21 ДЭХ ГИШҮҮН НЬ МОНГОЛ УЛС

2017 оны 04 сарын 28

Химийн зэвсгийн конвенци, түүний ач холбогдол

     “Химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх, хэрэглэхийг хориглох, түүнийг устгах тухай” буюу товчоор “Химийн зэвсгийн конвенц” (ХЗК) 1997 оны дөрөвдүгээр сарын 29-нд хүчин төгөлдөр болсны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

     Монгол Улс ХЗК-ийг дэмжиж 1993 онд Парист гарын үсэг зурж, улмаар УИХ 1995 оны хавар уг конвенцийг соёрхон баталснаар, түүнд албан ёсоор нэгдэж орсон 21 дэх гишүүн орон нь манай улс болсон юм. Эдүгээ ХЗК-д дэлхийн 192 орон эвсэн нэгдээд байгаа нь дэлхийн нийт хүн амын 98 хувийг хамарч байна. Харамсалтай нь, ХЗК-д эвсэж нэгдээгүй Хойд Солонгос, Израиль, Египет гэх мэт цөөн хэдэн улсад химийн зэвсгийн нийт нөөцийн 5% орчим нь нууцлагдан хадгалагдсан хэвээр байна гэж үздэг. Гэвч, ХЗК хүчин төгөлдөр болсон 1997 оны дөрөвдүгээр сараас хойшхи хугацаанд ХЗК-ийн гишүүн 86 улсын нутаг дэвсгэр дээрхи химийн зэвсгийн 235 байгууламж, химийн 2255 үйлдвэрийн газарт 6327 удаа мэргэжлийн шинжээчдийн шалгалт хийж, өнөөдрийн байдлаар, ХЗК-ийн гишүүн орнуудын мэдүүлсэн, байлдааны зориулалтын нийт 72304 тонн химийн хорт бодис болон хорт бодисоор цэнэглэгдсэн байлдааны 8671564 ширхэг галт хэрэгслийн 95%-ийг  бүрмөсөн устгаад байгаа тухай статистик мэдээ байгаа нь тэрхүү конвенцийн ач холбогдлыг харуулж байна.

Химийн зэвсгийн тухай

 Товчхон

     Орчин үеийн дэлхийн цэрэг зэвсгийн нэр томъёоны хүрээнд “Үй олноор хөнөөх зэвсэг” (ҮОХЗ) гэсэн тусгай ангилал байдаг. Тэрхүү асар их хөнөөлтэй зэвсэгт: Цөмийн зэвсэг, Химийн зэвсэг, Биологийн (бактериологийн) зэвсэг гэсэн үндсэн гурван төрлийн зэвсэг багтдаг гэдгийг манай Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид сайн мэдэх билээ. Тодорхойлолтын хувьд, “Асар богино хугацаанд хүн, амьтны бие организмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж,  улмаар  үхэлд  хүргэж чадах  хүчтэй  үйлчилгээтэй  химийн  хорт бодисын шинж чанарт  үндэслэгдсэн зэвсэг”-ийг Химийн зэвсэг гэдэг.

Байлдааны зориулалтын химийн хорт бодисуудыг бие  организмд үйлчлэх өвөрмөц онцлог байдлаар нь:

1.Төв мэдрэлийн системийг хөнөөх үйлчилгээтэй

2.Арьсаар нэвчиж хордуулах

3.Амьсгал боогдуулах

4.Ерөнхий үйлчилгээтэй хорт бодис гэж ерөнхийд нь дөрвөн бүлэг болгон ангилдаг.

     Ийм төрлийн химийн хорт бодисуудыг гар гранат, мина, фугас, юүлэх хэрэгсэл, чингэлэг, их бууны сум, пуужин, онгоцны бөмбөг зэрэгт цэнэглэж бай (цель)-нд хүргэдэг.

     Химийн зэвсгийн үйлдвэртэй гэж мэдүүлсэн 13 орон (ОХУ, АНУ, Англи, Хятад, Франц, Энэтхэг, Япон, Иран, Ирак, Ливи, Серби, Босни Герцеговин болон нэрээ зарлахыг хүсдэггүй нэг улс) бий. Түүнчлэн, Хятад, Итали, Панамд бусад улсын хаягдмал химийн зэвсэг, Бельги, Франц, Герман, Англи, АНУ, Канад, Япон, Панам, Австрали улсад хуучин химийн зэвсэг бий гэж мэдүүлсэн байдаг.

     ХЗК хүчин төгөлдөр болсон тэр үед буюу 1997 оны байдлаар, дэлхийд хуримтлагдсан химийн зэвсгийн нийт нөөцийн бараг 90%-ийг зөвхөн ОХУ, АНУ хоёр эзэмшиж байсан юм. Үүнээс ОХУ-ын химийн зэвсгийн нөөцөд нийтдээ 40000 орчим тонн, АНУ-ынх 30000 гаруй тн, нийтдээ энэ хоёр улсын байлдааны зориулалтын химийн хорт бодисын хэмжээ 70000 тн гаруйд хүрээд байсан юм.  

