МЭНДЧИЛГЭЭ

2016 оны 07 сарын 08

          Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, чөлөөнд болон бэлтгэлд байгаа ахмад дайчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэндээ Монгол Улсад анхны Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!

            Эрт цагаас түүхтэй эрийн гурван наадмыг Монголын төрт ёсны баяр болгон XII, XIII зууны заагаас тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү наадамд эрэлхэг зоригт дайчид, цэрэг эрс голлох үүрэгтэй оролцсоор ирсэн баялаг уламжлалтай.

            Монголын ард түмэн эх орноо батлан хамгаалах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх ариун үйлсэд цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяа, зүтгэлийг өндрөөр үнэлж байдгийн зэрэгцээ өнөө цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд тэдний оруулсан хувь нэмрээр цаг ямагт бахархаж, хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх чадварт нь бүрэн итгэж байдагт бид ямагт талархалтай ханддаг юм.

          Өнөөдөр манай цэргийн алба хаагчид ахмад үеийнхний хөдөлмөрч, дайчин уламжлал, эр зориг, тэсвэр хатуужлыг бататган цэргийн хэргийн өндөр ур чадвар гаргаж, даян дэлхийн энхийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

              Иргэний нийгэмд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Зэвсэгт хүчний Хуурай замын болон Агаарын цэргийг бэхжүүлэх, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад алба хаах хугацаанд нь энгийн мэргэжил эзэмшүүлэх, улмаар улс орны хөгжил, бүтээн байгуулалтад оролцуулах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж, зохих үр дүнд хүрч байна. 

                Бид цаашид Зэвсэгт хүчний хөгжлийг улам бүр эрчимжүүлэн хэрэгжүүлэх итгэл, зүтгэл, урам зориг дүүрэн байна.  

            Монгол Улсын Зэвсэгт хүчин нийгмийн бүхий л салбарын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, цаашид үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ эх орныхоо бүтээн байгуулалт, эх дэлхийн амар амгалангийн төлөө үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм Та бүхэндээ хүчит бөхчүүд нь бяртай, даваатай, уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь цоглог, эрхий харваачид нь мэргэн байж, хотол олноороо сайхан наадахын ерөөлийг айлтгая!

 

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017