цагаан дарь эх” кинонд Шанзав ламын дүрд тоглосон. Уг нь 2013 оноос зураг авалт нь хийгдсэн юм. Санхүүжилт нь л болохгүй байгаа бололтой. Энэ кинонд тоглож байхад гуяны артерын судас бөглөрч, эмч хориглосоор байхад нь оргон босон байж тоглосон доо. Үнэндээ их ч ядарсан. Гэхдээ дуртай, зорьсон юм гэдэг бүхнийг ялдгийг ойлгосон.

Ийм нэр хүндтэй жүжигчин хүн яагаад урлагийн алтан тайзаа орхих болсныг асуухгүй өнгөрч боломгүй?

-“Идэр залуу насандаа ажаа нь үгүй явлаа даа...” гэдэг шиг, шударга хүний хүү аливаа дутагдлыг хараад дуугүй өнгөрч чаддаггүй юм билээ. “Театр гэдэг чинь ариун сүм” гэж багш нар маань хэлдэг байсан. Гэтэл энд үнэн юм алга. Хэн нь гавшгайч, хэн нь гавьяат болохов” гэдгээ мэддэг болчихож гэж хэлснээс болж хамаг юм буруугаар эргэсэн дээ. Дарга, даамлууд ч хавчиж эхэлсэн. Энэ зовлонгоо хэнтэйгээ хуваалцах билээ. Ханьдаа л хэлсэн. Миний хань ухаантай аавын охин болохоор “Чи хоёрын хоёр хавтастай байж” гэж зоригжуулсан. Үнэндээ хоёр дээд сургууль дүүргэсэн дипломтой хүн тэр үеийн театрт надаас өөр байгаагүй. Ингэж л цэргийн хүн болох зам маань шуударсан хэрэг. Амгалангийн хорих ангид 9 сар энгийнээр ажиллуулсны дараа шууд ахлах дэслэгч цол олгосон. 14 жил хөлс, хүчээ зориулсан театрынхаа хаалгыг гунигтайхан хаагаад 1984 оноос хорих 421 дүгээр анги, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги, Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагад улс төрийн ажилтан, дэд дарга, даргын албан тушаалд ажиллаж, мөрдэст болгоны мөрөөдөл болсон “хурандаа”  цолыг нь хүртсэндээ өнөө хэр баяртай байдаг юм. 2007 оноос “Чөлөөт уран бүтээлч” гэдэг даруухан нэр зүүж явна даа.

Мэдээж театр хэмээх ариун сүмээ орхиход хүнд байсан нь ойлгомжтой билээ?

-“Амьдын там” гэж үнэхээр байдаг бол яг надад тохиосон. Би одоо ч театраа, тоглосон дүрүүдээ, Г.Гомбосүрэн багшийгаа зүүдэлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд орчихсон байхдаа ч өөрийн мэдэлгүй ажилдаа явж байна гээд Драмын театр руугаа алхчихдаг байсан.

Та ханиа “Ухаантай аавын охин” гэсэн. Нууц биш бол ...?

-Юу нь нууц байх билээ. Миний ханийн аавыг бараг улс даяар, тэр дундаа цэргийнхэн бол андахгүй дээ. Ариун цагаан хөдөлмөрөөрөө алдар хүндийн оргилд хүрсэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин, хурандаа Д.Бямбаа гэж хүн байсан.

Танай удамд гурван хурандаа төржээ дээ?

-Тийм шүү. Миний аав С.Ёотор Архангай аймгийн хэлтсийн ажилтан, мөн л цэргийн хүн байсан даа. Ер нь бид эцэг, эхээс тавуулаа. Нэг ах маань түүх, газарзүйн багш болохоос хоёр дахь ах Ё.Гансүх дэд хурандаа цолтой, армийн анги, салбарт ар талын ажил олон жил хийсэн. Хоёр дүү Ё.Дашдэлгэр, Ё.Долгор нар ахлагч цолтой. Мөн хадам аав, би өөрөө, миний хүү Г.Эрдэнэбаатар мөн цагдаагийн хурандаа цолтой. Одоо Завхан аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байна. Ер нь манайхныг удмаараа цэргийн хүмүүс гэж хэлж болно. Миний хань Б.Эрдэнэчимэг бэлтгэл ахлагч, дүү Б.Цэцэгбал, Б.Эрдэнэцэцэг нар нь бэлтгэл ахмад, хүү Б.Эрдэнэбат нь бэлтгэл ахлах дэслэгч цолтой болохоор удмаараа цэргийн хүмүүс гэж хэлж болно биз дээ. Хурандаа гэдэг чинь олон улсын цол. Армийн жагсаалд арав ч хонож үзээгүй, өөрөөр хэлбэл, цэрэг байж үзээгүй атлаа бага, дунд ахлах тушаалын офицер болж, бүр хурандаа мөрдэс зүүсэндээ хязгааргүй ихээр баярладаг. Энэ цол миний ганц баяр баясгалан, үүгээрээ бүхнээ цагаатгаж явдаг даа.

