ХИМИЙН ЦЭРГИЙН ХӨГЖИХ, ДЭВШИХ БОЛОМЖ ЦААШИД НЭЭЛТТЭЙ

2017 оны 04 сарын 21

Таны бага нас өсч төрсөн нутгаас яриагаа эхлэе...        

            -Миний төрсөн нутаг Дорнод аймаг. Хэнтий аймгийн Галшар суманд бага нас өнгөрсөн. 2001 онд БХИС-д элсэн орсон.

Сонсогч ахуй насаа дурсахгүй юу?

     -2001-2005 он, сонсогч нас миний амьдралын мартагдашгүй он цагууд болж өнгөрсөн. Энэ үед бидний сурч байсан хими иргэний хамгаалалтын тэнхим шинээр байгуулагдаж анхны элсэгчид нь болсон. Энэ л тэнхимээс төгссөн манай нэг үеийн офицерууд Зэвсэгт хүчний анги, салбарт эзэмшсэн мэргэжлээрээ Зэвсэгт хүчинд ажиллаж байна.

Цэргийн албыг яагаад сонгосон юм бол. Цэргийн удам бий юу?

     -Цэргийн хүн болох миний мөрөөдөл байсан. Тиймдээ ч хүсэл мөрөөдлөө дагаж БХИС-ийг сонгосон. Миний амьдралд хийсэн сонголтуудын хамгийн зөв нь гэж боддог юм.

Ажлын анхны гараа...

     -Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас ажлын анхны гараагаа эхэлсэн. 2005 онд БХИС-ийг төгсөж очоод удаагүй байхад Дорнод аймгийн Хэрлэн суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Тиймээс бүлгээ хариуцаад шүлхий өвчний голомтод сар гаруй хугацаатай үүргээ сайн биелүүлж байсан. Энэ бол миний хувьд БХИС-д дөрвөн жил сурсан мэдлэгээ дадлагаар баталгаажуулж үүргээ биелүүлэх эхний алхам болсон юм. 

Таны мэргэжлийн онцлог юу вэ?

     -Химийн цэрэг бол байлдааны үед химийн хангалтыг зохион байгуулдаг хангалтын салбар. Энэ нь эсрэг талаас цөм, хими, бактерлогийн хөнөөл учруулахад өөрийн цэргийн байлдах чадварыг хадгалах зорилгоор хөнөөлийг багасгах, бууруулах, арилгах арга хэмжээг зохион байгуулдаг төрөл мэргэжлийн цэрэг юм.

Давуу талыг нь онцолбол?

     -Химийн зэвсгийг аюулгүй болгох чиглэлээр маш олон үйл ажиллагаа олон улсад явагдаж байна. Саяхан олон улсын химийн зэвсэг хориглох байгууллага Нобелийн шагнал хүртсэн. Тэр багт орж ажиллан үүрэг гүйцэтгэсэн хурандаа Д.Эрдэнэцогт энэхүү нэр хүндтэй шагналын батламжийг хүртсэн юм. Тиймээс энэ мэргэжлийн хөгжих, дэвших боломж цаашид нээлттэй юм. Дэлхийн аль ч улсын Зэвсэгт хүчин үүний эсрэг тэмцэх ёстой, энэ төрлийн цэргийг хөгжүүлэх ёстой.

Зөвхөн химийн зэвсгээр нь харьцуулахад аль түвшинд явж байгаа бол?

     -Мэдээж тухайн улсын Зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн цэргийн хөгжил, Зэвсэгт хүчиндээ хэрэглэгдэж байгаа зэвсэглэл техник, багаж, тоног төхөөрөмж, хэрэглэлээс шалтгаална. Өнөөдрийн байдлаар бид ОХУ-д / хуучнаар ЗХУ/ үйлдвэрлэгдсэн техник хэрэгслийг ашиглаж байгаа бөгөөд бусад оронтой харьцуулахад тийм ч хоцрогдоогүй.

Таны хувьд эзэмшсэн мэргэжлээрээ хүрэх хэтийн төлвийг сонирхвол?

     -Энэ төрөл мэргэжлийн цэргийг цаашид үе шаттай хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд химийн мэргэжлийн цэргийн алба хаагчдын ур чадварыг олон улсын жишигт хүргэх, зэвсэглэл, техникээ үе шаттай шинэчлэх, мөн химийн зэвсэг хориглох байгууллагатай нягт хамтын ажиллагаагаар олон улсын ажиллагаанд энэ чиглэлээр үүрэг гүйцэтгэх юм.

ХЗЦК тусдаа бие даан үйл ажиллагаа явуулаад удаагүй байна. Ихэнх нэр томъёо, албан тушаалыг цэргийн ангид ажиллаж байгаа цэргийн алба хаагчид хараахан мэдэхгүй байх тохиолдол байна. Тэгвэл яг энэ шинэ орон тоогоор та юу хийдэг болохоо хэлэхгүй юу?

     -ХЗЦК-ын химийн офицероор ажилладаг. Энэ албан тушаал нь ХЗЦК-ын харъяа химийн анги, салбаруудад мэргэжлийн удирдлага, үүрэг чиглэл, сургалт бэлтгэл бэлэн байдалтай холбогдсон асуудлыг хариуцаж удирдлагаар хангадаг. Улс эх оронд цацраг, хими, биологийн цагийн байдал үүсэхэд эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг юм.

Улс орны хэмжээнд цацраг, химийн бодистой холбоотой асуудал гарсан тохиолдолд ямар үүрэгтэй оролцох вэ?

