НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЦОНХООР...

2017 оны 04 сарын 21

     Исламын Бүгд Найрамдах Афганистан улс, Мазар-и-Шариф хот.  Энэ хот миний төсөөлж байснаас огт өөр юм. Орчин үеийн барилга байгууламж тун ховор. Хамгийн өндөр барилга нь таваас зургаан давхар гэмээр харагдах бөгөөд гудамжаар нь дүүрэн шар өнгийн такси байх бөгөөд зам нь нарийн гэж жигтэйхэн. Магадгүй хоёр машин арай гэж зөрөх замтай энэ улсад олон шар такси нь түгжрэн байх нь манай улсыг санагдуулах. Нутаг дэвсгэрийн хувьд манай Дорноговь аймгийг санагдуулам говирхуу атлаа хотын төв орчимдоо ногоон байгууламж ихтэй. Хотын төвөөс холдох тусам ногоон байгууламж багасав. Хойд хэсгээр өндөр уулс нурууд урагшлах тусам намссаар говь цөл газар болон үргэлжилнэ. Энэ бол нисдэг тэрэгний цонхоор харсан зураглал. 2016 оны зургаадугаар сард цэргийн баг солилцох комиссын бүрэлдэхүүнд багтах учрал  тохиож, Мазар-и-Шариф хотыг нисдэг тэрэгний цонхоор дурандаж яваа маань энэ. Нисдэг тэрэг газрынхаа хэвгийг даган байнга дээш доош болон нисэх нь жаахан тиймхэн. Буудалтаас сэргийлж байгаа нь тэр. Цаг гаран ниссэн. Эхэндээ сүрхий нь аргагүй зураг авч явсан боловч хэд, хэдэн хий огисныхоо дараа бушуухан газар буугаасай гэж бодож явлаа.

     Цагийн байдал хүнд, дайн дажинтай энэ улсад үүргэвчээ үүрээд, аппаратаа тэврээд аялна гэсэн ойлголт байхгүй.  Ийнхүү 30 орчим минут Мазар-и-Шариф хотыг нисдэг тэрэгний цонхоор дурандсаныг эс тооцвол энэ хотын тухай мэдээллийг бараг авч чадсангүй. Дэд хурандаа Н.Бат-Эрдэнийн ахалсан цэргийн баг комиссынхонд мэдээлэл болгож бэлтгэсэн танилцуулгад Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын нийт хүн амынх нь 42 хувь паштун, 27 хувь нь тажик, есөн хувь нь хазар болон узбек үндэстнээс бүрддэг. Хүн амынхаа тоогоор дэлхийд 43 дугаар байрт ордог бөгөөд Монголын газрын тал хувьтай нь тэнцэх нутаг дэвсгэртэй. Төв нийслэл нь Кабул хот, энэ улстай хамгийн ойрхон хиллэдэг улс бол БНХАУ. Мазар-и-Шариф хотын хувьд нэг сая хүн амтай, Афганистандаа дөрөвдүгээрт орох том хот.  Мэдээж алт, мөнгө, зэс, цайр, төмрийн хүдэр, үнэт чулуу, газрын тос, байгалийн хийгээр баялаг нөөцтэй улс гэж дурьджээ. Магадгүй энэ их нөөц, баялгийнхаа уршгаар зөрчилдөөн ихтэй улс болон хувирсныг үгүйсгэх аргагүй юм.  Зөрчилдөөн, маргаангүй цаг тайван байх үед нь буюу 1990-ээд оны үед манай оюутан залуус Афганистан улсад мэргэжил дээшлүүлдэг, манай улсын Элчин сайдын яам хүртэл байрладаг байж. Одоо бол цагийн аясаар бүгд өөрчлөгдөж.

