ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОРОЛЦОО

2017 оны 03 сарын 17

        Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай Зэвсэгт хүчний нэр хүнд дээшилж, манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна. 

         Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо нь 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн  ажиглагч 2 офицерыг анх удаа илгээснээс эхэлсэн түүхтэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан зэрэг улсуудад болон Судан Улсын Дарфур муж, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих 3 ажиллагаа, нийт 14 ажиллагаанд давхардсан тоогоор нийт 14000 гаруй цэргийн алба хаагч  үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ.

Өнөөдрийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан Улсад явагдаж буй энхийг дэмжих 6 ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагчид, цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

        Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний эзлэх байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014-2016 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS” ажиллагаанд  бүсийн командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа С.Амарсайхан нар үүрэг гүйцэтгэж, ажиллагааны хойд бүсэд НҮБ-д цэрэг хандивлагч 5-6 орны 6-7 мянга гаруй цэргийн алба хаагчдыг удирдан зохион байгуулж, НҮБ-ын дээд штаб, Нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон Хүчний командлагчаас “Онц” үнэлгээтэйгээр үүргээ гүйцэтгэсэн.

        Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар орны аюултай орчин нөхцөлд богино хугацаанд дасан зохицож, цагийн байдлын ямар ч үед өмнөө тавигдсан үүргийг цэргийн мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадварыг НҮБ, Олон улсын эвслийн Хүчний штаб, тухайн орны Зэвсэгт хүчнээс өндрөөр үнэлж, цаашид манай улсын энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагуудыг хамтран зохион байгуулж, харилцан туршлага солилцохыг бодлогын түвшинд эрмэлзэх болсоор байна.

      Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2017 үзүүлэлтээрээ 30 дугаарт жагсаж байгаа нь төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн илэрхийлэл юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 764

Веб холбоос: 11

Нийт зураг: 218

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016