ЦАГИЙН ЮМ ЦАГТАА

2017 оны 03 сарын 17

     Цэргийн албанаас зөв дадал, эрдэм мэдлэг, биеийн өв тэгш хүмүүжил гээд цаашдын амьдралдаа баримтлаж явбал зохистой олон зүйлд суралцсан даа гэх байлдагчийг Ууганбаярын Цэрэндорж гэдэг. Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хугацаат цэргийн алба хаагч. Түүхэндээ эгнээнээсээ 10 баатрыг төрүүлсэн тус ангид алба хааж, Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-өөр баярын жагсаалд хөл нийлүүлэн алхсандаа өөрийгөө азтайд тооцдог аж. Цэргийн албанд ирэхээсээ өмнө ШУТИС-ийг инженер дизайнер буюу барилгын дотоод зураг төсөлч мэргэжлээр төгсөөд “Unicorn Entertainment”-д уран зурагчнаар ажиллаж байсан. Оюутан ахуй насандаа зураач С.Болдбаатар багштайгаа хамтран уран зургийн “Хавар” нэртэй үзэсгэлэн гаргаж байжээ.

- Цэргийн албанд ирэх сонголтын талаар...

- Миний хувьд түүх судлах сонирхолтой. Чингис хаан болон түүний жанждын тухай, эх орны тусгаар тогтнолын төлөө амь бие үл хайрлан тулалдаж явсан үе үеийн баатруудын талаар судлах энэ сонирхол минь намайг цэргийн албанд хөтөлсөн. Аав, ээжээсээ тусдаа амьдардаг байсан болохоор шийдвэрээ гаргаад цэргийн ангидаа ирээд цэргийн анхан шатны сургалтад нэг сар хамрагдаад дараа нь гэрийнхэндээ хэлсэн. Гайхахын зэрэгцээ дургүйцэж хүлээж авсан.

- Яагаад дургүйцсэн юм бол?

- Манайх 2 хүүтэй айл. Цэргийн албаны талаар өмнө нь яригдсан байсан юм. Ах бид хоёрыг цэргийн албанд явуулахгүй байх талаар. Ах ч тэр шугамаар явсан. Тиймээс би энэ шийдвэрийг гаргачихаад гэрийнхэндээ хэлээгүй юм. Аав, ээж хоёр минь тэр үед дургүйцэж хүлээж авсан хэдий ч одоо бол тэр бодол нь өөрчлөгдсөн. Хүүг нь цэргийн алба хэрхэн өөрчилснийг мэдэрсэн болохоор тэр байх.

- Их л өөрчлөлтийг цэргийн алба өгч дээ өөрт чинь...

- Тэгэлгүй яахав. Олон цэргийн дарга, найз нөхдөөсөө амьдралдаа хэрэгжүүлэх, насан туршдаа үлгэрлэн дагаж мөрдөх чадварыг эзэмшсэн.

- Тухайлбал ...

- Би гэдэг хүн ганцаараа амьдардаг, дээрээс нь хувийн компанид ажилладаг байсан учир хүссэн цагтаа ажиллаж зарим ажлыг “За маргааш” гэж хойшлуулдаг амьдралын буруу хэмнэлийг дадал болгож байсан юм билээ. Цэргийн албанд ирснээр энэ бүгдээ ухамсарлахаас гадна хариуцлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой, бие хүн болж төлөвшсөн гэж боддог. Бие бялдрын өв тэгш хүмүүжлийг бас эндээс олж авсан. Өөрийгөө өдөр шөнөгүй ажиллаад ачаалал даадаг хүн л гэж боддог байсан. Үгүй юм билээ. Нэг үгээр их л “нялцанхай” нөхөр байж. Мөн цаг баримталдаг. Цагийн юм нь цагтаа гэдэг зарчмыг ягштал биелүүлэхээс гадна эх оронч үзэл хүмүүжлийг өөртөө жинхэнэ утгаар нь шингээсэн гэж бодож байна. Анх ийм олон зүйлийг сурна гэж бодож ороогүй хүн дээ би. Зөвхөн монголын түүхийг л судална гэж бодсон. Гэтэл өнөөдөр өөртөө маш олон зүйлийг цогцлоож чадсандаа баярлаж амьдралд тулгардаг олон сонголтоос зөвийг нь сонгож дээ гэж өөртөө эрдэж байгаа.

- Цэргийн албаны энэ сайхан бүхнийг өмнө нь мэдрүүлсэн хэн нэгэн чиний хүрээлэлд байгаа юу?

- Байгаа. Миний сонголт хийхэд нөлөөлсөн бас нэг хүн бол их сургуулийн нэг найз минь. Тэр яг энэ 016 дугаар бригадад алба хаасан юм. Айлын ганц хүү их л сэргэлэн нөхөр. Сэргэлэн нь хэтэрчих гээд байдаг талтай. Тэр найзын өөрчлөлт бас энэ алба руу явахад нөлөөлсөн юм. Төлөвшил гэдэг үгийн учир утгыг би тэр найзаасаа мэдэрсэн.

- Цэргийн албанд ирээд найзын хүрээлэл их болсон биз?

