IP буюу Интернэт протоколын IPv6 хувилбар

2017 оны 03 сарын 31

Оршил

Монгол улсын интернэт хэрэглээний талаар

      Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 59 аж ахуйн нэгж 2015 оны 01 сарын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаагаас 12 үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, мөн 12 үйлчилгээ эрхлэгч нь Улаанбаатар хотод,  35 үйлчилгээ эрхлэгч нь хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээ хүргэж байна.

    Тус хороо нь Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик мэдээ, мэдээллийг нэгтгэх ажлын хүрээнд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдээс бүртгэлтэй гэрээ бүхий интернет хэрэглэгчийн тоог 2014 оны жилийн эцсийн байдлаар нэгтгэж үзэхэд 227,735 хүрээд байна (Интернет хэрэглэгчийн тооны судалгаанд үүрэн телефон холбооны 3G сүлжээ ашиглан интернет ашиглаж буй хэрэглэгчийн тоо ороогүй болно). Өнөөдрийн байдлаар үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иудын 3G (GPRS, EDG, EVDO) сүлжээнд нийт хэрэглэгчийн тоо 2014 оны жилийн эцсийн байдлаар 1,734,414 хүрээд байна. Нийт интернет хэрэглэгчдийн 83.51 хувь нь Улаанбаатар хотод, 12.69 хувь нь аймгийн төвүүдэд, 3.80 хувь сумдын төвүүдэд байна. Харин интернетийн үйлчилгээний гадаад урсгалын хэмжээ 2014 оны жилийн эцсийн байдлаар 42 Gbps, дотоод урсгалын хэмжээ 29.5 Gbps байна. Мэдээлэл, харилцаа холбооны статистик мэдээ, мэдээллийн дүнгийн нэгтгэлээс харахад орон нутгийн интернет хэрэглэгчид хамгийн багадаа 128Kбит/сек буюу түүнээс дээш хурдтай, Улаанбаатар хотын интернет хэрэглэгчид хамгийн багадаа 512Кбит/с-ээс дээш хурдтай интернетийн үйлчилгээг ашиглаж  байна.

IP хаяг

      IP хаяг нь компьютерийн сүлжээнд холбоотой, IP буюу Internet Protocol-ийг ашиглан холбогдож байгаа бүх төхөөрөмжинд байдаг тоон хаяг юм. IP буюу Интернэт протокол нь сүлжээнд байгаа компьютерүүд хэрхэн яаж хоорондоо холбогдохыг үзүүлдэг дүрэм юм. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо ярилцдаг хэл юм. Интернэт протоколын IPv4 ба IPv6 гэсэн хоёр хувилбар байдаг бөгөөд тус бүрийн хаяглалтын схем өөр.

   IP хаягууд нь хоёртын тооллоор хадгалагддаг боловч дэлгэцэнд харуулахдаа хүнд илүү ойлгомжтой 192.168.0.1 (IPv4) эсвэл 2001:db8:0:1234:0:567:1:1 (IPv6) гэх мэт хэлбэрээр гаргадаг. IP хаягийн үүргийг дараах хэлбэрээр тодорхойлжээ: "Нэр нь бидний хайж байгаа зүйлийг тодорхойлдог. Хаяг (address) нь хаана байгааг нь харуулдаг. Зам (route) нь яаж тэнд очихыг харуулдаг юм."

      TCP/IP-г анх зохион бүтээхдээ IP хаягийг 32-бит тоогоор тодорхойлсон бөгөөд Internet Protocol Version 4 (IPv4) буюу IPv4 хувилбар нэрээр одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа болно. Гэсэн хэдий ч интернетийн хурдацтай өсөлтийн улмаас IPv4 хаягийн нөөц хүрэлцээгүй болж байгаа учраас шинэ хаягийн систем - IPv6-г 128 бит хэрэглэн боловсруулжээ.

     Интернет протокол нь сүлжээнүүдийн хооронд мэдээллийн багцуудыг чиглүүлэх үүрэгтэй бөгөөд IP хаягууд нь сүлжээний бүтэц, зам дээр мэдээллийн эх үүсвэр болон хүрэх төхөөрөмжийн байрлалыг тодорхойлж байдаг. Энэ зорилгоор IP хаягны зарим битүүд нь сабнэт буюу дэд сүлжээг тодорхойлоход хэрэглэгддэг. CIDR (Classless Inter-Domain Routing) бичлэгээр бол дэд сүлжээг тодорхойлогч битийг IP хаягны ард 192.168.100.1/16 байдлаар тэмдэглэдэг. IP хаяг нь дотоод (дотоод сүлжээнд хэрэглэх) болон гадаад (интернет, WAN сүлжээнд) байж болно.

     IP хаягны эхэн үеийн стандартуудад IP хаягийг үүнийг компьютер эсвэл сүлжээний төхөөрөмж тус бүрд онцгойгоор зааж өгсөн байхаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч хувийн буюу дотоод сүлжээнүүд олноор гарч ирэхэд заавал тус тусдаа IP хаягтай байх нь хүрэлцээгүй болохоор байсан тул RFC 1918 стандарт гаргасан бөгөөд энэ стандартын дагуу хэн ч, хаана ч дотоод сүлжээндээ хэрэглэж болохоор дотоод IP хаягуудыг тодорхойлж өгсөн. Харин эдгээр дотоод сүлжээнүүд нь интернетд хандахдаа NAT буюу Network Address Translation ашиглан нэгдсэн нэг гадаад хаягаар хандаж болдог байна.

