ЗОРИГТОЙ МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭР ҮРГЭЛЖ БАХАРХДАГ

2017 оны 03 сарын 17

  ЗОРИГТОЙ МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭР ҮРГЭЛЖ БАХАРХДАГ 

МАКЕДОНИ УЛСЫН ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН ХОШУУЧ ТОМЕ ПЕЕВ:

- Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн мэндийг хүргэе.

    Намайг 2012 онд Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байхад баазын хамгаалалтын үүргийг монголын эрэлхэг цэргүүд маш чадварлаг гүйцэтгэж “шувуу ч нисгэдэггүй” байлаа. Энэ үеэс эхлэн монголын түүх, монгол цэргийн байлдан дагуулал, агуу ялалтын тухай уншиж судлах дуртай болсон. Монголчуудын үнэнч, тусархуу, нөхөрсөг зан чанар нь ажиллагааны газар оронд ч, эрдмийн танхимд ч мэдрэгддэг юм. Миний бие баатарлаг түүхтэй, дайчин, зоригтой монгол цэргүүдээр үргэлж бахархдаг бөгөөд эртний түүхтэй танай сайхан оронд заавал очиж үзэх болно.

МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТҮҮХЭЭР БАХАРХДАГ

БНТУ-ЫН ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН АКАДЕМИЙН СОНСОГЧ, КИРГИЗИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОШУУЧ САЛАМАТ РАЙЫМБАЕВ:

- Баатарлаг агуу түүхт Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн мэндийг хүргэж Киргизийн зэвсэг нэгт нөхдийхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулъя.

     Төв Азийн цээжин дэх Их эзэнт гүрний үргэлжлэл болсон Монгол улс болон Киргиз улсын хооронд олон жилийн найрсаг нөхөрсөг харьцаатай билээ. Өнгөрсөн цаг хугацааны агуу хүн Их эзэн Чингис хааны дэлхийг байлдан дагуулж байсан гайхамшигт түүхийн талаар ном сурах бичгээс унших бүртээ бахархдаг. Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хилийн чандад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цагийн байдлын хүнд хэцүү нөхцөлд үүргээ амжилттай биелүүлж байгаа нь дэлхийн энхийн үйлс оруулж буй том хувь нэмэр юм.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ НАДАД УРАМ ЗОРИГ ӨГДӨГ

ЯПОН УЛСЫН ХЗЦ-ИЙН ХОШУУЧ МИНАГИ ЮҮСКЭ

- Та Монголын талаар хэр мэдэх вэ?

- Япон хүмүүс Монголын талаар янз бүрийн л мэдлэг мэдээлэлтэй байдаг байх. Хүмүүс ихэнхдээ тал нутгийн нүүдэлчин ард түмэн л гэж боддог байж магадгүй. Миний хувьд 2014 онд “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуульд оролцож байлаа. Мөн монголын түүхийн талаар төрөл бүрийн ном товхимол уншиж судлах их дуртай. Монголын түүхийг унших бүрт л надад ямар нэгэн урам зориг өгдөг шүү. Японы бүх дунд сургуулиудад “Сүхийн цагаан морь” гэдэг монгол ардын үлгэрийг заадаг. Энэ үлгэрээр дамжуулж Япон хүмүүс монголын талаар тодорхой хэмжээний ойлголттой болдог гэж хэлж бас болно.

- Монголын түүхийг уншаад урам авдаг гэж хэлсэн чинь сонирхол татаж байна?

- Европ үндэстнүүд /цагаан арьстнууд/ дэлхий дээрх ихэнх соёлын өв үндэс нь Европоос гаралтай Европ хүмүүс л жентелмэнүүд бусад нь хэтрүүлж хэлэхэд “сармагчингууд” гэсэн чиг хандлагатай байдаг. Гэтэл Ази хүмүүс тэр дундаа монголчууд европчуудыг дайлаар мордож, ялан дийлж тэдэнд ёс заншил, соёлоо зааж сургаж өөрсдийн эрх ашгаа тулгаж явсан түүхүүд бол агуу юм.

- Монголын Зэвсэгт хүчний талаар бодлоо хуваалцахгүй юу?

