“АРДЫН УНШИХ БИЧИГ” ДЭХ Н.ЯНЖМААГИЙН НАМТАР

2016 оны 04 сарын 07

1940-1950 оны үед нам, төрийн удирдагчдын тоонд зүй ёсоор багтаж, МАХН-ын Улс төрийн товчооны гишүүнээр удтал сонгогдож байсан Н.Янжмаагийн намтар болон улс төрийн үйл ажиллагаа нь төдийлөн дэлгэрэнгүй бичигдэлгүйгээр бүдгэрсэн байдаг. Түүхийн нэгээхэн хугацаанд улс орны удирдлагын түвшинд хамгийн өндөр алба хашсан цорын ганц эмэгтэй гэж болох Н.Янжмаагийн намтартай холбоотой нэгэн нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна.

“Ардын унших бичиг” гарсан тухай ба түүнийг буруутгасан нь

            Утга зохиолч шүүмжлэгч Г.Жамсранжав 1948 онд бичсэн “Ардын унших бичиг” хэмээх бүтээл тухай үедээ олон түмний сонирхол, талархлыг нэгэн зэрэг хүлээсэн хэмээн үнэлэгдэж байсан бөгөөд өдгөө нэгэнт олдохуйяа бэрх болжээ. Гэвч түүнийг эл зохиолыг нийтлүүлсний учир буруутгажээ. Энэ тухай зохиолч “Миний хувь тавилан” хэмээх дуртгалдаа… Ю.Цэдэнбал “Ардын унших бичиг”-т нөхөр Г.Бумцэнд, Н.Янжмаа, Ю.Цэдэнбал нарын намтрыг зусардан бялдуучлах амьсгалаар бичсэн байна. Ийм этгээдийг намын эгнээнд байлгаж болохгүй. Түүнийг намаас хөөж ажлаас нь зайлуулах хэрэгтэй…” гэж дурдсанаас буруутгагдсан нь илт харагдаж байна. Мөн дээрхийг давхар баталсан нэгэн жишээ байгаа нь “…Н.Янжмаа гуай есөн цагийн турш доошоо хараад, дуугүй л сууж байсансан. Маргааш нь сонсоход миний дараагаар жолоодогчийн суурь булаацалдсан гэж шөнөжин бөмбөгдүүлээд бүх албан тушаалаасаа ховх цохиулсан байж билээ. Үүнийг сонсоод Ю.Цэдэнбал сайндаа биш “Ардын унших бичиг”-т Н.Янжмаагийн товч намтрыг оруулсанд минь эгдүүцэн “ичгүүргүй зусар бялдууч амьсгалаар Н.Янжмаагийн намтрыг бичлээ гэхийн оронд өөрийгөө магтаалд дургүй хүний дүрд тоглосон юм биш байгаа гэж бодож билээ” хэмээн дурдсанаас харж болмоор байна.

 “Ардын унших бичиг” дэх Янжмаагийн намтар хийгээд харьцуулалт

            Г.Жамсранжавын уг бүтээл нь 210 нүүртэй түүний 190-д нь байгалийн хүчин зүйлүүдийн тухай, цаг уурын байдлыг ажиглаж ирсэн малчдын ажиглалт, таван хошуу малын маллагаа, наран саран мандах шингэх, хиртэх зэргийг өгүүлсэн. Харин үлдсэн хэсэгт нь Чингис хаан хийгээд ЗХУ-ын удирдагчид болон Монголын улс төрийн удирдагчид болох Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал, Н.Янжмаа нарын намтрыг багтаасан байдаг.

            “Ардын унших бичиг”-т “…Нөхөр Н.Янжмаа манай их удирдагч Д.Сүхбаатарын хамт Ардын хувьсгалыг явуулахын тулд тэмцсэн тэмцэл нь нөхөр Д.Сүхбаатарын байгуулсан хувьсгалын анхны бүлгэмийн ажилд оролцож ажилласан 1919 оноос эхэлнэ...

            “…Ялангуяа Хиагтыг эзлэх байлдаанд биеэр оролцсон ба Нийслэл хүрээг эзлэх үед ар талаас сум хэрэгсэл залгуулж, байлдааны үүргийг биелүүлж байлаа. Ийм дээрээс нөхөр Н.Янжмаа бол Монголын хувьсгалын анхны зохион байгуулагч, ард түмний их удирдагч нөхөр Д.Сүхбаатарын хамгийн дотны хань байсан ба Сүхбаатарын хувьсгалт үйл хэргийг нэртэй сайхнаар үргэлжлүүлэгч манай ард түмний төрөлхийн хайрт удирдагч хүн мөн юм. Манай намын түүхийн замд тохиолдсон баруун зүүний урсгалууд ба эх орноосоо урван тэрслэж аюул занал учруулагсадтай нөхөр Янжмаа эвлэршгүй тэмцэх намын жанжин шугамыг хамгаалж тэдгээр дайснуудыг устгалцсан түүхтэй юм…