      Дэлхий дээрх IP хаягны зохион байгуулалт, бүртгэлийг Internet Assigned Numbers Authority (IANA) байгууллага хариуцдаг. Энэ байгууллага бүс нутгийн 5 бүртгэлийн байгууллагатай хамтран улс улсын интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) байгууллагууд болон бусад талуудад IP хаягуудыг хуваарилан өгдөг.

 

      Бидний өдөр тутмын хэрэглээ болсон интернэт сүлжээний салшгүй нэгэн хэсэг болох IPv4 протокол нь анх стандарт болон батлагдах үедээ 2^32 (4’294’967’296) ширхэг хаяглалтыг хүн төрөлхтөний хувьд хангалттай гэж үзэж байсан хэдий ч энэ нь ирээдүйн харилцаа холбоо, интернэт сүлжээний дүр төрх, чиг хандлагыг дутуу тооцоолсон явдал гэдэг нь бидэнд нэгэнт тодорхой болоод байна (Зураг 1). Тухайлбал мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшил, ололт, амжилтууд тэр дундаа дэлхийг аалзны тор мэт хэрсэн интернэт сүлжээний үсрэнгүй хөгжил, дэлхийн даяарчлал хийгээд хүн амын хурдацтай өсөлт зэрэг олон шалтгааны улмаас IPv4 нь интернэт сүлжээн дэх бүх төхөөрөмжүүдийг хаяглахад хүрэлцэхгүй гэдэг нь тодорхой болж эхлэх үеэс буюу 1990-ээд оны сүүлчээс эхлэн Internet Engineering Task Force дээрх асуудлуудыг шийдэх гарц, интернет сүлжээний хаяглалтын дараагийн алхмыг хайж  эхэлсэн. Үүний үр дүнд IETF-ийн эрдэмтэн судлаачид 2^128 тооны хаяглалтын боломж бүхий IPv6-г боловсруулан гаргаж 1999 онд стандарт болгон баталсан юм.

Зураг 1. IPv4 хаяглалтын хүрэлцээг харуулсан график

       IPv6-г бүх нийтээр хэрэглэж эхэлснээр хаяглалтын боломж дуусах гэсэн асуудал бүр мөсөн алга болохоос гадна өөр олон давуу талууд бий. Гэсэн хэдий ч тус технологийг хэрэглэж эхлэхэд нэг том асуудал тулгарсан нь дэлхий нийтээр тархсан сүлжээний төхөөрөмжүүдийн ихэнх нь IPv6-г стандарт болж батлагдахаас өмнө хийгдсэн байсан тул шинэ технологийг бүх нийтээрээ хэрэглэж эхлэхийн тулд тэдгээр төхөөрөмжүүдийг бүгдийг нь IPv6-г дэмждэг шинэ төхөөрөмжүүдээр солих шаардлага гарсан. Гэвч хөрөнгө мөнгө, цаг хугацаа зэрэг шалтгаануудыг авч үзвэл энэ нь бодит амьдрал дээр нэн даруй биелэх боломж бараг үгүй юм. Тиймээс дэлхий нийтээр нэгэн зэрэг IPv6 руу шилжих биш харин бага багаар өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд үүнийгээ хэрэгжүүлж эхлээд байгаа. “Google” сайтын хэрэглэгчдийнхээ хандалтанд тулгуурлан хийсэн судалгаагаар 2017 оны 03 сарын 27-ны байдлаар тус сайтын хэрэглэгчдийн 13.5% нь IPv6 протоколыг ашиглан холбогджээ. IPv6 протоколыг хэрэгжүүлсэн байдлаар нь авч үзвэл 0.02% нь 6to4/Teredo туннель ашигласан байна (Зураг 2).

Зураг 2. “Google” сайтын хэрэглэгчдийн IPv6 протоколын ашиглалтын график

Зураг 3. “Google” сайт руу IPv6 протоколоор хандсан хандалтуудыг улс улсаар нь харуулсан график.

