ЗАЛУУ НАСАНДАА УРАЛДАЖ АВДАГ ЦОЛ БОЛ ГЕНЕРАЛ БИШ

2017 оны 04 сарын 28

“Монгол генерал” төрийн бус байгууллагын тэргүүн, бэлтгэлд байгаа хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.

 

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Цэргийн мөрдэстэй бүхэн генерал болохыг мөрөөддөг. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, генерал болсон хэдэн хүн байдаг вэ?

     -1944 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс цэргийн дээд цол болох генерал цол олгож эхэлснээс хойш 180 генерал төрөн гарчээ. Үүнээс 99 генерал амьд сэрүүн, энх тунх амьдарч байна. Нийт генералуудаас маань эрдэм мэдлэг, чадвараараа онцгойрч зургаа нь Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар болсон бол гавьяат цолтон 10, эрдмийн цол зэрэгтэй 37,  төрийн өндөр албан тушаалд ажилласан 10 генерал байна. Генерал цолтон ажилладаг төрийн цэргийн найман байгууллага бий. Манайхан иргэний нисэхийг орхичихоод байдаг. Иргэний нисэх нь өөрөө цэргийн нисэх хүчнээс үүсэлтэй бөгөөд энэ салбараас  хошууч генерал С.Санжмятав байна. Генералын өдрийг жил бүр  төрийн цэргийн найман байгууллага ээлжлэн хариуцан зохион байгуулдаг. Энэ жил ТЕГ хариуцаж байгаа.

Генералуудын ахмад нь Т.Алтангэрэл гуай. Харин залуу нь хэн бол?

     -Дайнд оролцсон генералуудаас энх тунх амьдарч байгаа нь хошууч генерал Т.Алтангэрэл. Мэдээж хамгийн ахмад  нь. Харин манай цэргийнхэн төдийгүй сэтгүүлчид надаас “Залуу генерал” гэж асуухад нь дургүй. Яагаад гэвэл генерал цол өөрөө залуу насандаа уралдаж авдаг цол биш. Энэ цолыг цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй ажил, мэргэжлийн нэлээд их туршлагатай, стратегийн болон оперативын том хэмжээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажиллах чадвартай, тодорхой ажил амьдрал, албан тушаалын шалгууруудыг давж байж хүртдэг.    Шалгуурыг давахад дор хаяж 45 нас хүрэх байх. Дээрээс нь  нутаг усаараа уралдаад байдаг цол биш. Говь-Алтай, Завхан, Архангай аймаг хамгийн олон генералтай гэж ярихад бас дургүй.

Энэ өдрийг угтаж багагүй арга хэмжээ зохион байгуулдаг байх аа?

     -Генерал цолтон тодорхой шаардлагуудыг хангасан, хамгийн гол нь удирдлагад буй хүмүүстээ, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн байдаг. Тэр утгаараа залуу боловсон хүчин болон сонсогч нарт, оюутан цэргүүдэд  зориулсан сургалтыг  жил бүр зохион байгуулж байна. Түүнээс гадна аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-аас тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа генералууддаа хүндэтгэл үзүүлэх, харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудад урилгаар лекц уншуулж байна.  Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран генералуудаа алдаршуулах, сургааль үгийг нь олон нийтэд хүргэх ажлыг давхар зохион байгуулж байгаа гээд тоочвол багагүй ажил бий. Энэ завшааныг ашиглаад “Генералуудын өдөр”-ийн баярын мэндийг бүх генералууддаа  хүргэе.

 

Дэслэгч Д.БОЛОРМАА

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017