2030 ОН ГЭХЭД МЭРГЭЖЛИЙН ЦЭРЭГТ СУУРИЛСАН БАЙХААР ТУСГАСАН

2017 оны 04 сарын 28

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “Төрийн цэргийн байгууллагыг хөгжүүлэх стратеги-2030”  баримт бичгийг баталлаа. Энэ тухай УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай ярилцлаа.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн орчныг сайжруулахын  төлөөх таны санаачилга, үйлс бүхэнд манай цэргийнхэн талархалтай ханддаг. Эрх зүйн шинэчлэлийн үргэлжлэл болж Засгийн газраар батлуулсан хэд, хэдэн баримт бичгийн нэг нь  “Төрийн цэргийн байгууллагыг хөгжүүлэх стратеги-2030”. Энэ баримт бичгийн тухай тодруулмаар байна?

     -Юуны өмнө Зэвсэгт хүчний нийт алба хаагчдад энэ өдрийн мэнд хүргэе. Энэ баримт бичгийг батлуулах ямар шаардлага гарсан талаар хэлэх нь зүйтэй байх. Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадварыг нь нэмэгдүүлэх, цэргийн хэргийн хөгжилд гарч байгаа өөрчлөлт, нийтлэг чиг хандлагад нийцүүлэн сайжруулах ёстой.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгох зорилго, зорилтын хүрээнд  тусгайлсан хөтөлбөрүүдийг батлан мөрдөж ирсэн. Тухайлбал, 1996 оноос “Цэргийн шинэчлэл”, 2000 оноос “Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, 2006 оноос “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” батлан хэрэгжүүлсэн байна. Үндсэндээ 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэнтэй холбоотойгоор цаашдын зорилго, зорилтыг дахин шинээр тодорхойлох шаардлага гарч ирсэн.

     Нөгөө талаасаа 2015 онд УИХ-аар “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалах салбарын багц хуулийг шинэчлэн баталсан. Шинэчлэн батлагдсан бодлогын баримт бичиг болон багц хуульд “Төрийн цэргийн байгуулал” гэдэг цэрэг-стратегийн шинэ ойлголтыг хуульчлан гаргаж ирснийг  манай цэргийнхэн мэднэ.  Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэрэг, ОБЕГ-ын цэргийн хөгжлийн стратегийн үндсэн чиглэлийг нэгтгэн тодорхойлох, мэргэжлийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, тайван цагийн хамтын ажиллагааг уялдуулахын тулд “Төрийн цэргийн байгууллагыг хөгжүүлэх стратеги” хөтөлбөрийг батлан гаргах зайлшгүй шаардлага гарсан  гэж ойлгож болно. 

Энэ баримт бичгийг батлуулах санаачилгыг та өөрөө гаргасан гэж сонссон?

     -Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө ажиллах нь миний үүрэг гэж ойлгодог. Яагаад гэвэл аавыгаа салбарынхаа төлөө нойргүй шахам зүтгэж явсныг хүүхэд байхаасаа мэдэрч өссөн учраас тэр юм.  Миний хувьд Батлан хамгаалах салбарын удирдлага, салбарын эрдэмтэн судлаачидтай ярилцаад ийм баримт бичиг боловсруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Энэ саналаа  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид танилцуулахад талархалтай нь аргагүй хүлээж авсан. Баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өөрийн захирамжаар байгуулж, намайг ахлагчаар нь томилсон. Ажлын хэсэгт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ болон ҮБХИС-ийн эрдэмтэн, судлаачид орж ажилласан. Ингээд ажлын хэсгийнхэн төрийн цэргийн байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх хөгжлийн зорилго, зорилт, арга замыг тодорхойлсон “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийн төслийг богино хугацаанд боловсруулаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч “Сайн болсон байна”  гээд зарчмын хувьд зөвшөөрч, хуульд заасны дагуу Засгийн газраар батлуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн юм.

Төрийн цэргийн байгууллагуудын тухай нэгтгэсэн энэхүү баримт бичгийн үндсэн зорилго, хэрэгжүүлэх арга замын тухай тайлбарлахгүй юу?