- Монголчууд эрт дээр үеэс цэргийн урлагт гарамгай суралцсан, эрэмгий дайчин хүмүүс. Жишээлбэл, Японы түүхийн хичээл дээр Хубилай хааны Японы арлууд руу хийсэн довтолгооны талаар заадаг. Японы арлууд дээр газардсан монгол цэргүүд байлдааны талбар дээр тулалдах чадвар, багаар ажиллах ажиллагаа нь самурай нараас хавьгүй илүү байсан тул монголчуудтай хэрхэн тулалдахаа мэдэхгүй, эхний ээлжийн цөөн тооны монголчууд томоохон цохилтыг өгсөн байдаг. Нэг инээдтэй зүйлийг сонин болгож ярихад би багадаа их сахилгагүй хүүхэд байсан гэдэг. Намайг сахилгагүйтэж үймүүлэхэд ээж маань Мооко /Монголчууд/ нар ирж байна шүү томоотой байгаарай гэж айлгадаг байж билээ. Ер нь ингэж үгэнд орохгүй байгаа хүүхдүүдээ дуулгавартай болгодог айлууд зөндөө гэж сонсож байсан.

     Өнөөдөр ч гэсэн орчин үеийн Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ЭДА-ны чиглэлээр нилээд мэргэшсэн байгаа нь олон зүйл дээр тодорхой харагддаг. Би анх монголын Зэвсэгт хүчний талаар ямар нэгэн ойлголтгүй “Хааны эрэлд” сургуульд оролцож байлаа. Тухайн үедээ монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өргөн хүрээнд явуулж байгаа ажиллагааны чадавхийг нь биширсэн гэж хэлж болно. Ирак, Косово, Афганистан, Өмнөд Судан зэрэг дэлхийн халуун цэгүүдэд монгол цэргүүд аль хэдийн үүргээ амжилттай гүйцэтгэчихсэн гэж сонссон. Гэтэл Японы Зэвсэгт хүчин энэ чиглэлийн үйл ажиллагаанд үндсэн хуулийн заалтаас шалтгаалж түлхүү оролцох боломжгүй байдаг. Мөн энэ чиглэлээр бэлтгэгдсэн монголын сургагч багш нар нь англи хэлдээ их сайн, чадварлаг мундаг залуус шиг санагдсан. “Хааны эрэлд” хэмээх ази номхон далайн бүс нутагтаа ЭДА-ны чиглэлээр томоохондоо тооцогдох хамтарсан сургуулийг өөрийн нутагтаа гардан зохион байгуулж байна. Мөн энд сумо бөхийн талаар ярьж болно сумогийн ёкозуна нар ихэвчлэн монгол хүмүүс байдаг сумогийн бөхчүүдийг самурай нараас үлдсэн сүүлчийн өв соёл гэж хэлж болно. Яагаад гэвэл сумочид ч гэсэн катана буюу сэлэмтэй байдаг Ёкозуна гэдэг бол их цэргийн жанжин хүн л гэсэн үг. Би хувьдаа Асашёорюү их аваргын фэн л дээ /инээв/.

- Та бас аюулгүй байдал судалдаг...

-Манай Япон Улсын агаарын орон зайд хойд солонгосын пуужин тусаж байхад, Монгол Улс геополитикийн хувьд их азтай улс гэж би хувьдаа боддог. Өнөөдөр Монгол Улс руу шууд заналхийлсэн ямар нэг цэргийн хүчин, бүлэглэл алга байна. Харин эдийн засгийн тодорхой асуудлуудаа цэгцлээд авчихвал өөр нэг их олон асуудалгүй юм шиг санагддаг. Өнгөрсөн онд Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдлаа. Энэ нь Монгол Улсын түүхэнд анхны түншлэлийн гэрээ гэж би сонссон. Япон Улс нь дэлхийд эдийн засгаараа 3 дугаарт бичигддэг. Энэ эдийн засагтай ямар нэг байдлаар холбогдоод авна гэдэг бол Монголын хувьд төдий хэмжээний дэлхийн түвшинд эдийн засаг нь баталгаажна гэж би хувьдаа бодож байгаа.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахмад Х.БААСАНДОРЖ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017