МЭНДЧИЛГЭЭ

2016 оны 08 сарын 26

МЭНДЧИЛГЭЭ

 

       Монгол Улсын спортын ууган байгууллагын нэг-Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны үе үеийн удирдлага, нийт ахмадууд, тамирчид Та бүхэнд түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

        Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь өнгөрч буй түүхэн 70 жилд эгнээнээсээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар-2, ардын багш-3, гавьяат тамирчин, дасгалжуулагч-59, олон улсын хэмжээний мастер-260 гаруй, спортын мастер-1350 орчмыг төрүүлсний дотор тив, дэлхий, олимпийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 600 орчим медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороо, нийгэмлэгүүдийг манлайлж ирснийг Зэвсэгт хүчний удирдлага өндрөөр үнэлж, хүндэтгэн бахархаж байдаг юм.

     Энэ  хугацаанд Монголын бүх ард түмний спортын их наадам 13  удаа зохион байгуулагдсанаас 11 удаагийн түрүү магнайгаар тодорч, спортын дээд амжилтыг 400 гаруй удаа шинэчлэн тогтоогоод байгаа нь “Алдар”-аар овоглосон тамирчдын маань үзүүлсэн бахархам гавьяа, бахдам амжилт болсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.

      Тэрчлэн Зэвсэгт хүчинд цэрэгжлийн болон нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, спортын төрөл бүрийн уралдаан, тэмцээнийг өргөнөөр зохион байгуулах, нийт цэргийн алба хаагчдын бие бялдрын шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, түүний хэрэгжилтийг хангах үйл хэрэгт Та бүхний оруулж буй хувь нэмэр, үүрэг, ач холбогдол их байдагт талархал илэрхийлье.

       Та бүхэн ололт амжилтаа улам бүр бататган Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, төр, засаг, Зэвсэгт хүчний удирдлага, ард түмнээс хүлээлгэсэн үүрэг, даалгаврыг нэн хариуцлагатайгаар биелүүлж, спорт хорооныхоо түүх, дайчин замналыг зуун зуунд дуурсагдах арвин үйлсээр баяжуулж чадна гэдэгт итгэл төгс байна.

        Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан эрхэм Та бүхэнд спортын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

 

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

        ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА

 

                            


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017