ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕР, АХЛАГЧИЙН ЁСЗҮЙН ДҮРЭМ

2017 оны 04 сарын 04

ЗХЖШ-ын даргын 2016 оны а/302 дугаар тушаалын хавсралт

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕР, АХЛАГЧИЙН ЁСЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.         Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд офицер, ахлагч нар үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2.         Энэхүү дүрэм нь офицер, ахлагч нар тухайн ажлын байранд хариуцсан ажил, үүргээ чанд биелүүлэх, аливаа зөрчил, гажуудлаас сэргийлэх, иргэд, цэргийн албан хаагчидтай зөв боловсон харилцах, Зэвсэгт хүчин, анги байгууллага, хамт олны нэр хүндийг эрхэмлэн хамгаалахад чиглэгдэнэ.

1.3.         Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль бусад холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон энэхүү дүрмээр тодорхойлогдоно.

1.4.         Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөх нь Зэвсэгт хүчний офицер, ахлагч, албан хаагчдын журамт үүрэг мөн.

Хоёр. Нэр томьёоны тайлбар

2.1.         Цэргийн тангараг, Цэргийн дүрмээр тогтоосон болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогц”-ыг ёс зүйн хэм хэмжээ гэнэ.

2.2.         Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ёс зүйн зөрчил гэнэ.

Гурав. Хамрах хүрээ

3.1.         Энэхүүдүрэм нь Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт үйлчилнэ.

3.2.         Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй болон гадаад улсад сургууль, дамжаанд суралцагчид, хурал, семинар, сургалт, уулзалтад оролцож буй офицер, ахлагч нарт нэгэн адил хамаарна.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ

4.1.         Офицер, ахлагч нар эх орноо батлан хамгаалах үйлсэд өөрийн мэдлэг, чадвар, дадлага туршилгаа бүрэн зориулж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хууль дээдлэх, захирах захирагдах, шударга ёсны зарчмыг баримтална.

4.2.         Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн дараахь хэм хэмжээг дагаж мөрденө.

4.2.1.      Цэргийн албан хаагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улс түүний Зэвсэгт хүчний нэр төр, алдар хүндийг өндөрт өргөж, эрх ашгийг дээдлэнэ;

4.2.2.      Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрдөж байгаа дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтална;

4.2.3.      Офицер, ахлагч нар нь мэдлэг боловсрол, сахилга хариуцлага, зан байдлаараа иргэд олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээж, Зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмэр оруулж ажиллана;

4.2.4.      Цэргийн дүрэм, ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтод тусгасан ажил, Офицерын алба хаах гэрээ, Ахлагчийн алба хаах гэрээ болон Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана;

4.2.5.      Албан тушаал, хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглах, албан үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгээгүйнхээ төлөө хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл, шан харамж, хээл_хахууль, бэлэг сэлт бусдаас авах, шахаж шаардах, ятгах, зуучлах, хуульд харш болзол тавих, албаны нэрээр түрий барих, бөө мөргөл шашны үйлээр далайлган сүрдүүлэхийг цээрлэнэ;

4.2.6.      Төр, цэргийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалж, албан ёсны шийдвэр гараагүй байхад олсон мэдээллээ нийтэд урьдчилан мэдээлэх, хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно;

4.2.7.      Офицер, ахлагч нар албан тушаал, ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнд суртал гаргах, иргэд, цэргийн алба хаагчдыг чирэгдүүлэх, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус харьцах, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь хууль бусаар халдах, дарамтлах, албан тушаалаа урвуулан ашиглах, хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх, бусдын буруу нөлөөнд автах, улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөн, албан тушаалтны сонгуулийн ажил, сурталчилгаанд оролцохыг хориглоно;

4.2.8.      Дарга захирагч нараас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг ёсчлон биелүүлэхийн зэрэгцээ албаны ажилд хүндэтгэлтзй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, хууль бус үйлдэл хийхийг шаардахыг хориглоно;

4.2.9.      Анги, байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлс, албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахыг цээрлэнэ;

4.2.10.   Дээд шатны албан тушаалтныг асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангана;

4.2.11.   Өөрийн өмчийн байдалд орсон өөрчлөлт, хөрөнгө орлогын талаар, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үнэн зөв мэдээлж, ашиг сонирхолын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзана;

