МЭНДЧИЛГЭЭ

2017 оны 03 сарын 17

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

       Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

      Ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст хувь нэмэрээ оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

 

       Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг амь бие үл хайрлан батлан хамгаалагчид, энх цагийн бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ шингээсэн халуун эх орончид, өвөг дээдэс, ахмад үеийн маань байгуулсан гавьяат үйлс, уламжлуулж үлдээсэн үнэт зүйлс нь Зэвсэгт хүчний үе үеийн дайчдын бахархал, хүндэтгэл, үлгэр дуурайлал болсоор ирсэн билээ.

        Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн түүхт ойгоо угтаж байна. “Монгол Улсын батлан хамгаалахын бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн батлан хамгаалах тогтолцоог шинэчилсэн, Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн батлан хамгаалахын багц хуулийг Монгол Улсын Их хурлаар хэлэлцүүлэн батлуулсан амжилтаар түүхийн хуудсыг баяжуулан үлдээлээ. Энэхүү шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчнийг “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэхээр хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг болно. 

        Өнгөрсөн онд энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль, сургалт, дадлагуудыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсаны дотор “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлага нь анх удаа дэлхийн 5 тивийн нийт 46 орны 2000 гаруй цэргийн алба хаагчдыг хамруулсан ач холбогдолтой сургалт, дадлага болсон юм. Түүнчлэн ОХУ, АНУ, БНЭУ, Япон, Катар зэрэг улсуудын Зэвсэгт хүчинтэй хоёр талын хамтарсан хээрийн сургуулиудыг амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, талуудын хооронд цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ боллоо.

       Өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд манай цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргийн дагуу даян дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж, өөрийн хувь нэмрээ оруулж байгаагийн илэрхийлэл бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин нь төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр байгаагийн тод жишээ болж байна.

      Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоо  үеийн үед мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 815

Веб холбоос: 11

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016