ЦЭРГИЙН АНГИУДЫН ЭМНЭЛГИЙН ДАГАЖ МӨРДӨХ СТАНДАРТ БАТЛАГДЛАА

2017 оны 04 сарын 21

     Цэргийн ангийн эмнэлгүүдийн нэр томьёоны өөрчлөлт, албан тушаалын нэршил, тусламж үйлчилгээний зэрэглэл, төрөл, хамрах хүрээ, үйлчлүүлэгч зэргийн тодотгон тусгах хэрэгцээ шаардлагын үүднээс “Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа”-ны стандарт батлагджээ. Энэ талаар ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа  Л.ГАНЧИМЭГЭЭС тодрууллаа.

Энэ стандартын  үндсэн зорилго нь юунд оршиж байна вэ?

     -Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн тайван цагт үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад оршино. Түүнчлэн Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, тусгай зөвшөөрөл олгоход хэрэглэнэ. Энэхүү стандарт нь цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа болон тэтгэвэр, чөлөөнд байгаа алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг анхан шатлалд үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд хамаарахаас гадна стандартыг хорих байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагууд нь анхан шатлалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бол нэгэн адил дагаж мөрдөх юм.

Тодорхой ангилал байгаа юу?

     -Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төв, цэргийн анги, салбаруудын тайван цагт гүйцэтгэж буй чиг үүрэг, онцлог, үйлчлүүлэгчийн тооноос хамаарч дөрвөн зэрэглэлтэй байна. Нэгдүгээр зэрэглэлд үйлчлүүлэгчид бага эмч болон дипломын боловсролтой сувилагч нь анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлнэ. Хоёрдугаар зэрэглэлд үйлчлүүлэгчид үндсэн мэргэжлийн их эмч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дангаар эсхүл багаар үзүүлнэ. Гуравдугаар зэрэглэлд үйлчлүүлэгчид үндсэн мэргэжлийн болон төрөлжсөн мэргэшлийн их эмч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг багаар үзүүлнэ. Дөрөвдүгээр зэрэглэлд үйлчлүүлэгчид долоогоос доошгүй үндсэн мэргэжлийн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн төв байх юм.

Хүлээгдэж буй үр дүнгийн талаар?

     -Зэвсэгт хүчний эрүүл мэндийн байгууллагуудын  үйл ажиллагааг өргөжүүлэх, нийгэмд хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлж, цэргийн анги, салбаруудын эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, эмнэлгийн мэргэжилтний чадвар дээшилнэ. Анги, салбарын эрүүл мэндийн төв нь бие даан хөгжсөнөөр эдийн засгийн тодорхой үр ашгийг авчирч, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэх боломж нэмэгдэж,  үйл ажиллагаа бэхжинэ. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн нэгдсэн хяналтын тогтоглцоог бий болгох зэрэг үр дүнг хүлээж байна.

Стандарт хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ, хэрэгжилтийн шалгах ажлын комисс томилогдох уу?

     -2017 оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх ёстой. Үүнийг шалгах Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энд дан ганц цэргийн алба хаагчаас бүрдэхгүй энгийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилчид багтсан байгаа.

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017