Р.СҮХБАТ: ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮДЭД Ч ӨӨРЧЛӨЛТ ОРНО

2017 оны 03 сарын 17

ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатаас цаг үетэй холбогдсон зарим асуудлаар тодруулга авлаа.

ЗХЖШ-аас ойрын үед хэрэгжүүлэх онцлог ажлуудаас дурдвал?

- Оны эхний улирлын байдлаар хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүллээ. Тухайлахад, ЗХЖШ төрлийн цэргийн командлалуудтай хамтран зохион байгуулдаг төлөвлөгөөт команд штабын сургуулийг зохион байгуулсан. Ингэснээр үндсэндээ 2017 онд хийгдэх стратегийн болон нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн үндсэн чиглэлүүдийг тодорхойллоо.

       ЗХЖШ-ын дүрмийг шинэчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлууллаа. Стратегийн болон нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

      Төлөвлөгдсөн хуваарийн дагуу  хамтарсан сургалт, дадлагууд хийгдэж байна. Саяхан АНУ-ын Номхон далайн командлалтай хамтарч “Энхийн өвөл-2017” хээрийн сургуулийг амжилттай явууллаа. Олон улсын хамтарсан “Khaan Quest-2017”, хоёр талын хамтарсан “Шийдэмгий шийдвэр”, “Нүүдэлчин заан“, “Сэлэнгэ” зэрэг сургуулийн төлөвлөлтийн хурлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг базааж байна. Түүнчлэн, энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг хангах ажлууд явагдаж байна.

       Хоёр орны хамтарсан сургалт, дадлагын хувьд энэ жил Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад болох энхийг дэмжих ажиллагааны олон улсын салаадын хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүний бэлтгэлийг хангаад саяхан эхний ээлжийн бүрэлдэхүүн сургууль явагдах газар орныг зорилоо.

       Мөн бусад төрийн байгууллагуудтай харилцан хамтын ажиллагааны хүрээгээ тэлсээр байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ хийсэн бол өмнө нь ЦЕГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулахаар төлөвлөсөн.  

      Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулинд заагдсан “Цэргийн алба хаагчдын шалгуур үзүүлэлт” гэж томоохон баримт бичгийг боловсруулахаар ажлын хэсэг томилогдоод удахгүй батлуулахаар ажиллаж байна. Түүнчлэн, ЗХЖШ-ын зарим стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж, ирэх улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар төлөвлөж байгаа бөгөөд цэргийн нийтлэг дүрмүүдэд ч тодорхой өөрчлөлт оруулах болно.

ЗХЖШ-ын бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулж хийгдэж буй ажлаас...

- Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг”, “Агаарын цэрэг”-ээс бүрдэхээр хуульчилагдаж, Төрлийн цэргийн командлалын нийтлэг бүрэн эрхийг “Зэвсэгт хүчний тухай” хуульд тусгайлан заасан. Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрлийн цэргийн командлалуудын бие даасан үйл ажиллагааг бүх талаар хангах шаардлага гарсан. Үүнтэй уялдаад командлалуудын бүтэц орон тоог шинэчлэх асуудал үүсч, үйл ажиллагааны стратегид тодорхой өөрчлөлтүүд орж байна. Мөн ЗХЖШ-ын орон тоо ч шинэчлэгдэх зайлшгүй шаардлага үүсч, өмнө нь нэг орлогч даргатай байсныг хоёр болгон өөрчилсөн. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргын хувьд Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлох, стратеги, нэгдсэн ажиллагааны төлөвлөлт бэлэн байдал, цэргийн албаны сахилга дэг журам, ар тал, хангалт зэрэг цогц асуудлыг хариуцна. Орлогч даргын хувьд сургалт, иргэн-цэргийн харилцаа, ЗХЖШ-ын гадаад хамтын ажиллагааны чиглэл, энхийг дэмжих ажиллагааг хариуцахаар эрх зүйн хувьд зааглаж өгснөөр онцлогтой юм. Мөн цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартыг хангах, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх, цэргийн биеийн тамирын бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын өмнө тулгарч буй кибер аюулгүй байдлын асуудал, цэргийн алба зэрэг гол, гол цаг үеэ дагасан асуудлуудыг зайлшгүй хянаж байх ёстой нэгжүүдийг бүтцэд суулгаж, тэдгээр хэлтэс, тасгуудын үйл ажиллагааг жигдрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дэслэгч М.МӨНХЗОРИГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017