О.ЭНХБАЯР: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХҮНД ҮЕИЙГ БИДНИЙ ҮЕИЙНХЭН ҮҮРЧ ГАРСАН

2016 оны 08 сарын 02

О.ЭНХБАЯР: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХҮНД ҮЕИЙГ БИДНИЙ ҮЕИЙНХЭН ҮҮРЧ ГАРСАН

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяртай ярилцлаа. Түүний бага дэслэгчээс бригадын генерал хүртлээ, шавилхан офицер залуугаас өдийг хүртлээ Монголын армид зүтгэж буй цаг хугацаа 37 жил юм.

-Юуны өмнө танд Үндэсний их баяр наадмын босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар эрхэм хүндтэй энэ цолыг хүртсэндээ баяртай байна. Хамгийн хүнд даалгавар юу гэхээр нэр хүнд, хариуцлагыг дааж явах тухай байдаг. Үүний төлөө хичээж ажиллах ёстой болж байна. Ажилласаар ч ирлээ.

-Шинэхэн генерал аль нутгийнх вэ?
-Хэнтийн Биндэр сум.

-Буриад сум байх аа?
-Тийм ээ. Би өөрөө ч буриад. Манай аав, ээж хоёр сумынхаа арван жилийн сургуульд насаараа багшилсан хүмүүс. Харамсалтай нь, аав маань 2006 онд бурхан болсон, ээж маань 80 гарсан хөгшин нутагтаа байна.

-Цэргийн хүн болох алхам юунаас эхлэлтэй вэ. Тухайн үед аравдугаар ангиа төгссөн сурагчдыг нэгдсэн байдлаар цэрэгт татаж байсан бил үү?
-Одооны хүүхдүүд нийгмээ дагаад тэр юм болов уу, их айхтар болжээ. Багаасаа мэргэжлээ төлөвлөөд "Би тийм мэргэжилтэй, ийм хүн болно" гээд их төлөвлөгөөтэй болчихож. Миний үед ямар юмных нь төлөвлөгөө байх билээ. Би гэдэг нөхөр чинь зөнгөөрөө, урсгалаараа жаал байсан юмдаг. Гэхдээ ганцхан зарчимтай. Тэр нь сайн л сурах ёстой гэж. Сайн сурахад багш эцэг, эхийн нөлөөлөл ч их байсан байх. Багш гээд намайг арын хаалгадаад байгаа ч юм байхгүй. Тэд "Зөвхөн хичээлээ сайн хий, гэрээ цэвэрлэ, дүү нараа авч яв, тэднийг сурга, хүмүүжүүл" гээд биеэ даах зөв шаардлага тавьдаг байсан болохоор тэр эрчээрээ явж дээ гэж одоо хардаг юм. Би эцэг эхээс долуулаа. Дээрээ нэг эгч, доороо таван дүүтэй. Айлын том хүүхэд ар гэрээ гэсэн бичигдээгүй хуулийн дагуу явж байлаа. Тэр үеийн төр, засаг захиргаанд 10 дугаар ангиа сайн төгсч байгаа хүүхдүүдийг цэргийн сургуульд авна гэсэн ерөнхий бодлого байсан. Тэр жишгээр л намайг цэргийн сургуульд авч байсан юмдаг. Олон аавын хөвгүүдтэй зэрэгцэн суралцаж, ажиллах боломж надад тэгж олдсон түүхтэй. Түүнээс биш манай аав, ээжийн талаас цэргийн гээд түшиж татаад аваад явах хүн байхгүй. Аавын маань хамгийн том ах 1945 онд цэргийн алба хааж байсан гэлцдэг. Хамгийн ойр гэвэл миний бага дүү хугацаат цэргийн алба хаасан байна. Үүнээс өөрөөр цэргийн удамсаад байх юм байхгүй ээ.

-Ажлын гараа аль ангиас эхэлж байв. Армид хэд дэх жилдээ ажиллаж байна?
-Миний хувьд 1979 оноос хойш армитай хувь заяагаа холбосон. Одоо 37 дахь жилдээ ажиллаж байна. Зенит пуужингийн цогцолборын техникчээр ажлын гараагаа эхэлснээс хойш агаарын довтолгооноос хамгаалах анги салбаруудын бүхий албан тушаалаар дамжсан. 2016 оны хоёрдугаар сард Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчаар томилогдоод, албан тушаалынхаа зэрэглэлийн дагуу энэ эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Анхны томилолтоо Дархан-Уул аймагт байдаг байсан Ардын армийн 134 дүгээр ангиас эхэлж байлаа.