-Тийм шүү. 10 жилийн найз, их сургуулийн найз гэсэн хүрээлэлтэй байсан бол одоо “онжав”-ууд гэдэг асар том орон зай эзэлсэн найзуудтай болсон. Нэг жилийн хугацаанд өрнөсөн энэ амьдралын жаргал зовлон, хэцүү бэрхийг нэг зүрх сэтгэлтэй туулсан андуудын нөхөрлөл насан туршийнх гэж бодож байна.

- Эргээд дурсахад бахархал болох дурсамжаасаа хуваалцвал...

- 2016 оны 7 дугаар сарын 10-нд Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцсон явдал миний энэ амьдралын дурсамж бас бахархал гэж бардам хэлнэ. Монгол Улсын өндөрлөгүүдийн өмнө цэрэг эрсийнхээ дунд буугаа бариад алхаж явах тэр агшинд би эр хүн болж төрснөөрөө, эр цэрэг болсноороо бахархаж байсан.

- Удахгүй “Монгол цэргийн өдөр” болно. Энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ?

- Миний аав 1978-1981 оны хооронд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Тиймээс энэ өдрийг аавыгаа л баярлуулах өдөр мэт бодож нэг их ач холбогдол өгч байгаагүй. Харин цаашид бол өөр шүү.

- Цэргийн албанд ирээд шантрах үе байв уу?

 - Байсаан. Карантенийн хугацаа амаргүй байсан. Ачаалал авч үзээгүй, биед гарах өөрчлөлт их байсан. Тэр үед шантарч байсан. Сард 1 сая төгрөгийн цалин аваад хүссэнээрээ явж байхгүй энд юу хийж... гэж хэсэг бодсон үе ч бий. Гэхдээ энэ бүгдийг олон аавын хөвгүүдийн адил тэсээд гарсан.

- 016 дугаар бригадыг өөрөө сонгосон уу?

- Үгүй. БГД-ийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар гэдэг хүн анх надаас за Цэрэндоржоо хаана алба хаамаар байна гэж асуусан. Тэр үед хил дээр зогсож морин дэл дээр дарцаглаж үзмээр санагдаад “Хил рүү явъя” гэсэн чинь “Чи хотын хүүхэд морь унаж чадахгүй. Танк унаж байгаад ир ээ. Чи тэндээс их олон зүйл сурна” гээд хувиарлаж байсан. Одоо тэр цэргийн штабын даргад баярлалаа гэж хэлмээр байна. Ийм сайхан ангид хувиарлаж өгсөнд.

- Цэргийн алба хаах хугацаанд нь танай ангид 3 захирагч үүрэг гүйцэтгэсэн. Өөрийн хэмжээнд энэ дарга нараас юуг нь үлгэрлэж авсан бол?

- Бригадын генерал Л.Онцгойбаярын хувьд шулуун шударга зантай, цэрэгтэй хайртай цэргийн дарга байсан гэж санагддаг. Бид нарыг казармад байхад “Цэргүүд ямар байна” гээд л их санаа тавьдаг байсан. Х.Даваацэрэн хурандаагийн хувьд манай ангийн бичиг хэрэг хөтлөлтийг нэг шат ахиулсан гэж ахлах дарга нарын ярьж байхыг сонссон. Н.Бямбадорж хурандаа манай ангид ирээд удаагүй байгаа. Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан цэргийн дарга байх аа.

- Уран бүтээлч хүний хувьд ангидаа урласан зүйл бий юу?

- Өмнө нь уншиж мэдсэн түүхийн талаарх мэдлэгээ энд ирж баяжуулснаа ашиглаж ангидаа 100х70 харьцаатай 5 уран зураг зурж өгсөн. Эдгээр нь Чингис хаан болон монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн жанждын талаар сэдэвтэй. Мөн уран бүтээлч хүний хувьд албаа хаагаад урлах маш олон сэдвийн сэдэл төрсөн.

- Сүүлчийн асуултыг чамд үлдээе?

- Цэргийн анги гэдэг түм түжигнэж бум бужигнасан олон хөлийн газар байдаг. Гэвч энэ нь туйлын эмх цэгц, дэг журамтай. Бүх л зүйлийг шингээсэн энэ сайхан газар ажиллаж хөдөлмөрлөж олон цэрэг эрсийг эрийн цээнд хүргэж байдаг бүх шатны дарга, энгийн ажилчин алба хаагчдад талархал илэрхийлэхийг хүсч байна. Мөн удахгүй болох Монгол цэргийн өдрийн дайчин цогтой мэндийг мөр зэрэгцэн алба хааж байгаа дайчин нөхөддөө болон цэргийн албанд ирэх дүү нартаа хүргэе. Та нар цэрэгт явах уу, үгүй юу гэсэн сонголтод эргэлзэх хэрэггүй албандаа ирээрэй. Энэ бол бид бүгдийн хувьд амьдралдаа хийх хамгийн зөв сонголтуудын чинь нэг байх болно.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахмад Д.ОЮУНГЭРЭЛ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 764

Веб холбоос: 11

Нийт зураг: 218

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016