ДАЙНЫ ЖИЛ ХҮНД БАЙСАН Ч ОРГОХ ЯВДАЛ НЭГ Ч ГАРААГҮЙ

2017 оны 04 сарын 28

     “Монголын генералуудын өдөр”-ийг тохиолдуулан Монголын хамгийн ахмад генерал болох чөлөөнд байгаа хошууч генерал Түгжавын Алтангэрэл гуайг энэ дугаартаа онцолж байна. 98 насыг зооглож яваа энэ буурайтай Зэвсэгт хүчинд тасралтгүй ажилласан он жилүүдийнх нь тухай хуучиллаа. Тэрээр энэ цаг хугацаанд хоёр тодорхойлолтын эзэн. Нэг нь хамгийн өндөр настай генерал бол нөгөөх нь дайнд оролцсон генералуудаас ганцаараа аж төрөн амьдарч байна.

     Т.Алтангэрэл гуай “Хурд” хороололд ач охины хамт амьдардаг аж. Биднийг очиход “Сурвалжлагч ярилцлага авна гэсэн. Асуусан зүйлд нь буруу, зөрүү хариулах вий. Сонсоод суу” гээд хүү А.Энхбаяраа дуудаж “үүрэг” өгсөн байлаа. Сонсголын бэрхшээлийг эс тооцвол түүртэх зүйл алга. Хүүхэд байхаасаа эхлээд өнөө хүртэлх үеийн үйл явдлыг цаг хугацаатай нь, дарга, цэргээ овогтой, цолтой нь шууд хэлж байна. Тэрээр 1919 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төржээ. Хүүхэд байхдаа хуучин монгол бичгийг хамтралын төв дэх бичиг үсгийн бүлгэмээр, дараа нь нутгийн өвгөн бичээч Доригзов багшаар гүнзгийрүүлэн заалгаж уншиж, бичиж сурчээ. Хожим энэ чадвар нь цэргийн албанд хэрэг болж, бичээч цэрэг болоход нөлөөлсөн гэнэ. 1939 он буюу дайны жил хугацаат цэргийн албанд татагдсан учраас цагийн байдлаас үүдэн таван жилийн турш байлдагч явжээ.

Та монголын генералуудын хамгийн ахмад нь, бас дайнд оролцож явсан генералуудын нэг.  Дайны жилүүдийн тэр хүнд цаг хугацааг эргэн дурсвал?

     -Цэргийн албыг дайны жилүүдэд олон жил хаах нь амаргүй байсан. Миний санахад цэргийн хоолны хүрэлцээ, амт чанар муудаж, хувцас хэрэглэлийн хангамж тасарсан ч цэргийн албанаас оргож зугтахаас эхлээд элдэв зөрчил нэгээхэн ч гараагүй юмдаг. Харин ч цэрэг дайчид оюуны болон бие бялдрын хатуужил тэсвэртэй болж, ямар ч үүрэг өгсөн биелүүлэхэд бэлэн байсан юм. Миний замнал гэвэл маш товч. Нисэхийн ангид 1939-1943 он хүртэл байлдагч, 1943 оноос офицер болсон. Монголын ардын армид 20 настайгаасаа эхлээд 67 нас хүртлээ тасралтгүй 46 жил ажилласан хүн. Тухайлбал, 1939-1961 онд тавдугаар нисэх отрядад бичээчээс эхлээд улс төрийн орлогч, 1946-1956 онд Монголын Ардын Армийн Ар талын удирдах газарт нарийн бичгийн дарга, төлөвлөгөөний мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажилласан. 1956-1986 он хүртэл Ардын армийн цэргийн  намын комиссын даргаас эхлээд Улс төрийн газрын орлогч даргаар ажилласан. 1986 онд гавьяаныхаа амралтад гарсан.

Үнэхээр сайн санаж байна шүү. Тэгээд эмх цэгцтэй ярих юм?