     Цаг агаарын хувьд 6-8 дугаар сард халууны оргил үе. Үгээр хэлэхийн аргагүй бүгчим бөгөөд салхи нь хүртэл халуунаараа.  Монголчууд бид хананаасаа ус гоождог, халуун паартай байшинтай болохын төлөө өр зээлэндээ баригдан байж амьдарч байгаа бол Афганистанд хүйтэн кондейшинтэй байшингүй бол амьдрахад тун амаргүй юм.

     Афганистан улсад явагдаж байгаа НАТО-гийн  “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид бол афган хүний талаар бага сага ойлголттой байдаг юм билээ. Ерөнхийдөө афган эрчүүдийг өнгөц харахад туранхайвтар, дунд зэргийн нуруутай. Бүсгүйчүүдийнх нь хувьд нүд хөмсөг болсон царайлаг гэх бөгөөд миний хувьд харж чадаагүй. Харин афган эрчүүдийн гол давуу чанар бол дайнд бэлтгэгдсэн чадвар юм байна гэж харсан. Ууландаа хэдэн сар, жилээр бүгчихээд буу бариад дайтаад явахдаа мэргэшиж, хат суусан ард түмэн ажээ. Гэхдээ насны жамаар бус цагийн аясаар хорвоог орхих хатуу хувь тавилан энэ ард түмэнд байгаа нь юутай харамсалтай вэ. Хүүхдийн цангинасан инээд энэ улсад зөвхөн номонд л үлдсэн гэлтэй санагдана. Зөвлөлтийн түрэмгийллээс хойш сүүлийн 30 гаруй жил дарийн утаа арилсангүй. Энэ хүүхдүүд хорвоог “ийм” л гэж бодож байгаа.

            Манай цэргийн алба хаагчид Афганистаныг илтгэсэн дурсгалын зүйлсийг “Мармал” баазад байрлах “Базаар” захаас базаадаг юм байна. Олон орны цэргийн алба хаагчдад зориулсан цахилгаан хэрэгсэл, чулуу, нүдний шил болон Афган улсыг илтгэх сувинер зарж борлуулдаг газар юм. “Базаар” захад 20 орчим павильон байрлах бөгөөд  алчуур, чулуу, шатар, ээмэг бөгж, модон тавга гээд худалдаж авахад сонголт ихтэй байна.  Худалдагч афган залуучууд бараагаа зарахын тулд Эрээн хотын хятад худалдагч шиг сүрхий танилцуулах бөгөөд авахгүй гарвал уурлах шинжтэй. Тэнд Хариулла хэмээх монголоор чөлөөтэй ярьдаг афган  худалдагч залуу байна. Манайхан ч хэл амаа ололцоход амар гээд түүгээр үйлчлүүлсээр байгаад чөлөөтэй ярихад нь сургасан бололтойдог. Мань эрийг манай цэргийнхэн хөөргөж, эхнэр авахаар мөнгөө цуглуулж байгаа гэж шоолж инээцгээх.  Учир нь Афганистанд бүсгүйн аав, ээжид нь инж гээч их хэмжээний мөнгө өгч байж эхнэр болгон авдаг ёстой гэнэ. Энэ ёсыг дагахгүй бол ханьгүй явах хувь заяа хүлээж байдаг учраас Хариулла дагах нь зүйн хэрэг биз. Тэрээр монголд очиж үзэхсэн гэж хүсдэг гэнэ лээ.

     Ийнхүү дайн дажин, үймээн самуунтай, ард түмэн нь ядруу яваа Афганистаны талаар төрсөн сэтгэгдлээ төсөрхөн өгүүлэхэд ийм байна. Хэдий цагийн байдал амаргүй, буун дуу тасрахгүй ч надад айх айдас байсангүй. Яагаад гэвэл тэнд  өвөг дээдсийнхээ дайчин чанар, бахархам түүхээ дэлхий дахинаа нотлон харуулж яваа монгол цэргүүд маань байлаа. Афганистанд зорчсон хуруу дарам цөөн эмэгтэй цэргийн алба хаагчийн нэг болсон нь бас нэгэн хувь тохиол байв.

Дэслэгч Д.Болормаа

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 843

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017