ЛАВЛАВААС ХАРИУЛНА

2017 оны 04 сарын 21

     Хугацаат цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд түүнд тэтгэвэр, тэтгэмж олгогдох уу?

     -Хугацаат цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа байлдааны талбар, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцлийн байдалд ажиллах үедээ болон албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс тогтооно. Мөн цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч нь өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Уг тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсан нь тогтоогдох хүртэлх хугацаанд олгоно. Тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь 13 долоо хоногоос хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн хугацаанд тэтгэмжийг олгоно. Цэргийн алба хаагч жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ 26 долоо хоногоос илүүгүй хугацаанд олгоно.

     Хугацаат цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд түүнд ямар хэмжээний тэтгэвэр, тэтгэмж олгох вэ?

     -Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч хөдөлмөрийн чадвар алдсан бол тэдэнд цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс, хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааран хөдөлмөр алдалтын хувь хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтооно.

     Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч хөдөлмөрийн чадвараа түр алдвал түүний сүүлчийн бүтэн ажилласан нэг сарын цалин хөлсний дундажтай тэнцүү хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олгоно.

Хугацаат цэргийн алба хааж байх хугацаандаа хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн авч болох уу?

     -Болохгүй. Тухайн иргэн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд заасны дагуу цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах боломжгүй юм. Учир нь “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль нь Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ алба хаагч /генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч/, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн болон цэргийн сургуулийн сонсогч нарт цэргийн тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан. Харин цэргийн бэлтгэл албаны офицер, ахлагч, түрүүч, байлдагчид цэргийн тэтгэвэр, тэтгэмж олгох зохицуулалт тусгагдаагүй бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэтгэмжийг нөхөж олгох асуудал мөн адил зохицуулагдаагүй байдаг. Иймд тухайн иргэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй юм.

ЗХЖШ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн хуулийн тасаг

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017