4.2.12.   Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд, түүнчлэн цэргийн дүрэмт хувцастай байх үедзэ архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргах, албан тушаал, биеийн хүчний давуу байдлаа ашиглан бэлгийн харьцаанд орохыг шаардах, дарамтлахыг хориглоно;

4.2.13.   Анги, байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, хамт олны эв нэгдлийг хагарган бутаргах, худал мэдээлэл тараах, бусдын нэр төр алдар хүндийг гутаан доромжлох, үндэслэлгүйгээр гүтгэх, нэр хоч өгөхийг цээрлэнэ;

4.2.14.   Офицер, ахлагч нар биеийн жингийн зохистой харьцааг хадгалан. цэргийн дүрэмт хувцасыг дүрмийн дагуу цэвэр, үзэмжтэй өмсөж, олон нийтийн газар биеэ зөв авч явна;

4.2.15.   Зэвсэгт хүчний Жанжин штаб, анги байгууллагын захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр шагнуулах, гадаад, дотоодын сургууль, дамжаа, гадаад хамтын ажиллагаанд хамрагдахыг хориглоно;

4.2.16.   Гадаадын цэргийн академи, их дээд сургуульд суралцаж буй болон Энхийг дэмжих ажиллагаа, хурал зөвлөгөөн, семинарт оролцож буй офицер, ахлагч нар тухайн орны хууль тогтоомж, зан заншлыг хүндэтгэж, Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг эрхэмлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ;

4.2.17.   Төрийн ба төрийн бус байгууллагын ажилд анги байгууллага, удирдлагын зөвшөөрлөөр оролцоно;

4.2.18.   Офицер, ахлагч нар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг эдлэхдээ албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх, радио телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо анги байгууллага, ЗХЖШ-аас зөвшөөрөл авна;

4.2.19.   Хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг шат шатны дарга захирагчидаа илтгэнэ;

Тав. Ёс зүйн хороо

5.1.         Зэвсэгт хүчин Ёс зүйн хороотой байна.

5.2.         Ёс зүйн хороо нь дарга, нарийн бичгийн дарга, 5 /тав/ гишүүнтэй байна.

5.3.         Ёс зүйн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилно.

5.4.         Ёс зүйн хороо нь Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрмийг Зэвсэгт хүчний хэмжээнд сахин мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

5.5.         Ёс зүйн хороо жилийн ажлын тайлангаа дараа оны 1 дүгээр сард ЗХЖШ-ын даргын зөвлөлд тайлагнана.

Зургаа. Ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх

6.1.         Ёс зүйн хэм хэмжээ нь офицер, ахлагч байх, албан тушаал дэвших, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулахад харгалзах үзүүлэлт болно.

6.2.         Цэргийн алба хаагч өөрийн ёс зүйн төлөвшлийг хариуцах бөгөөд бүх шатны дарга захирагч нар тэдний ёс зүйгээ сахин биелүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, өөрийн биеэр үлгэрлэх зэргээр алба хаагчийн ёс зүйн төлөвшилд анхаарч ажиллана.

6.3.         Цэргийн алба хаагчийн ёс зүйн төлөвшил нь ухамсар дээр тулгуурлахаас гадна албаны онцлогийг харгалзан анги байгууллагын удирдлага албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулна.

Долоо. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх

7.1.         Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг удирдлага болгоно.

7.2.         Офицер, ахлагч ёс зүйн зөрчил гаргасан тухай өргөдөл, гомдол, мэдээллийг Зэвсэгт хүчний Ёс зүйн хороо хүлээн авч, тухай бүрт нь хэлэлцэж, дүгнэлт гаргана.

7.3.         Ёс зүйн зөрчлийг дараах үндэслэлээр шалгана.

7.3.1.      Иргэд, цэргийн алба хаагч, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллээр;

7.3.2.      Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг үндэслэн;

7.3.3.      Байгууллагын удирдлагаас ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн;

7.4.         Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдлийг тогтоох, шалгах, дүгнэлт гаргахдаа алдар цол, албан тушаал, ажилласан жил, нутаг ус, үндэс угсаа, хөрөнгө чинээг ялгаварлалгүй хандах зарчимыг баримтална.

7.5.         Ёс зүйн зөрчил гаргасан офицер, ахлагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.6.         Ёс зүйн зөрчлийн улмаас гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол Ёс зүйн хороо дүгнэлт, шийдвэр гаргаж холбогдох байгууллагад шилжүүлж, шалгуулах арга хэмжээ авна.

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017