КОМАНДЛАЛУУД ЦЭРГИЙН ТУГ, ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

2017 оны 04 сарын 06

      2015 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг болон Агаарын цэрэгтэй байхаар зааж,  цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилсан. Төрлийн цэргийн командлалууд бие даан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсний дагуу өнгөрсөн нэгдүгээр сард УБЕГ-т бүртгүүлж, гэрчилгээ, командлалын тэмдгээ авч байсан бол энэ сарын 3-нд цэргийн туг, үнэмлэхээ гардан авлаа. Цэргийн туг, үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, Дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн оролцов.

     Ёслолын үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ  “Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага болох ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг командлал, Агаарын цэргийн командлалд бие дааж үйл ажиллагаагаа явуулах зарим эрхийг шилжүүлэн өгч байна.  Түүний нэг нь өнөөдрийн цэргийн туг болон үнэмлэх гардуулах арга хэмжээ юм. Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын цэргийн туг нь нийт бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм. Хоёр командлалын бие бүрэлдэхүүн, харьяа анги, салбарын алба хаагчдад баяр хүргэж, байлдааны бэлэн байдал, цэргийн сахилга, сургалт бэлтгэлдээ өндөр амжилт гаргахыг хүсье” гэсэн юм.  Бие даан үйл ажиллагаа явуулах командлалын удирдлагууд баярын сэтгэгдлээ ийн хуваалцав.

Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар:

      - Шинэчлэн батлагдсан хууль, эрх зүйн хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулах орчныг нь бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бие дааж эхлэх нь асар их хариуцлагыг хамтад нь өгч байгаа учраас бид бүхэн  хичээж байна. Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн эрхэлсэн ажилдаа амжилттай ажиллахын төлөө хичээх болно.

Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр:

   - Өнөөдөр Агаарын цэргийн командлалын хувьд түүхэн өдөр боллоо.  Бүрэлдэхүүний маань сүсэглэн дээдлэх ариун шүтээн оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл болсон цэргийн тугаа авч байгаадаа туйлын баяртай байна.  Энэ бол бие даасан командлалтай болж байгаагийн тод илэрхийлэл. Командлалын бие даан үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлж байгаа БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад эх орноо  батлан хамгаалах үүрэгтэй алба хаагчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017