     -Баримт бичгийн зорилгыг улс төр болон цэрэг стратегийн агуулга талаас тайлбарлая.  Улс төр, эрх зүйн талаасаа  энэ баримт бичиг батлагдсанаар төрийн батлан хамгаалах бодлогын тогтвортой байдал, залгамж чанар хадгалагдана. Тодруулбал, улс төрийн ямар ч нам, эвсэл холбоо төрийн эрх барьсан ч  энэ салбарт баримтлах бодлогыг өөрчлөхгүй, хэвийн байдлаар үргэлжлүүлдэг тийм нөхцөл, эрх зүйн үндэслэлийг бий болгоход  оршиж байгаа юм.

     Цэрэг стратегийн агуулга талаасаа гэвэл Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагыг өөр, өөрийн онцлогийг харгалзсан мэргэжлийн зарчмаар харилцан уялдаатай хамтын ажиллагаагаа явуулахад оршиж байгаа. Энэхүү баримт бичигт Батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаачдын олон жилийн судалгаанд суурилсан зарчмын ойлголтыг нэгтгэсэн гэдгийг онцлох ёстой. Хэрэгжүүлэх арга замын тухайд Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг цэргийн байгууллага тус бүрээр баталж, хэрэгжилтийг хангаж байх ёстой. Жишээлбэл, энэ жилд төрийн цэргийн байгууллага бүр 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, түүний дотор 2017 онд хийж гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулж, батлуулан хэрэгжүүлж эхлэх учиртай. Төрийн цэргийн байгууллагуудаас БХЯ, ЗХЖШ-аас “Зэвсэгт хүчнийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж, Засгийн газраар батлуулсан байна. Хөтөлбөрийн дагуу энэ чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг сайдаараа батлуулан хэрэгжүүлж эхэлсэн гэж ойлгож байна.

Хөтөлбөрийн эцсийн үр дүн юу байх вэ?

     -Энэ баримт бичгийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, мэргэшсэн бүрэлдэхүүнд тулгуурласан улсын хил хамгаалалтын нэгдсэн тогтолцоотой болно.  Мөн мэргэшсэн алба хаагч бүхий цэргийн албанд тулгуурласан онцгой байдлын байгууллагатай болно.   Энэ стратегийн бодлогын баримт бичгийн  хэрэгжилтийн үр дүнгээр Монгол Улсын цэргийн байгуулалыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны бодлого боловсруулах нөхцөл бүрдэнэ.

     Тантай уулзсаных нэг зүйл тодруулмаар байна. Саяхан УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хэд, хэдэн заалтыг хүчингүй болгосон хууль баталсан. Үүний эсрэг хатуу байр суурьтай байсан ганц хүн нь Та. Ганцаараа салбарын онцлогийг ойлгуулахыг хичээсэн олонхоороо хүч түрээд баталчих шиг боллоо?

     -Миний баримталдаг зарчим бол төр, засаг цэргийнхэндээ хайртай, тэднийг дэмждэг бодлоготой байгаасай гэж хүсдэг.  Ямар ч нам, эвсэл засгийн эрх барьсан ч иргэдийнхээ нийгмийн баталгааг муутгасан, эх орноо батлан хамгаалж байгаа цэргийнхний албаа хаах итгэл үнэмшил бууруулсан хууль баталж болохгүй. Гэтэл Засгийн газраас Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн хэд, хэдэн заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл оруулж ирэхээр нь  буцаах санал гаргасан ч үнэндээ  хүчин мөхөсдсөн. Холбогдох сайд дарга нарт нь “Ядаж та нар  энэ хуульд хамаарагдаж буй зүйл заалтуудын үйлчилгээг түр зогсоочих. Энэ хуулийг батлуулахын төлөө салбараараа олон жил явсан учраас эрх зүйн орчныг нь хэвээр үлдээе. Харин энэ жилдээ мөнгө төгрөгтэй холбоотой зүйлийг хэрэгжүүлэхгүйгээр өнжөөе” гэж хүссэн ч асуудлыг олонхоороо шийдвэрлэсэн. Гэхдээ миний бие Монгол Улсын эдийн засгийн нөхцөл сайжирч эхлэхээр энэ хуулийг хүчингүй болгох санал тавина гэсэн бодолтой байна. Үүнийгээ ч УИХ, Засгийн газрын холбогдох дарга нарт хэлсэн байгаа.

 

Дэслэгч Д.Болормаа

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017