     -Одоо өвгөн надад цэрэг арми л үргэлж бодогдох юм. Үргэлж боддог зүйлээ ярихад түүртэх юм алга. Хамт ажиллаж байсан дарга, цэргүүдээ үргэлж санадаг. Удирдлагад нь олон жил ажилласны хувьд хурандаа генерал Ж.Ёндон, нэг нутгийн, миний дарга, хошууч генерал С.Балдан, хошууч генерал О.Бизьяа, хошууч генерал  Я.Дамдинжав гээд олон сайхан хүмүүс сэтгэлд маань хоногшин үлдсэн байна. Одоо амьд сэрүүн байгаа, хоёр дахь үеийн дүү нар гэвэл хошууч генерал Г.Дугарсүрэн, хошууч генерал С.Гомбосүрэн, хошууч генерал Б.Шагдар нарын сургийг тавьж суудаг даа. Эд нар надаас хамаагүй дүү, одоо 80 нас гарч яваа байх.

Таны Зэвсэгт хүчинд оруулсан хувь нэмэр мэдээж хязгааргүй их. Энэ сэдвээр ярилцвал багагүй цаг хугацаа орно.  Генерал цолыг хэзээ хүртсэн бэ?

     -Генерал бол маш өндөр цол. Энэ цолыг зүүхийн тулд мэдлэг чадвартай, цэргүүдийнхээ дунд нэр хүнд өндөр, шилдэг офицер байх ёстой. 1981 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Ж.Батмөнх даргын тушаалаар Ч.Самбуу, хурандаа генерал Б.Цогийн хүү Ц.Геннадий бид гурав хошууч генерал цол хүртэж байлаа. Миний хувьд хувь тохиолоор гэх үү дээ, цолонд мэдүүлээд нэг ч буцаалтгүйгээр авсан юмдаг. Зэвсэгт хүчинд ажиллаж, амьдарсан үеэ дурсаад “Амьдралын их сургууль” гэж ном бичсэн.

Хошууч генерал маань хань ижилтэйгээ яаж танилцаж байв. Таны хөвгүүд аавынхаа замналаар Зэвсэгт хүчинд ажилласан байх аа?

-Цэргийн нөхрөө хө

Цэрэнтэйгээ хоёулаа хө

     Монгол орноо мандуулна аа гэдгийг хувиргаад Цэргийн нөхрөө хө, Дууяатайгаа хоёулаа хө гэж дуулдаг байж билээ. Миний ханийг Л.Дуламсүрэн гэдэг, Төв аймгийнх. Ахтай нь нэг хороонд ажиллаж байгаад танилцаж, гэргийгээ болгосон. 1945 оны дайн дуусаад гэртээ ирэхэд манай хүн, аав ээжтэйгээ байдгаараа баярлачихсан угтаж авсан нь  одоо ч санаанаас гардаггүй юм. Дайны дараа манай хороо татан буугдаж, БХЯ-нд шилжин ажиллах болсонд Дууяа маань “Одоо л нэг санаа амарч байна” гээд инээж байгаа тэр төрх нь тод санагдаж байна аа. Би гэдэг хүн Монголын Ардын Армид зүтгэсэн өчүүхэн хөдөлмөрөө үнэлүүлж, генерал хэмээх эрхэм цолыг хүртсэнээс гадна насныхаа ханийг эндээс олж авсан юм. Манай хөгшин Цэргийн гар үйлдвэрт  насаараа ажилласан оёдолчин, эсгүүрчин хүн байсан. Залуугаараа хүнд хүчир ажил хийсэн болохоор урт наслалгүй бурхан болсон байх гэж боддог юм. Бид хоёр хүү, долоон ачтай. Том хүү А.Баасанжав 1952, А.Энхбаяр 1964 онд төрсөн, хоёулаа луу жилтэй. А.Баасанжав хуучнаар ЗХУ-д цэргийн мэргэжил эзэмшсэн, дэд хурандаа цолтой хүн байсан. А.Энхбаяр ЗХУ-д цэргийн хуульчийн мэргэжил эзэмшсэн, ахмад цолтой. Хоёр хүү маань мэргэжлийнхээ дагуу Зэвсэгт хүчний анги, байгууллага, бүх цэргийн прокурор, БХЯ-ны төв аппаратад ажилласан, бэлтгэл офицерууд. Харин ач нараас цэргийн газарт ажиллаж байгаа хүн алга. Хугацаат цэргийн алба хаасан хүн бий.

Монголын төр, засаг хэр харж үзэж байна гэж боддог вэ?

