“НҮҮДЭЛЧИН ЗААН-2017” ШИРЭНГЭН ОЙД ЯВАГДАВ

2017 оны 04 сарын 28

     Монгол Улс, БНЭУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан-2017” хээрийн сургалт, дадлага БНЭУ-ын Силчар хотод явагдаж өнгөрлөө. Хоёр орны тусгай хүчний хамтарсан хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүрэлдэхүүн, БНЭУ-ын Зэвсэгт хүчний Жаму Кашмирын 15 дугаар тусгай батальон оролцсон юм.

12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй сургалт, дадлагад хоёр орон тус бүр нэг салаа оролцуулжээ.

     Хоногийн хээрийн сургууль, нисдэг тэрэгнээс олсоор буух, автомашин дээрээс болон бусад байрлалаас буудлага үйлдэх, ширэнгэд үүрэг гүйцэтгэх, амьд гарах арга техник, хаданд авирах, уулын арга техник зэрэг олон шинэлэг сургалтыг явуулснаараа онцлог болсон аж. “Сургууль болсон Силчар хот нь Бангладеш улсын хилээс 50 км-ийн зайтай оршдог бөгөөд ширэнгэн ой, намаг балчиг ихтэй учраас сургалтын орчин манай цэргийн алба хаагчдад шинэлэг байж, туршлага, мэдлэгээ зузаатгахад таатай нөхцөл болж чадлаа” гэж хурандаа Б.Хаш-Эрдэнэ хэлэв.

     Ширэнгэн ойн бүсэд байрладаг учраас амьд гарах арга ухааны хичээлээр хортон шавьж, ургамлыг ялган таних, мэлхий, хавч, могой зэрэг олон төрлийн амьтныг барих, боловсруулж хүнсэнд хэрэглэхэд суралцсан нь манай цэргийн алба хаагчдын туршлага, мэдлэгийг дээшлүүлсэн. Мөн газар орны онцлогоос хамаарч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, татан гаргах хичээлийг могой, хортон шавьж, намаг балчиг ихтэй орчинд зохион байгуулсан нь туршлага болсныг онцоллоо.

     Түүнчлэн офицеруудад бүлгээр ажиллах төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, кибер аюулгүй байдлаас хамгаалах гэсэн сургалт явагдсан байна. “Энэтхэгийн тусгай батальоны цэргийн алба хаагчидтай “buddy”-ийн системээр сургууль дадлагад оролцсон нь анд нөхөд болж, бие биеэсээ туршлага, сургамжаа хуваалцахад дөхөм байлаа” гэж ахлах дэслэгч Ч.Нямсүрэн өгүүлэв.

2004 онд анх удаа Силчар хотод уг сургууль явагдсан бөгөөд 13 жилийн дараа ахин тус хотод зохион байгуулагдсан нь энэ аж.

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 881

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017