Та цэргийн хүний завгүй их ажлын хажуугаар олон кинонд тоглож амжжээ. Ажил, албаа хэрхэн зохицуулдаг байв?

-Би хорих байгууллагад хорь гаруй жил ажиллахдаа ажлаа ер цалгардуулж байгаагүй ээ. Дийлэнхдээ амралт, чөлөөт цагтай байхдаа л урьсан кино, жүжигт тоглосон байдаг юм.

“Говь, Хянганд тулалдсан нь” кинонд таныг Мао Цедуны дүрд тоглуулахаар бэлтгэж байсан гэж сонссон. Яагаад тоглоогүй юм бэ?

-Тэр киноны зохиолд Мао Цедуны дүр үнэхээр байсан, намайг тоглуулна гэсэн яриа ч үнэний хувьтай. Харин Ю.Цэдэнбал дарга Улс төрийн асуудал хүнд байхад гээд болиулсан гэдэг. Хэдийгээр энэ дүрд тоглох хувь дутсан ч “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кинонд хуучнаар ЗХУ-ын “Мосфильм” студийн жүжигчидтэй мөр зэрэгцэн тоглож, эрдэмтэн Төрхүүгийн дүрээр Монгол-Зөвлөлтийн найрамдлын ган бат цусан барилдалгааг биеэрээ харуулж, Халхын голын байлдаанд эх орныхоо төлөө амь эрсдсэн эр цэргийн дүр бүтээснээрээ ямагт бахархаж явдаг юм.

Таны байгуулсан хамтлагууд нэг хэсэг ард түмний дунд нэр хүндтэй байсныг тод санаж байна ...?

-Урлагийн хүний хувьд хорих ангиудад “Ухаарлын уянга”, “Зулзаган Хөхөө” хамтлаг байгуулж, хоригдол хүмүүсийг нийгэмшүүлж явсандаа сэтгэл хангалуун байдаг. Нийслэл хот болоод хөдөө орон нутагт ч манай хамтлаг очиж тоглосон. Бас хоригдол хүмүүсийг хөдөлмөрийн хамт олны дунд оруулах санаачилга гаргаж, анхны зам мөрийг Буянгийн Жагаагийн компаниас эхлүүлж байв. Хэн, хэндээ үр өгөөжтэй ажил байсныг өдгөө тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Цэргийн нөхөрлөл хэзээ ч мартагддаггүй шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Урлагийн олон арван найз, нөхдөөс гадна хошууч  генерал  Ж.Содном, бригадын генерал Д.Батжаргал, хурандаа Н.Даваахүү, О.Дамбасүрэн, Р.Оюунбадам, Д.Цээсэд, Ж.Чойндон, М.Цэрэнлхагва нарын олон сайхан дарга, захирагч нарынхаа нэрийг дурсахад сайхан байна. Надад ажил, мэргэжлийн асар их нөлөө үзүүлж байсан хүмүүс дээ. Өөр ч олон улс бий. Аль бүрийг хэлж барах билээ. Нэр дурдсангүй гээд гомдчихгүй байгаа даа.

СЭТГҮҮЛЧИЙН ЗУРВАС: Уншигч абугай та Ёоторын Гантөмөр гэдэг хурандаагийн талаар бага ч болов төсөөлөлтэй болсон байх. Үг дуу цөөтэй  тэрээр соёл урлагийн төлөө хуулийн байгууллагын хүнд хөдөлмөрийнхөө хажуугаар  кино дэлгэц, драм, телевиз, радиогийн олон арван бүтээлд орос, хятад, манж хүн болон эрдэмтэн, ван, гүн, эмч, лам, данжаад, офицер, цэрэг, зохиолч, шоронгийн дарга, архитекторч зэрэг нийгмийн давхарга бүрийн төлөөлөл болсон сонирхолтой олон содон дүрийг сэтгэлд хоногштол чадварлаг бүтээсэн авьяаслаг жүжигчин билээ.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дэд хурандаа Гомбын БААТАРНУМ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017