ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

2017 оны 04 сарын 21

     Батлан хамгаалахын сайдын 2014 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалах яаманд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-д саяхан өөрчлөлт орсон. Энэ талаар БХЯ-ны ТЗУГ-ын ахмадын бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ю.БАЯРЧИМЭГЭЭС тодрууллаа.

Энэ журамд өөрчлөлт оруулах ямар үндэслэл байв?

     -Өргөдөл, гомдол нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны олон талт асуудлыг шийдвэрлэхэд зохих нөлөө үзүүлж, цэргийн алба хаагч болон иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, ардчилал, шударга ёсыг хангаж, алдаа дутагдал, хууль бус үйлдлийг илрүүлэх арга хэлбэр юм. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд манай цэргийн алба хаагчид хувийн хэрэгцээгээ шийдвэрлүүлэх, сайжруулахаар шат алгасаж, тэр дундаа улс төрийн албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах байдал нэмэгдэж байна. Сүүлийн гурван жилийн байдлыг авч үзвэл улс төрийн албан тушаалтанд шууд хандаж Зэвсэгт хүчний анги, байгууллагад шилжин ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл 48, төрийн одон медаль, салбарын шагнал болон цэргийн цол нэмэх хүсэлт 36 байна. Тэд өргөдөлдөө анги, байгууллагын тодорхой албан тушаал зааж, дэвшин ажиллах эсвэл цэргийн цол нэмүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Цэргийн алба хаагч албаныхаа онцлог эрхийн хязгаарлалтаа гүйцэд ухамсарлахгүйгээр цэргийн дүрмээ зөрчих тохиолдол гарч байгаа учраас энэ журамд өөрчлөлт орсон.

Тэгэхээр ямар өөрчлөлт орсон бэ?

     -Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу дараах үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянаж үзэхгүйгээр өргөдөл гаргагчид буцаан хүргүүлэхээр төсөлд оруулсан. Үүнд, Цэргийн алба хаагч захирагч /дарга/-ын зөвшөөрөлгүйгээр улс төрийн албан тушаалтан болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтанд шууд хандан цэргийн цол, төрийн болон салбарын шагналаар шагнуулахыг хүсч өргөдөл, гомдол, санал гаргасан бол хянаж үзэхгүй буцаана. Цэргийн алба хаагч хувийн эрэлт хэрэгцээ /гадаад, дотоодын сургууль, дунд болон богино хугацааны сургалт, дамжаанд суралцах, орон сууцны нөхцөл сайжруулах, хууль, тогтоомжоор эрх олгогдсон эмчилгээний зардлын дэмжлэг, үүрэгт ажлаас чөлөө хүсэх зэргийг тооцно/-г улс төрийн албан тушаалтан болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтанд шууд хандан гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг захирагч /дарга/-ийн зөвшөөрсөн цохолтгүй бол буцаана. Мөн цэргийн алба хаагчийн нэрийн өмнөөс цэргийн албатай шууд холбогдолтой өргөдөл, гомдол, хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүн гаргасан бол өргөдлийг шууд буцаана. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд, журамд эдгээр хязгаарлалтыг оруулж байгаа ч, холбогдох албан тушаалтанд дүрмийн дагуу хандан БХЯ, ЗХЖШ-т уламжлан ирүүлсэн өргөдөл хүсэлтийг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэдгийг онцлох ёстой. Жишээлбэл, өргөдөл гаргагч цэргийн алба хаагч захирагч /дарга/-аас өгсөн хариуг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрх нь хэвээр байгаа.

БХЯ-нд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар өргөдөл, гомдол хэр их ирэв. Хэрхэн шийдвэрлэв?

     -2017 оны нэгдүгээр улирлын байдлаар БХЯ-нд бичгээр 57, Засгийн газрын санал, хүсэлт хүлээн авах “11-11” төвөөс ирүүлсэн 11 гээд 68 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авлаа. Өргөдөл, гомдолд зохих журмын дагуу хариу өгч ажилласан. Дийлэнх нь гэр, орон сууцаар хангуулах, байлдаанд оролцсон ахмад дайчны үр хүүхдээс тэтгэмж болон орон сууцны дэмжлэг хүсэх, Зэвсэгт хүчний анги, байгууллагад шилжин ажиллах, сургууль, дамжаанд суралцах хүсэлтүүд байна. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017