ЕСӨН АЛБА ХААГЧДАД ГЭР ГАРДУУЛЛАА

2017 оны 04 сарын 06

       Батлан хамгаалахын сайдын тушаалаар гал түймрийн гамшигт өртөж өмссөн хувцаснаас өөр зүйлгүй үлдсэн  есөн цэргийн алба хаагчид өргөө цагаан гэр гардуулах ажлын хэсгийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг ахлан Өмнөговь аймагт ажиллалаа.

       Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн есөн айлын албан тушаалын байр өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гал түймрийн гамшигт өртсөн юм. Гал гарах үеэр аз болж хүн байгаагүй бөгөөд хуурайшилт ихтэй байсан учир гал эрчээ түргэн авч шатсан талаар нутгийн иргэд ярьж байна. Галын улмаас амьдрах орон байргүй болсон есөн өрхөд БХЯ-ны Төрийн нарын бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг гэр гардуулан өгсөн юм. Мөн энэ үеэр  Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон  нэг өдрийн цалингаа хандивласныг ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх гардуулсан. Нутгийн удирдлагууд удахгүй эдгээр айлын хашаа хатгах  газрын асуудлыг шийдвэрлэж өгөхөө энэ үеэр амласан юм.

       Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн  сэтгэлээр гал түймрийн гамшгийн уршгаар  өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн есөн өрхийн долоон хүүхдэд аймгийн зах дээр лангуу түрээслэн амьдарлаа залгуулдаг иргэд  хандивын гараа сунган  иж бүрэн хувцаслажээ. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн ихэнх сумдаар цаг агаар цочир хүйтэрч, цасан шуурга болжээ. Тухайлбал, аймгийн дөрвөн суманд хэдэн зуун  мал болон 52 хүн сураггүй алга болсны улмаас аймагт онцгой байдал зарласан байна. Энэ үеэр Зэвсэгт хүчний 167 дугаар анги шаардлагатай арга хэмжээг авч хүн хүч, техник  хэрэгслийг гарган сураггүй болсон хүмүүс, хэдэн зуун малд учирч болох аюулаас урьдчилан сэргийлж, дэмжлэг үзүүлсэн талаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзах үеэр онцолж байв.

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн  ахлагч Г.Баасанжавын эхнэр Н.БҮрнээбаяр:

     - Гай зовлон гэдэг хэлж ирэх биш дээ. Тэр өдөр байр маань эзэнгүй байсан. “Гал түймэр гарч байна” гэсэн сургаар хүүхдээ дагуулаад очиход үнэхээр нүд халтирмаар байсан. Гал яах ийхийн зуургүй л дэгдээд нүдэн дээр байр шатаж дууссан. Тодорхой хугацаанд энэ байранд амьдарч аз жаргал баяр гунигийг мэдэрч байсан хэн бүхэнд энэ үйл явдал хүнд туслаа. Манай нөхөр БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа. Түүнийг маань байхгүй хойгуур нь ийм зүйл болсон харамсалтай байна. Гэхдээ БХЯ, ЗХЖШ, ангийн хамт олон болон орон нутгийн  удирдлагуудын дэмжлэгээр бид бүхэн орон гэртэй боллоо. Шуурхай арга хэмжээ авч ажилласан та бүхэнд маш их баярлалаа.

Ахлагч А.АЛТАНХУЯГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017