            “…Тэрээр Намын Төв Комиссын гишүүн ба Төв Хороонд эмэгтэйчүүдийн хэлтэст тасгийн дарга, тэрчлэн аймаг хотын намын хорооны тэргүүлэгч гишүүн, эвлэл, үйлдвэрчний, батлан хамгаалах, хоршоо, ардын эрүүлийг хамгаалах, улсын уран сайхны зэрэг байгууллагуудад удаа дараа сонгууль ба томилолтоор удирдах хариуцлагатай ажлыг тасралтгүй хийж иржээ. Тэрчлэн нөхөр Янжмаа Коминтерний Дорнод хэлтсийн заавраар Монголын Үйлдвэрчний эвлэлийг анх байгуулжээ. Нөхөр Янжмаа 1927 онд Москвад Дорно дахиныг судлах дээд сургуульд (КУТВ) суралцан төгсөж иржээ…

            “…Нөхөр Янжмаагийн энгэр дээр “Улаан тугийн”, “Хөдөлмөрийн гавьяаны” одонгоор хоёр удаа, “Сүхбаатарын одон” ба “Алтан гадас” түүнчлэн …ЗХУ-ын Засгийн газраас шагнагдсан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” түүний дунд гялалзана.

            “…Монголын ард түмний төрөлхийн хайрт удирдагч, хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн анхны зохион байгуулагч, бидний хайрт эжий, нөхөр Янжмаа манай сайхан эх орны мандалт бадралтад улам их амжилтыг гаргаж урт удаан наслахыг чин сэтгэлээсээ хүсэж ерөөнө” гэх мэтчилэн намтрыг бичихдээ түүнийг удирдагчийн байдлаар өөд татаж, Х.Чойбалсантай эн тэнцүү тавцанд бичснийг “АРДЫН УНШИХ БИЧИГ”-т өгүүлсэн байдлаас харж болмоор санагдана. Х.Чойбалсанг уг бүтээлийн намтарт бичихдээ “…Бидний хайрт удирдагч, эцэг маршал Х.Чойбалсан бол 1895 оны 2 дугаар сарын 8-ны өдөр, Цэцэнхан аймгийн Ачитвангийн хошуу (одоогийн Чойбалсан аймаг, Чойбалсан сум)-ын ард Хорлоогийн гэрт төржээ. “…Нөхөр Х.Чойбалсанг манай ард түмэн хайрт багш минь, эрхэм эцэг минь, их удирдагч минь гэж хүндэтгэнэ…” гэх өнгө аясаар бичсэн бол харин Н.Янжмааг “…Монголын ард түмний төрөлхийн хайрт удирдагч, хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн анхны зохион байгуулагч, бидний хайрт эжий, нөхөр Н.Янжмаа манай сайхан эх орны мандалт бадралтад улам их амжилтыг гаргаж урт удаан наслахыг чин сэтгэлээсээ хүсэж ерөөнө” гэх аясаар бичсэнийг жишвэл ард түмний түшиг болсон хайрт эцэг нь Х.Чойбалсан, харин хайрт эжий нь Н.Янжмаа болох нь шууд логикоос харагдана. Харин уг бүтээлд Ю.Цэдэнбалын намтрыг өгүүлэхдээ “Бидний залуу удирдагч нөхөр Цэдэнбал бол Увс аймгийн Давст сумын 4 дүгээр багийн ард Юмчийн хөвгүүн болон 1916 онд төржээ. “…Нөхөр Цэдэнбал бол маршал Чойбалсангийн дотно нөхөр, манай намын нэрт зүтгэлтний нэг нь мөн… гэж бичсэн нь дээрх логикийг улам ч бататгаж байна.

