“ЗАМ-2017” СУРГАЛТ УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ СЭДВЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ

2017 оны 04 сарын 21

     “Зам-2017” сургалт, дадлагын талаар Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн инженерийн дарга, хурандаа Ц.Ганхөлөгтэй ярилцлаа.

“Зам-2017” сургалт, дадлагыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

      -Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд инженерийн мэргэжлийн цэргийн алба хаагчдыг зам барих аргад сургах, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор гурван үе шаттай, таван удаагийн сургалт, дадлагыг 2014-2016 онд зохион байгуулсан. Сургалт, дадлага Япон улсын Батлан хамгаалах яамнаас боловсруулсан “Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангасан гэсэн үг. Хоёр тал амжилттай болсон энэ сургалтаа цаашид үргэлжлүүлэх зорилгоор авто замын ус зайлуулах байгууламж, ус өнгөрүүлэх хоолой барих сэдвээр үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 24-28-ны өдрүүдэд төлөвлөлтийн хурлыг Монгол Улсад зохион байгуулна.

Сургалт, дадлагад хоёр талаас хэчнээн цэргийн алба хаагч оролцуулах вэ?

     -Төлөвлөлтийн  хурлын дараа сургалт, дадлагын сэдэв, хугацаа, оролцох бүрэлдэхүүн илүү тодорхой болно. Өнгөрсөн жилийн сургалтаар Японы талаас 15 цэргийн алба хаагч оролцож байсан бол энэ удаагийн сургалтад 5 цэргийн алба хаагч оролцуулах мэдээ бий. Бидний хувьд Зэвсэгт хүчний ангиудын замын салбаруудаас 25-30 цэргийн алба хаагч оролцуулах төлөвлөгөөтэй байгаа.

     Өнгөрсөн жилүүдийн сургалтаар япончууд зам тавих сургалтыг маш нарийн заасан. Одоо алба хаагчдын хувьд  насных нь чадвар болж үлдсэн байх?

     - Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нар стандартын шаардлага хангасан хатуу хучилттай  зам барих төсөл, тооцоог боловсруулах, замын хэвтээ болон дагуу өнцгийн хэмжилт хийж сурсан. Мөн  замын гол шугамын зураглал боловсруулах, хатуу хучилттай зам барих арга ажиллагаанд суралцаж, мэдлэг, дадлага, ур чадвар эзэмшсэн. Хөтөлбөрийн хүрээнд манай Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 74 цэргийн алба хаагч оролцож, 12 замын инженер, 23 механик жолооч бэлтгэгдсэн байна. Ер нь Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний сургагч багш нар зам барих арга ухааныг суурь онолын түвшнээс нь  эхэлж заасан гэдгийг онцлох ёстой. Энэ хэмжээгээр сургалт төлөвлөгөөтэй явагдсан. Тухайлбал, 2014 онд Монгол Улсад замын инженерийн үндсэн тооцоо, хэмжилт хийх тухай 2015 оны гуравдугаар сард Япон улсад замын хэмжилт, төлөвлөлт, материалын тооцоо хийх тухай заасан. 2015 оны долоодугаар сард Монгол Улсад стандартын шаардлага хангасан хайрган зам барих төсөл, тооцоо боловсруулах, замын хэвтээ болон дагуу өнцгийн хэмжилт хийх, замын трассын зураглал боловсруулах тухай 2016 оны хоёрдугаар сард Япон улсад хатуу хучилт дэвсэх, 2016 оны долоодугаар сард Монгол Улсад замын даланг сэргээн засварлах, хатуу хучилттай зам тавих сэдвүүдээр зохион байгуулсан. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн орчим стандартад нийцсэн 370 метр хатуу хучилттай зам тавьсныг манай цэргийнхэн мэднэ.

     Японы талаас алба хаагчдыг сургалт, дадлагаа бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой гэж захиж байсан. Энэ хүрээнд ямар ажил зохион байгуулав?

      -Өнгөрсөн хугацаанд хээрийн гаралт, полигоны дадлагыг сургалт, бүтээн байгуулалт хэлбэрээр зохион байгуулж дадлагыг нь нэмэгдүүлж байна. Тухайлбал, манай улсад 2016 онд зохион байгуулагдсан Ази-Европын орнуудын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд “ASEM VILLA” хотхоны гадна тохижилтын ажил, “300 айлын барилга цогцолбор”, “63 айлын барилга цогцолбор”, “Цэргийн эмнэлэг цогцолбор”-уудын гадна тохижилтийн ажлыг гүйцэтгэж ажиллалаа.

     Мөн “Батлан хамгаалах салбарын инженерийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу үечилсэн сургалтыг ҮБХИС-ийг түшиглэн “Инженерийн цэргийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгууллаа. Сургалтад  зам, барилгын инженерийн мэргэжилтэй 75 цэргийн алба хаагч хамрагдсан. Мөн 15 мэргэжлээр 43 цэргийн алба хаагч зөвлөх, есөн мэргэжлээр 20 цэргийн алба хаагч мэргэшсэн инженерийн зэрэг хамгаалсан.

     Манай алба хаагчид эзэмшсэн дадлага, чадвараараа эх орныхоо  бүтээн байгуулалтад орж болох уу. Ялангуяа, зарим аймгийг авто замтай холбох ажил удаашралтай байна. Энэ ажилд манайх оролцох боломж бий юу?

     -Боломжтой гэж харж байна. Замын мэргэжилтэн инженер, техникийн ажилчид нь бэлтгэгдсэн байна. Дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын тушаалаар батлагдсан “Зам тавих тусгай зөвшөөрөл олгох, түтгэлзүүлэх журам”-ын дагуу 25 км хүртэл хатуу хучилттай зам тавих “Тусгай зөвшөөрөл” авахад шаардлагатай замын техникээр хангагдсан байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой. Тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн яам, Авто замчдын холбоо, Авто замын инженерүүдийн холбоонд хүргүүлсэн байгаа.

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017