ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2017 оны 03 сарын 17

        Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойд Монгол Улсын Зэвсэгт хүчин ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн түүхт ойгоо угтаж байна.

      Монгол Улсын Их хурлын 2016 оны намрын чуулганаар батлагдсан батлан хамгаалахын багц хууль нь төрийн цэргийн байгуулал нэгдмэл байх, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах бололцоог олгох, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах, Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлох, стратегийн ба нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийг төгөлдөржүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн баримт бичиг болсон. 

      Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн түүхэн арга хэмжээний нэг болох “Ази-Европын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт”-ын үеийн хамгаалалтад Зэвсэгт хүчний 2400 орчим цэргийн алба хаагч, 100 гаруй нэгж техниктэйгээр 12 чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд үүрэг гүйцэтгэж, чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн гадаад орны зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган, урлаг, соёл, төрийн ёслолын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсан.

    Дэлхийн 5 тивийн 46 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид анх удаа нэг дээвэр дор цугларан “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсад зохион байгуулснаараа онцлог байлаа. Тус сургалт, дадлагын хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, штабын дадлага сургалт, хээрийн сургууль, барилга ба эмнэлгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулсан нь Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэхийн зэрэгцээ, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой сургалт, дадлага болсон. 

       Түүнчлэн “Аминд үл хүрэх зэвсэг-2016” олон улсын сургалт, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн холбоочдын сургууль, НҮБ-ын цэргийн ажиглагч болон штабын офицерын дамжаа болон ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ-2016”, АНУ-тай хамтарсан “Бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Баланс-мэжик”, “Алтан тал”, “Энхийн өвөл-17”, БНЭУ-тай хамтарсан “Нүүдэлчин заан”, БНТУ-тай хамтарсан “Нүүдэлчин дайчид”, Катар Улстай хамтарсан “Шийдэмгий шийдвэр”, Японы Улстай хамтарсан “Зам-2016” сургууль, сургалт, дадлагуудыг тус тус зохион байгуулсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болон олон улсын цэргийн алба хаагчдын хамтын гар нийлэмжтэй ажиллагааг дээшлүүлэх, цэргийн хамтын ажиллагаа-итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

      ОХУ-д зохион байгуулагдсан “Спасская башня”, БНСУ-д зохион байгуулагдсан “Олон улсын цэргийн хөгжимчдийн болон Хүндэт харуулын наадам”, ОХУ, Казакстан Улсуудад зохион байгуулагдсан “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Хээрийн гал тогоо” тэмцээн, Рио-2016 олимпийн их наадам, Швейцарийн Холбооны Улсад зохион байгуулагдсан цэргийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн, Катар Улсад зохион байгуулагдсан дэлхийн цэргийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, талуудын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

     Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд цэргийн төв эмнэлэгт Австри Улсад бүртгэлтэй “AME International” компаниас 60 нэр төрлийн 123 нэгж багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авч, өмнө нь хийх боломжгүй байсан 17 нэр төрлийн шинжилгээ, 6 төрлийн мэс засал хийх боломжийг бүрдүүлж, 2016 онд нийт 84680 гаруй хүнд эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн статистик үзүүлэлт гарч “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

    Монгол Улсын хэмжээнд 4 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Бүх Ард Түмний 14 дүгээр их наадамд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг, тамирчид спортын 18 төрлөөр бэлтгэлээ ханган оролцож, нийт 83 алт, 52 мөнгө, 30 хүрэл медалийг хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр өвлийн болон зуны төрлүүдэд тэргүүн байрыг эзэл, өмнөх спортын их наадмуудад үзүүлсэн амжилтуудаа бататган 12 дахь удаагаа тэргүүлсэн нь түүхэнд дахин давтагдашгүй өндөр амжилтыг гаргаж чадлаа.

      Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд 1000 орчим, тус хөтөлбөр хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2400 гаруй оюутан залуус хамрагдаад байна.

        Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр Зэвсэгт хүчний томилогдсон бүрэлдэхүүн Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн голд
45 метрийн урттай 40 тонны даацтай хөвөгч гүүр тавих ажлыг амжилттай зохион байгуулж, нийт 346,828 зорчигч, 58,100 тээврийн хэрэгсэл, 39,039 толгой мал нэвтрүүлж, гамшгийн үед аврах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.

     Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний 15 анги, байгууллагын 286 цэргийн алба хаагч, ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль болон Ахлагч бэлтгэх төвийн 260 цэргийн алба хаагчдад хүнд машин механизмын оператор, засварчин хос мэргэжил эзэмшүүлсэн.

       Монгол Улсын Зэвсэгт хүчин, түүний бие бүрэлдэхүүн улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоох, батлан хамгаалахад гол тулгуур нь байж, тухайн цаг үеийн төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэн, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой амжилтад хүрсэн.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017