Цэргийн сургууль төгссөн офицерууд дэслэгч болдог байсан бол миний хувьд бага дэслэгч болж байсан. Юу гэхээр манай сургууль сахилгын өндөр шаардлага тавьдаг байж, бид ч бас томоогүй байж дээ гэж хардаг юм. 134 дүгээр ангид алба хаах хугацаандаа хуучин Зөвлөлтийн зэвсэглэлтэй харилцаж, байлдааны буудлага гэдгийг мэдэрч явснаа онцолмоор байна. Дараа нь 1992 онд ОХУ-д Академи төгсч ирээд Налайхад байрлах Ардын армийн 028 дугаар ангийн харъяа дивизионд захирагчаар ажилласан. Тэр үе бол шилжилтийн үе. Хүнд үе. Офицер, ахлагчийн цөөнгүй хэсэг нь армиас холдох юмсан гэдэг сэтгэхүйтэй хүнд үе. Тэр хүнд үед би хүнтэй ажиллах арга барилд суралцаж эхэлсэн байх.

-Цалингаа ч тавьж чаддаггүй байсан үе?
-Тийм. Нийгэм даяараа хүнд байсан. Цалин байтугай бензин шатахуунгүй тэр үе сэтгэлд их тод үлдсэн байдаг. Дараа нь 1995 онд Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалд томилогдож ирээд долоон жил ажиллахдаа асар их өөрчлөлтийн баримт бичгүүдэд сууж ажилласан маань миний алба хаах хугацаанд том ул мөрөө үлдээсэн байна. Дээрээс нь 1995 оны пуужингийн харвалтыг дурьдахгүй байхын аргагүй. Тухайн үеийн БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт ямар ч буудлагын бааз, төвгүйгээр пуужингийн харвалт хийх шийдвэр гаргаж, би дивизионы захирагчаар оролцож байлаа. Энэ хариуцлагатай ажил маань Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн боловсон хүчин болж үлдэхэд том нөлөө үзүүлсэн байдаг юм. Түрүүн хэлсэндээ Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалд 1995-2002 он хүртэл ажилласан гэж. Энэ хугацаанд анги салбаруудыг байгуулах, техник зэвсэглэл шилжүүлэх, өөрчлөлт зохион байгуулалтын төлөө манай хэдэн нөхөд хамтран ажилласан их ажлын жилүүд байсан даа. Энэ бүхэнд гар бие оролцож явснаараа бахархдаг шүү.

-Та цэргийн ангиудаас гадна дипломат албанд ажилласан гэсэн?
-2007-2009 онд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын даргаар ажилласан. Пуужин, радио техникийн анги нэгдсэн онцлог үе. Тэгэхэд мэргэжлийн нөхдүүдтэй хамтарч улс орны агаарын хил орон зай, аюулгүй байдлыг хангахад том туршлага олж авсан гэж боддог юм. Харин 2011-2014 онд манай улсаас ОХУ-д суух Элчин сайдын яамны цэргийн атташегаар ажилласан. Манай хоёр улсын хувьд цэрэг техникийн хамтын ажиллагааны хэд, хэдэн гэрээтэй. Тэр гэрээний хүрээнд зэвсэглэл техникийн туслалцаа, боловсон хүчний сургаж мэргэжүүлэх тоог нэмэгдүүлэхийн төлөө хичээж ажилласан. Ялангуяа, агаарын цэргийн боловсон хүчнээ сургаж мэргэшүүлэх тоог нэмэгдүүлж чадсан. Тэр бүхнийг нуршаад яах вэ. Эх орон, Батлан хамгаалах яам намайг томилоод явуулсан. Миний хувьд итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээж ажилласан.