-Надад гомдох юм байхгүй. Хөгшрөхөөр баярлах, гомдох нь амархан. Гэхдээ төр, засагтаа, Зэвсэгт хүчиндээ гомдоод байх юм алга.

Ахмадын  сургааль алт. Та Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд юу  захих вэ?

     -Дотор нь байхгүй болохоор  юу болж, юу болохгүй байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан мэдлэг боловсролтой бэлтгэгдсэн боловсон хүчин манай цэрэгт байна. Монгол цэрэг Африкийн орнуудад энхийг сахиулахдаа хатуужил тэсвэртэй гэдгээрээ гайхагдаж байна. Одоо энэ эрчээ алдалгүй, улам хичээх хэрэгтэй. Санаа амарч бас биеэ тоож болохгүй. “Хийх юм их байна” гэж бодохоор хийх ажил улам их гарч ирдэг юм.  Миний сэтгэл дундуур явдаг ганц зүйл бол хугацаат цэргийн алба хаах хугацаа. Арван сар бол дэндүү богино. Хугацаат цэрэгт эх орноо батлан хамгаалах эрдэм ухааныг заахаас гадна хүмүүжлийн том сургууль болдог. Дээрээс нь олон улсын арга хэмжээ, сургуульд явж байгаа алба хаагчдаа тал, талаас нь сайн бэлтгэж байх хэрэгтэй. Монголын нэр тэнд л гарна шүү дээ. Хоосон магтуулж суух биш сайжруулах юмаа сайжруулаад яваарай гэж захимаар байна.  Таны бахархал юу вэ гэж асуувал дуртай хариулна шүү.

Тэгэлгүй яах вэ. Таны бахархал?

     -Зэвсэгт хүчин. Ном, сэтгүүл уншсан ч цэргийн тухай бичсэнийг нь түүж уншина, зурагт үзсэн ч цэргийн тухай мэдээ л үзнэ.  Өдөр бүр тэнгэрийн зүг харж байгаад “Төрийн сүлд минь өршөө. Зэвсэгт хүчин маань хүчирхэг байж, цэргийн алба хаагчид маань өнгөтэй сайхан яваасай” гэж залбирдаг.

Таны ерөөл бат оршиг ээ. Та сайхан насалж байна. Эрүүл тэнхлүүн явахын нууц юу вэ?

     -Тусгай жороор яваад байгаа юм байхгүй. Багаасаа хөл нүцгэн гүйж өссөн. Энэ нь чухал юм байна. Өндөр насыг цэргийн албанд зүтгэсэн хатуужил маань өгсөн гэж боддог шүү. Залуу байхын алхах дуртай байсан. Байнга алхана. Одоо ч гэсэн өдөр бүр байрныхаа ойролцоо алхаж байна. Мэдээж хөгшрөөд бие чилэх болсон учраас өглөө бүр хэд, хэдэн дасгал хөдөлгөөн хийдэг болсон. Идэж, уудаг юмны тухайд гэвэл шар тостой цай уудаг даа. 

     Ийнхүү Зэвсэгт хүчиндээ дэндүү хайртай, цаг ямагт бахархаж явдаг гэдэг нь түүний яриа бүрээс илт. Ярилцахад ч урамтай. Тэрээр өөрийгөө завгүй байлгахын тулд сонирхлоо дагаад хоёр ном “бүтээж”.  Нэг нь өдөр тутмын сонин дээр Зэвсэгт хүчний тухай бичсэн мэдээ, мэдээлэл, зураг бүрийг хайчлан цуглуулсан бол нөгөөх нь Монгол орны үзэсгэлэнт байгалийн зураг бүрийг нэгэн хавтсанд хийсэн байлаа. Түүний  захих ганц зүйл нь БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хороо ахмад буурлуудаа хааяадаа цуглуулж байгаарай. Амралтын газар нэгдсэн байдлаар амруулж байвал бүр сайн. Санаж бэтгэрч явдаг цэргийн нөхөдтэйгээ ханатлаа буу халахсан гэж боддогоо манай сониноор дамжуулсан юм.

Танд эрүүл энх, урт удаан наслахыг уншигч олныхоо өмнөөс хүсэн ерөөе.

 Дэслэгч Д.БОЛОРМАА

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017