“ХААНЫ ЭРЭЛД-2017” ТОВЛОГДЛОО

2017 оны 04 сарын 06

        “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлага 15 дахь жилдээ манай улсад болох гэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин болон  Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын төлөвлөлтийн багууд хамтран “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлыг өнгөрсөн 3 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулав. Хуралд БНСУ, БНХАУ болон Япон Улсын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсыг хавсран суугаа Итали, Унгар Улсын батлан хамгаалахын атташе, Олон улсын Улаан загалмайн хорооны тэргүүлэгч нар оролцож, сургалт болох цаг хугацаа, үйл ажиллагааны нэгдсэн товыг гарлаа. Төлөвлөлтийн хуралд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй албаныхан оролцсон.

        Энэ жилийн сургууль ирэх 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Урьдчилсан байдлаар АНУ, Австрали, Балба, Бангладеш, БНХАУ, БНСУ, БНЭУ, Вьетнам, Камбожи, Канад, ИБУИНВУ, Индонез, Итали, Колумб, Малайз, Монгол, Папуа Шинэ Гвиней, Сингапур, Тажикстан, Унгар, Филиппин, Франц, ХБНГУ, Швед, Шинэ Зеланд, Шри-Ланка, Япон зэрэг 28 улсын 1100 гаруй цэргийн алба хаагч оролцохоо мэдэгдээд байна.

      Тус олон улсын сургалт, дадлагын хүрээнд явагдах Команд штабын сургуультай уялдуулан ротын хээрийн сургууль, мэдээллийн ажиллагаа, кибер аюулгүй байдлын сургалтуудыг анх удаа зохион байгуулахаар төлөвлөсөн нь онцлог аж.  Шинээр зохион байгуулахаар төлөвлөсөн ротын хээрийн сургуулийн үндсэн зорилго нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэлийг хангаж буй мотобуудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг ажиллагааны арга техникт сургахад чиглэж байгаа юм. Ялангуяа рот, салаагаар бие даан үүрэг үүрэг гүйцэтгэх, ажиллагааны газар орон дахь бусад салбар болон олон улсын байгууллагуудтай харилцан ажиллагаа зохион байгуулах, шийдвэр гаргах ажиллагаанд сурган дадлагажуулахад оршиж байна.

       Мөн тус сургуулийн хүрээнд амьд гарах арга ухааны сургалтыг Хөдөө аж ахуйн их сургуулийн Экосистемийн судалгааны төвтэй хамтран Монгол Улсын нутаг дэвсгэр болон ялангуяа Хустайн нуруу орчим газар орны өвс, ургамлын онцлог, хортой болон хүнс, эмийн зориулалтаар ашиглаж болох ургамлыг таньж мэдэх хээрийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн нь Зэвсэгт хүчнийг төрийн болон иргэний байгууллагуудад сурталчлах, иргэн-цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой аж.

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017