-Агаарын цэргийн командлагчийн хувьд таны өмнө агаарын цэргийг хөгжүүлэх том үүрэг бий. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ц.Цолмон "Агаарын цэргээс генерал төрсөнд талархалтай байна. Одоо агаарын цэргээ хөгжүүлэх том зорилт бий шүү" гэж онцолж байсан?
-Ц.Цолмон сайдын магтаалд талархаж суулаа. Агаарын цэргийн хөгжлийн талаар яривал их юм бий л дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө Агаарын довтолгооноос хамгаалах цэргийг хөгжүүлэх нь Зэвсэгт хүчний тэргүүлэх чиглэл гээд заачихсан байдаг юм. Олон бодлогын баримт бичигт ингэж заасан байна. Дээрээс нь 2015 оны сүүлээр УИХ-аар шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт "Монгол Улсын Зэвсэгт хүчин хоёр төрлийн цэрэгтэй байна. Хуурай замын цэрэг, агаарын замын цэрэг" гээд хуульчилсан. Үүний хүрээнд холбогдох хуулиуд нь удахгүй батлагдах байх. Харин миний баримталж байгаа зарчим бол Агаарын цэрэг бол шинэ салбар гээд цоо шинэ менежментээр хандвал дэндүү өрөөсгөл болно. Урьд нь зэвсэглэл техникийг шинэчлэх, боловсон хүчнийг шинэчлэх, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх гээд олон хүний санал санаачлага, хүч хөдөлмөрийг хаяж болохгүй. Би гэхэд үүний төлөө олон жилийг зориулсан хүн. Надаас гадна мэргэжлийн олон хүний судалгаанд суурилсан санал санаачлага, хүч хөдөлмөр бий. Түүнийг нь үргэлжлүүлэх ёстой. Түүнээс биш цоо шинээр хөгжүүлэх гээд өмнөхөө үгүйсгээд явмааргүй байна. Явах ч үгүй. Нөгөө талдаа улс орны эдийн засаг өнөөдөр хүнд байна. Агаарын цэргийн салбар өөрөө хамгийн их зардал шаарддаг салбар. Зэвсэглэл техник нь өндөр үнэтэй, их зардал гаргаж байж хөгждөг салбар. Энгийн нэг цэргийн анги биш онцлогтой цэргийн байгууллага учраас зардал их шаардана. Тэр утгаараа эдийн засгийн хүндрэл нөхцөл байдалтай нь уялдаж явахгүйгээр "Одоо хөгжүүлнэ" гэсэн ганцхан шалгуураар бүхэлд нь самарч таарахгүй. Цэргийн хамтын ажиллагааны гэрээтэй улс орноос дэмжлэг туслалцаа авах, хөнгөлттэй зээл авах, өөрсдөө дотооддоо хийх бололцоотойгоо хийх гээд олон зүйл бий. Энэ бол маш том сэдэв. Яривал дэндүү их юм бий.

-Агаарын цэргийн хувьд боловсон хүчин хангалттай байдаг уу?
-Боломжийн хэмжээнд байна. Дотооддоо буюу БХИС-д бэлтгэж, нарийн мэргэжилтнүүдээ ОХУ-ын цэргийн дээд сургуульд бэлтгэж байна. Тодорхой хэсгийг бусад орнуудад курс, дамжаанд суралцуулж байна. Дан ганц ОХУ-д биш олон улсад олон чиглэлээр сургаж дадлагажуулж байгаа.

-Цэргийн даргаас асуух дуртай нэг асуулт надад байдаг. Цэргийн сайн удирдагч хүн сайн боловсон хүчнийг төрүүлдэг. Таны удирдах арга барил ямар бол?
-Хүн хамт олон дунд өөрөө боловсордог юм байна. Биеэ авч явах соёл, ажил гүйцэтгэх чадвар бүхнийг хамт олон дунд байхдаа олж авдаг. Мэдээж цэргийн байгууллага гэдэг утгаараа зарим тохиолдолд чанга дуугаар захирч, захиргаадах үе бий. Үүнийг би үгүйсгэхгүй. Цэргийн газарт бол байх ёстой асуудал. Харин цаашдаа харилцаанаас илүүтэй хүмүүсийн сэтгэлгээ задарсан энэ үед ажил хийж чаддаг хүнийг чаддаг албан тушаалд нь зоригтой томилж байх ёстой гэж боддог. Ажлыг сэтгэл, зүрхнээсээ хийж байгаа хүн бол тухайн байгууллагад үнэтэй боловсон хүчин нь болох ёстой. Тэр утгаар нь хөдөлмөрч, хариуцлагатай, мэргэжилдээ мэргэшсэн хүнийг чаддаг ажилд нь томилж ажиллуулах ёстой гэдэг зарчим баримталж байна. Нөгөө талаас хэнбугай ч ногдсон ажлаа сайн гүйцэтгэхийн төлөө ажилладаг байх ёстой. Түүнээс биш урдахаа хийгээгүй байж дараагийн зүйлийг олж харчихаад эргэлзээд байгаа хүнд би дургүй. Миний хувьд алба хаагчидтайгаа захирч зандчих эсвэл яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дуугүй байхаас илүү харилцан ярилцах дуртай. Тэгж байж зөв шийдвэр гарна.