            1940 оны сүүлчээр Монгол оронд “нэг хүнийг тахин шүтэх” явдал хүчээ авч байсан бөгөөд түүнийг эсэргүүцсэн, урьдчилан сануулах явдал гарсаар байсан. Үүний нэг илрэл нь Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаагаас 1949 оны 2 сард Намын Төв Хорооны Улс төрийн товчоонд бичсэн өргөдлөөс харж болно. Түүнд: Манайд өвчин зовлон, халагдал, солигдол, зэрэгцэж ирдэг нь ердийн хэрэг шахам болж байсан цаг буй бөгөөд гэтэл одоо бас дахин ийм байдалд ороод байна. Би үүнийг бичих ёсгүй байсан юм. Гэтэл цаашдаа энэ оролдлого үргэлжилж магадгүй тул би тэсвэрлэж дуугүй байхын аргагүйд бичив. Бие биеэ битүү далдуур хялайн үзэж, дутагдлыг хэлж өгдөггүй улам гүнзгийрүүлэн цааш нь түлхэхийг оролддог энэ зан бол жинхэнэ учраа мэдсэн хувьсгалч, намч ёс биш ээ гэжээ. Энэхүү өргөдөл нь үнэн хэрэг дээрээ Х.Чойбалсангийн үйл ажиллагааг зоригтой илчилсэн шүүмжлэл байв. Үүнээс болж Н.Янжмааг буруутгах явдал гаарсан төдийгүй, түүнийг тандан мөшгих явдал гарч байлаа. Үүний дараагаар Н.Янжмаад нэгэн томоохон бэрхшээл тулгарсан нь 1949 онд түүний улс төрийн карьерт хүчтэй цохилт ирсэн үйл явдал юм. Энэ нь “Ардын унших бичиг”-т нам засгийн удирдагчдын намтар нийтлэгдэхэд Н.Янжмаагийн намтрыг үнэн бус, улс төрийн талаар алдаатай хэмээн архивын баримтаар шалган тогтоох асуудал үүссэн байна. Үүнээс үүдэн түүнийг өөрийнхөө намтрыг зохиомлоор бичүүлэн дөвийлгөж, төрийн жолоодогчийн эрх мэдлийг булаацалдан өөрийгөө дэндүү өндөрт өргөж, монголын эмэгтэйчүүдийн удирдагч гэж итгэн, өөрийнхөө хийгээгүй зүйлээ өөрийн гавьяа болгон бичүүлсэн хэмээн зэмлэн буруутгасан. Үүний нэгэн жишээ нь 1949 оны 6 дугаар сард Х.Чойбалсан МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүдэд “Манай их удирдагч Н.Янжмаагийн 25 жилийн хувьсгалт бүтээл” /1946/ хэмээн товхимолын талаар дэлгэрэнгүй захидал бичсэн байна. 1949 оны 6 дугаар сарын 13-нд МАХН-ын Улс төрийн Товчооны хуралд дээрх захидлыг хэлэлцээд “МАХН-ын Улс төрийн Товчооны шийдвэр нөхөр Х.Чойбалсангийн дүгнэлтүүдтэй нийцэж, тэдгээрийг зөвшөөрнө” хэмээжээ. Ийнхүү тус хурлаас “Нөхөр Н.Янжмаагийн тухай” гэдэг тогтоол гаргаж, уг тогтоолд Маршал Х.Чойбалсангийн захидалд Н.Янжмаагийн талаар тусгасан зүйлийг тэр чигээр нь оруулсан байна.

            Энэ тогтоолын агуулгыг сийрүүлвээс.

            Жолоодогчийн байр суурийг эрмэлзсэн, манай намд үл тохирох амьсгалаар халдварлаж өөрийгөө элдэв зусарч бялдууч нараар тойруулан МАХН-ын Улс төрийн Товчооны гишүүн байгаа эрхэм явдлыг ашигласан.

            -Өөрийнхөө нэр биеийг ихээхэн сонирхож, хийгээгүй зүйлийг өөрийн гавьяа болгон түүхт баримтуудыг буруутган гуйвуулах замд хандсан байна.

            -Нөхөр Н.Янжмаагийн намтарт түүхт баримтуудыг гуйвуулсан явдал байна гэдгийг нөхөр Х.Чойбалсангаас өөрт нь сануулсан атал нөхөр Н.Янжмаа тэрхүү сануулгыг намын ёсоор үнэнчээр хүлээн аваагүй тухай тогтоолд дурдаад түүнийг Улс төрийн товчооны гишүүнээс огцруулж Монголын эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаас халжээ.          

Дүгнэлт

            Эцэст нь Н.Янжмаагийн намтрыг архивын баримтаар шалган тогтооход Г.Жамсранжавын ардын унших бичиг хэмээх номын “Бидний хайрт удирдагчид” бүлгийн Н.Янжмаагийн намтарт буй ...Ялангуяа Хиагтыг эзлэх байлдаанд биеэр оролцсон ба Нийслэл Хүрээг эзлэх үед ар талаас сум хэрэгсэл залгуулж, байлдааны үүргийг биелүүлж байлаа. Ийм дээрээс нөхөр Н.Янжмаа бол Монголын хувьсгалын анхны зохион байгуулагч, ард түмний их удирдагч нөхөр Д.Сүхбаатарын хамгийн дотны хань байсан ба Д.Сүхбаатарын хувьсгалт үйл хэргийг нэртэй сайхнаар үргэлжлүүлэгч ард түмний төрөлхийн хайрт удирдагч хүн мөн юм. Манай намын түүхийн замд тохиолдсон баруун зүүний урсгалууд ба эх орноосоо урван тэрслэж аюул занал учруулагсадтай нөхөр Янжмаа эвлэршгүй тэмцэх намын жанжин шугамыг хамгаалж тэдгээр дайснуудыг устгалцсан түүхтэй юм... гэсэн энэхүү баримтаас бусад нь үнэн болохыг тогтоожээ.

            Уг тогтоол нь дээр дурдсанчлан Н.Янжмааг буруутгасан нь илт харагдаж байдаг. Энэ нь үнэн хэрэгтээ Чойбалсан Янжмаа хоёр хэд хэдэн удаа маргалдаж сөргөлдөж байсантай холбоотой юм. Ингэж Янжмааг нөлөө бүхий байр сууринаас зайлуулахыг хичээсэн төдийгүй нөгөөтэйгүүр Х.Чойбалсангийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах аливаа хандлагыг мохоогоод зогсохгүй нэг хүнийг тахин шүтэх явдлыг дэвэргэж, Чойбалсанг тойрон хүрээлэгчдийн байр суурийг бататгасан явдал болоход хүргэжээ.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017