ЦЭРГИЙН ҮНДСЭН ХӨДӨЛМӨР-СУРГАЛТ, ДАДЛАГА

2017 оны 04 сарын 21

     Энэ жилийн хамтарсан сургуулиудын тухай багц мэдээллийг хүргэж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ” сургуулийг энэ жил Дорноговь аймагт явуулахаар төлөвлөж байгаа бол Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан “Зам” сургалт, дадлагаар ус зайлуулах хоолой барих арга ухаанд суралцана.  Энэтхэг улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Нүүдэлчин заан” сургууль энэ өдрүүдэд Энэтхэг улсад болж байгаа бол “Говийн чоно” сургууль ирэх тавдугаар сард болно.

“СЭЛЭНГЭ-2017” СУРГУУЛЬ ГОВЬД БОЛНО

     “Сэлэнгэ-2017” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн талаар Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Ар талын техникийн хэлтсийн дарга, хурандаа Д.Батзоригтой ярилцлаа.

     “Сэлэнгэ” сургууль долоо дахь жилдээ болох гэж байна. Сургуулийн бодлогыг тодорхойлох төлөвлөлтийн хурал ямар шатандаа байна вэ? 

     -Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан ажлын хэсгийн төлөөлөгчид анхан шатны төлөвлөлтийн хурлыг өнгөрсөн сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Одоо хоёр шатны төлөвлөлтийн хурал үлдээд байна.  Тодруулбал, хоёрдугаар шатны хурал тавдугаар сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нутаг дэвсгэрт болох бол гуравдугаар шатны хурлын тов хараахан гараагүй байна. Бидний тооцож байгаагаар гурав дахь шатны хурал долоогоос найм дугаар сард болох болов уу. 

Энэ жил хамтарсан сургууль монголын нутаг дэвсгэрт болно гэсэн үү?

     -Тийм ээ. 2011 онд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, 2012 онд ОХУ, 2013 онд Төв аймаг, 2014 онд Дорнод, 2015, 2016 онд ОХУ-д хамтарсан сургууль болсон.  ОХУ-ын талаас анхан шатны төлөвлөлтийн хурлаар говь хээрийн нөхцөлд явуулах санал тавьсан. Талууд явуулах газар орон дээрээ байр сууриа нэгтгэсэн байгаа. Энэ нь  эцсийн шийдвэр хараахан биш гэдгийг хэлэх ёстой.

Говь хээрийн бүс гэхээр та бүхэн аль нутгийг сонгож байгаа вэ?

     -Дорноговь аймагт болно. ОХУ-ын Дорнод цэргийн тойрогт говь байдаггүй,  говийн нөхцөлд хээрийн сургууль, байлдааны ажиллагаа зохион байгуулж үзээгүй учраас харилцан ярилцаж сонгосон. Сургуульд оросууд үндсэн салбаруудаас гадна инженерийн цэргүүдээ оролцуулна гэдэг санал тавьж байсан. Манай тал Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн оролцуулах тухай ярилцаж байна. Гэхдээ хоёр, гуравдугаар шатны хурлаар илүү тодорхой болно гэдгийг дахин хэлье. Үндсэндээ хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал явагдаж дууссаны дараа бид бэлтгэл ажилдаа орно.

Говийн нөхцөлд болно гэхээр алба хаагчдыг байрлуулахад хүндрэлтэй зүйл тулгарах байх?

     -2013 онд ОХУ-ын тал сургууль явагдах газар орныг очиж үзэхэд нь бид зэлүүд тал үзүүлсэн. Тэгээд сургууль эхлэхэд бид хээрийн цэргийн хотхоноо дэлгэж,  зэвсэг техникээ байрлуулсныг оросууд хараад үнэхээр гайхаж байсан. Тэр зарчмын дагуу ажиллана.

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 843

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017