-Та бага дэслэгчээ бригадын генерал хүртлээ армид ажиллаж байна. Эргээд харахад Зэвсэгт хүчний хөгжлийг хэрхэн дүгнэж байна?
-Төсөөлөхийн аргагүй өөрчлөгдсөн. 1990 онд ЗХУ-ын цэрэг манай улсаас гарахад Монгол Улсын Зэвсэгт хүчин их хүнд байдалд үлдсэн шүү дээ. Улс орныхоо аюулгүй байдлыг бие дааж хамгаалах, бие даасан Зэвсэгт хүчин байна гэдэг тэр үедээ хэцүү байсан.

Хуучин Зөвлөлтийн дэмжлэгээр аюулгүй байдлаа хамгаалж байсан бол 1990 оноос хойш бид өөрсдийн хүчээр хамгаалах хэрэгтэй болсон. Энэ хүнд үед улс нийгэм өөрөө ч эдийн засгийн хүнд байдалд байлаа. Түрүүн хэлсэндээ армид алба хаахад хүнд үе. Цалин, бүх төрлийн хангамж тасалдаж, үүнээс болж олон офицер, ахлагч армиас гарсан байдаг юм. Харин тэр хүнд үеийг миний үеийнхэн туулж үүрч гарсан. Үүгээрээ би бахархаж явдаг. Яагаад гэвэл тэр хүнд үед бид армиа орхилгүй, харин өөд нь татах юмсан гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Өнөөдрийн Зэвсэгт хүчнийг тэр үетэй харьцуулахын аргагүй болж хөгжсөнд дотор нь ажиллаж байгаа генералаас илүү иргэн хүнийхээ хувьд баярладаг. Өнөөдөр зэвсэг техник, барилга байгууламжаас илүү боловсон хүчин маань өөрөө маш сайн боловсорсон байна. Сэтгэхүй нь өөрчлөгдсөн гэдэг нь том амжилт. Армийг хүн бүхэн байх ёстойг нь хүлээн зөвшөөрч, бахдан биширдэг болсон нь том амжилт.

-Цэргийн алба хаагчдын ард найдвартай ар тал болдог гэр бүлийнхэн байдаг. Та гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Миний ханийг Ядамдоржийн Уранчимэг гэдэг, эмч хүн. Бид хоёр нэг сумынх, нэг үеийнх. Манай нөгөө ангийн охин. 1985 онд манай хүн Анагаахын сургууль, би цэргийн сургуулиа төгсөөд гэр бүл болсон байна. Хань маань ханилсанаасаа хойш намайг дагаад мөн ч олон цэргийн анги дамжиж, цэргийн амьдралаар амьдарчээ. Тэр болгонд эмчийн ажил нь ч их тасалдсан. Гэхдээ ажил мэргэжилдээ сайн байсан болохоор амархан танигдаж байсан юмдаг. Одоо бол тэтгэвэртээ суусан байгаа. Бид хоёр ганц охинтой. Охин маань хүний бэр болж, ээж болсон байгаа. Манай охин, хүргэн хоёр залуусын жишгээр гадаадад ажиллаж, амьдарч байна. Өвөө, эмээ хоёр нь яах вэ дээ, зээгээ жаахан санана даа.

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа?
-Монголын Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа бүх алба хаагчиддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ажил мэргэжилдээ дурлаж ажиллаарай гэж залуусдаа захих байна.

Д.БОЛОРМАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017