     -Зэвсэгт хүчний тухай хуульд заасны дагуу чиг үүргийн хүрээнд дэмжлэг үзүүлж оролцох ёстой. Тухайлбал, ямар нэг химийн цагийн байдал үүссэн тохиолдолд ОБЕГ хамгийн түрүүнд шаардлагатай арга хэмжээг авдаг. Тэд тухайн цагийн байдлыг дийлэхгүй тохиолдолд Зэвсэгт хүчнээс дэмжлэг хүссэн үед бид байна гэсэн үг.

Тодорхой чиглэл хариуцсан офицерын хувьд химийн цэргүүдэд тулгамдаж буй асуудал юу  байна вэ?

      -Энэ төрлийн цэрэг цаашид олон улсын түвшинд хөгжих боломжтой салбар. Тулгамдаж байгаа асуудал гэвэл өнөөдөр Зэвсэгт хүчний хэмжээнд байгаа цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн тусгай тоноглолтой техник, багаж эд хэрэгслийг үе шаттай шинэчлэх, сайжруулахтай холбогдсон үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсад хэрэглэгдэж байгаа цацраг, хими, биологиос хамгаалахын цэргийн техник технологийг өөрийн улсад нэвтрүүлэх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай.

Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч гэж таныхаар хэн бэ?

      -Зэвсэгт хүчин гэдэг бол төрийн тусгай алба хаагчдаас бүрдсэн ямар ч цагийн байдалд аливаа үүргийг гүйцэтгэх чадвар эзэмшсэн цэргийн хүн. Тиймээс заасан цагт, тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ гүйцэтгэдэг.   Цэргийн алба хаагч гэдэг бол тавигдсан үүргийг гүйцэтгэж чадах мэдлэг чадвартай байх ёстой. Ямар нэг үүргийг гүйцэтгэхэд хэрхэн биелүүлэхээ мэддэг чадварыг эзэмшсэн байх ёстой. Хүн удирдах чадвар цэргийн алба хаагчид их чухал. Миний бодлоор энэ гурван чадвар цэргийн алба хаагч гэдэг хүний эзэмшвэл зохих хамгийн наад захын мэдлэг юм.

Хэцүү шантармаар санагдсан зүйлээ хэрхэн даван туулдаг бол?

     -Тэр бол тухайн хувь хүний тэвчээр, чадвар. Үүнийг бид сонсогч ахуй үедээ эзэмшсэн байдаг.

Амьдралдаа, албандаа баримталдаг зарчим нь юу байдаг вэ?

     -Хамгийн эхэнд өөрийнхөө хариуцсан үүргийг цаг тухайд нь гүйцэтгэж байх, мөн нэг гаргасан алдаагаа дахин давтахгүй байхыг хичээн ажилладаг.

Үлгэр дууриал авч явдаг хүн байдаг уу?

     -Үе үеийн химийн цэргийн үлгэр дууриал болсон ахмад үеэсээ суралцаж явахыг эрхэмлэдэг. Тухайлбал, хошууч генерал Ч.Самбуу, бригадын генерал М.Хүрлээ, хурандаа Ш.Паламдорж, дэд хурандаа Ж.Жанчивдорж нарыг нэрлэж болно.

Хамгийн сүүлд сэтгэлд хоногшим урмын үгийг хэзээ, хэнээс сонсов?

     -Хошууч генерал Ч.Самбуугаас “Эхлээд хүнийг ойлгох юм бол чи өөрийгөө ойлгоно, хүнийг ойлгохгүй бол өөрийгөө ойлгохгүй. Тиймээс бусад хүнээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяж байх хэрэгтэй” гэж хэлсэн. Энэ бол миний сүүлд сонссон хамгийн сайхан урмын үг бөгөөд насан туршид санаж явах зөвлөмж юм.

Амьдралын үнэ цэнэ гэж таныхаар...

     -Зорилготой байх ёстой. Зорилготой хүн алхам тутамдаа үнэ цэнэтэй амьдарч чадна. Зорилгогүй хүн хичнээн сайхан гэр бүл, эд хөрөнгө, ажил албатай байгаад амьдралын үнэ цэнийг мэдрэхгүй болов уу.

Энхийг дэмжих ажиллагааны туршлагаасаа хуваалцахгүй юу?

     -2009 онд Сьерра Леон улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн цэргийн багт тасгийн захирагчийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ ажиллагаанд оролцсоноор НҮБ-ын цэрэг ямар үүрэгтэй, юу хийх ёстой, олон улсын цэргүүдтэй хэрхэн харилцах, ажиллагааны газар орон дахь энгийн иргэдтэй хэрхэн харьцах талаар багагүй туршлага хуримтлуулсан. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэснээр цэргийн хэргийн мэдлэг дээшлэхээс гадна эх орноо хайрлах сэтгэл илүү ихээр төлөвшдөг юм билээ.

     Хилийн чанадад академийн боловсрол эзэмшсэн цэргийн алба хаагчдын төлөөлөл. Тэнд Б.Түвшинжаргал биш монголын офицер гэж хэлэгдэнэ. Хичээж сурахаас өөр аргагүй биз?

     -Зэвсэгт хүчнээ төлөөлж хилийн чанадад сурч байгаа хүн бүрт эрхэмлэж явах зүйлс байх ёстой. Тэнд офицер хүн, цэргийн хүн гэдгээ эрхэмлэх ёстой.

Гэр бүлээ танилцуулахгүй юу?

     -Эхнэр, охины хамт амьдардаг. Хүссэн үедээ цаг зав гаргаж чаддаггүй цэргийн амьдралыг минь ойлгож найдвартай ар тал болж байдаг ханьдаа маш их баярлаж явдаг. Цэргийн хүний алба хэрхэн явах нь ханилсан ханиас асар их хамааралтай байдгийг ойлгосон.

 

Ахмад Д.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017