НҮБ-ЫН ЕНБД-ЫН ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧ “ХУБИЛАЙ” БААЗАД АЙЛЧЛАВ.

2017 оны 02 сарын 15

   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч бөгөөд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны тэргүүлэгчээр шинээр томилогдсон ноён Давид Шеарер энэ сарын 8, 9-ний өдрүүдэд БНӨСУ-ын Хойд секторын Бентью хот дахь UNMISS ажиллагааны баазад албан ёсны айлчлал хийлээ. ЕНБД-ын тусгай төлөөлөгчийн айлчлал Хойд Лийч мужийн амбан захирагч ноён Жосеф Монитуалтай хийх уулзалтаар эхэлсэн. Уулзалтын дараа Бентью хот дахь UNMISS ажиллагааны ажилтнууд болон хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгч нартай ярилцлага зохион байгуулж, тулгамдаж буй асуудлууд болон өөрийн цаашид хэрэгжүүлэх ажил, хэргийн талаар танилцуулсан нь үр дүнтэй болж өнгөрөв.

   Айлчлалын хөтөлбөрийн дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч “Хубилай” баазад айлчлан Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг зориулалтай танилцлаа. Энэ үеэр манай цэргийн алба хаагчид үндэсний морин хуурын аялгууг эгшиглүүлж, уртын дуу, үлээвэр хөгжмийн аяз, алдарт дуучин Армстронгийн Wonderful world дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн.

     Айлчлалын төгсгөлд ноён Давид Шеарер “Бентью хотод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажил байдал үнэхээр сайн байна. Өнөөдөр биднийг хүлээн авсан Монгол Улсын мотобуудлагын батальоны хамт олон бол UNMISS ажиллагаанд ажлын хариуцлага, үүрэг гүйцэтгэлтээрээ аль хэдий нь олон улсад танигдсан гэдгийг бид бүхэн мэднэ. Танай цэргийн багийн бие бүрэлдэхүүнд нэр төртэйгээр үүргээ гүйцэтгэж байгаа явдалд талархалаа илэрхийлье” хэмээн онцолж, манай цэргийн багийн үүрэг гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа дахин дахин илэрхийлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч UNMISS ажиллагааны тэргүүн болон зочид, төлөөлөгчдийн хамт дотоодын дүрвэгсдийн хуарангийн байр, байдал, харуул, хамгаалалт, үүрэг гүйцэтгэлт, газар орны онцлогтой танилцаж, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад ярилцлага өгсөнөөр тус айлчлалын арга хэмжээ өндөрлөв.

     Ноён Давид Шеарерыг товч танилцуулахад 1957 онд төрсөн. Шинэ Зеланд Улсын харьяат бөгөөд өмнө нь Шинэ Зеланд Улсын парламентын гишүүн, Ирак, Афганистан, Израйль, Рванда, Ливан, Либери, Балкан зэрэг улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчийн орлогч, суурин төлөөлөгч, хүмүүнлэгийн зохицуулагч зэрэг чухал албан тушаалуудыг хашиж байсан улс төр, хүмүүнлэгийн туршлага арвинтай нэгэн юм. Тэрээр БНӨСУ-ын энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд НҮБ-ын хувь нэмрийг оруулахын төлөө ажиллахаа мэдэгдээд эхний ээлжинд БНӨСУ-ын Гадаад хэргийн сайд болон бусад албаны төлөөлөгч нартай уулзах зорилгоор тус баазад айлчилсан юм.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 843

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017