IPv4-өөс ялгагдах онцлог болон давуу талууд

  • IPv4 нь 32 битийн урттай байдаг бол IPv6 нь 128 бит урттай байдаг.
  • Хаяглалтын хүрээ IPv4-өөс асар их. IPv4 нь 4’294’967’296 хост хаяглах боломжтой бол IPv6 нь 3.4×1038  хост хаяглахад  хүрэлцэнэ.
  • IPv6-гийн бүтэц нь IPv4-тэй харьцуулбал энгийн бөгөөд өгөгдлүүдийг fragmentation хийдэггүй учир чиглүүлэгчийн хийх ажлыг харьцангуй хялбар болгодог.
  • IPv4-г бодвол гар утасны сүлжээнд илүү тохиромжтой.
  • IPv4-ийн хаягууд 10-тын тооноос бүтсэн байдаг бол IPv6-гийн хаягууд 16-тын тоонуудаас тогтсон байдаг. Жишээ нь: 1234:5678:9abc:def0:1234:5678:9abc:def0
  • IPv6-гийн бүтцэд checksum байдаггүй. Учир нь өгөгдөл сүлжээний 2-р түвшинд очихдоо тооцоолол хийгдэж шалгагддаг учир дахин шалгах шаардлагагүй гэж үзсэн.
  • Хаягийн тоо хангалттай учир Network Address Translantion ашиглах шаардлагагүй болсон.
  • Хаягийг хуваарилахад хялбар.
  • IPv4 дээр чиглүүлэгчүүд нь өгөгдлийг хэсэгчлэн хуваадаг бол IPv6-гийн хувьд илгээж буй тал энэ үүргийг гүйцэтгэдэг.
  • IPv6 автоматаар хаяглалт хийдэг.

Зураг 3. IPv4 ба IPv6 протоколуудын боломжит хаягийн тоо

IPv6 хаягийн төрлүүд

IPv6 хаягуудыг ерөнхийд нь 3 ангилдаг. Үүнд:

  • Unicast address буюу Нэгтгэн томьёолсон хаяг

Энэ хаягийг интерфэйс дээр өгдөг бөгөөд нэгтгэн томьёолсон хаяг руу чиглэсэн IPv6 паккет нь тухайн хаягийн интерфэйс дээр ирдэг.

  • Multicast address буюу Үржүүлэн цацах хаяг

Сүлжээн дэх хэсэг бүлэг интерфэйсүүдийг нэг групп болгон multicast хаягаар хаягладаг. Multicast хаягаар чиглэсэн Pv6 паккет нь тухайн группын бүх интерфэйс дээр ирдэг.

  • Anycast address буюу Дурын төлөөлөх хаяг

Энэ нь сүлжээн дэх хэсэг интерфэйсүүдийг хаягладгаараа multicast хаягтай төстэй боловч дурын төлөөлөх хаягаар чиглэгдсэн паккет хамгийн ойрын интерфэйс дээр очдог.

 

IPv6 хаягуудыг хэрхэн унших вэ?

IPv6 хаяг нь ерөнхийдөө A:A:A:A:A:A:A:A хэлбэртэй байна. Үүнд “A” нь 16-тын тооллын системийн тоо юм. Жишээлбэл: 2EBD:153B:382B:23C1:BB49:459C:4EF8:93A7

Нэг хаяг нь дотроо найман дэд хэсэг болон хуваагддаг.  Тэдгээр дэд хэсгүүд дан тэгээс бүрдэж байвал бичиглэл хэмнэх үүднээс тэдгээрийг “::” гэж товчилж бичиж болно. Мөн нэг дэд хэсгийн эхний тэгүүдийг орхин хураангуйлж бичиж болно. Жишээлбэл: A76C:23EF::3 гэсэн хураангуй хаягийг бүтэн байдлаар бичвэл A76C : 23EF : 0000 : 0000 : 0000 : 0000 : 0000 : 0003 гэсэн хаяг болох юм.

IPv6 хаягийг тэмдэглэх өөр нэгэн арга нь тухайн хаягийн сүүлчийн 32 битийг аравтын тооллын системээр цэгүүдээр тусгаарлаж бичих юм. Жишээлбэл 21BC::11.0.0.1 хаяг нь 21BC : 0000 : 0000 : 0000 : 0000 : 0000 : 0B00 : 0001 гэсэн хаяг болно. Үүнийг мөн хураангуйлж  21BC::В00:1 гэж бичиж болно.

 

IPv6 header-ийн бүтэц

IPv6-гийн header IPv4-ийнхийг бодвол харьцангуй энгийн байдгаараа давуу талтай.

Version (4 бит) :

  • Тогтмол 6-г заана. 2-тын тооллын системд 0110 буюу нийт 4 бит зай эзэлнэ.

Traffic Class (8 бит)

  • Энэ талбарын битүүд 2 утгыг заана. Ахлах 6 орон нь DSCP-г, үлдсэн 2 орон нь ECN-г заана.

Payload Length (16 бит)

  • Өгөгдлийн уртыг заах бөгөөд 64КБ-аас хэтэрвэл 0 болоод Jumbo Payload жинхэнэ уртыг заана.

Next Header (8 бит)

  • Дараагийн толгойн төрлийг тодорхойлдог.

Hop Limit (8 бит)

  • IPv4-ийн толгойн бүтэц дотор байдаг Time To Live-тэй адил ойлголт юм. Гэхдээ секундээр хэмждэггүй, hop-ын тоогоор хэмждэг. Өгөгдөл хамгийн ихдээ нийт 254 чиглүүлэгчээр дамжин өнгөрч болно. Чиглүүлэгч тус бүр дээр ирэхдээ тоо нь багассаар байгаад 0 болбол өгөгдөл устана.

Source Address (128 бит)

  • Өгөгдлийг илгээж буй талын хаяг.

Destination Address (128 бит)

  • Өгөгдлийг хүлээн авах талын хаяг.

Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017