     Одоо нэгэнт нууц биш болж нээлттэй хэвлэл мэдээллээр тархсан тоо баримтаас сонирхуулахад, ОХУ химийн зэвсгээ дараах нэр бүхий долоон газарт хадгалж байлаа. Тухайлбал, нийт нөөцийнх нь 16 % нь Камбарка (Удмурта)-д, 3% нь Горный (Саратов)-д, 14% нь Кизнер (Удмурта)-т, 17% нь Марадыковский (Киров)-д, 19% нь Почеп (Брянск)-т, 17% нь Леонидовка (Пенза)-д, 14% нь Щучья (Курган)-д байв.

     АНУ химийн зэвсгээ дараах нэр бүхий есөн газарт, тухайлбал: нийт нөөцийнхөө 4%-ийг Нью Порт (Индиана), 5%-ийг Абердин (Мэриланд), 1.6%-ийг Блю Трасс (Кентун), 7%-ийг Анистон (Алабама), 12%-ийг Пайн Блиф (Аркандас), 10%-ийг Публо (Колорада), 6.4%-ийг Жонстан Этола (Хавай), 42%-ийг Туал (Ута), 12%-ийг Уматил (Орегон)-д тус тус хадгалж байлаа.

     ХЗК-д заасны дагуу, аюулгүй байдлын үүднээс, химийн зэвсгийг өөр тийш зөөж шилжүүлэхгүйгээр, тэдгээрийн хадгалалтын баазуудын дэргэд устгалынх нь байгууламжийг барьж, газар дээр нь устгах ёстой байдаг тул дээрхи нэр бүхий газруудад химийн зэвсгийн устгал хийгдсэн буюу хийгдэж байгаа гэж ойлгож болно. Эдгээр газрууд дээрхи химийн зэвсгийн устгалыг Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчдийн байнгын хяналтын дор, нарийн чанд тогтоосон журмын дагуу хийдэг.

     Химийн зэвсгийг өндөр температурт шатаах, эсвэл химийн урвалд оруулж саармагжуулж, хоргүй бодис болгон хувиргах гэсэн хоёр үндсэн аргаар хүн амьтан, байгаль орчинд халгүй аргаар устгаж байна.

Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллага

     ХЗК-ийн хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүрэг бүхий олон улсын байгууллага болох химийн зэвсэг хориглох байгууллага (ХЗХБ) 1997 онд Нидерландын Вант Улс (Голланд)-ын Гаага хотод байгуулагдаж, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 20 жилийн ой ч бас энэхүү ХЗК-ийн тэгш ойтой давхцаж байгаа юм.

     ХЗХБ-ын үндсэн чиг үүрэг нь дэлхийн хэмжээнд химийн зэвсгийг шинээр боловсруулахгүй, дэлгэрүүлэхгүй байлгах болон хэрэглэхийг хориглосон конвенцийн заалтын биелэлт, нэгэнт бий болсон химийн зэвсгийн нөөцийн устгалд хяналт тавих, химийн бодисуудыг дэлхийн улс орнууд энхийн зорилгоор хөгжүүлж хамтран ашиглахад дэмжлэг үзүүлэх явдал байдаг.

     Дэлхийд асар их хэмжээгээр хуримтлагдаад байсан ҮОХЗ-ийн гол нэг төрөл болох химийн зэвсгийг хурааж, бүрмөсөн устгах өндөр эрсдэлтэй, хариуцлагатай бөгөөд амаргүй үйлсэд олон улсын химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчдийн хамт манай Монгол Улсын Зэвсэгт хүчний тусгай мэргэжлийн Химийн цэргийн гурван офицер, хурандаа З.Нармандах 2004-2013, 2013-2015, Д.Эрдэнэцогт 2005-2015, миний бие 1997-2004 онд оролцож, олон улсын энэ байгууллагад олон жил амжилттай ажиллаж үүрэг гүйцэтгэсэн билээ.

     Бидний ажиллаж байсан олон улсын тэр ХЗХБ 2013 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн юм. Тэр байгууллага тийм амжилтад хүрэхэд оруулсан хувь нэмрийг маань үнэлж бидэнд Нобелийн талархлын сертификат  ирүүлсэн нь Монгол Улсын Зэвсэгт хүчний химийн цэргийн мэргэжилтнүүдийн чадавхийг харуулсан нотолгоо нь боллоо гэж бид баяртай байдаг юм.

     Манай Зэвсэгт хүчний тусгай мэргэжлийн химийн цэрэг үүсэн байгуулагдсаныхаа түүхт 80 жилийн ойгоо өнгөрсөн 2016 онд ёслон тэмдэглэсэн бол энэ 2017 онд Зэвсэгт хүчний найман удаагийн “Онц”, 14 удаагийн “Тэргүүн” ангийн алдрыг хүртсэн Хими хамгаалалтын тусгай 119 дүгээр анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг хөдөлмөр зүтгэлийн их амжилтаар угтахаар ажиллаж байна. 

     Тусгай мэргэжлийн химийн цэргийн нэг онцлог нь зөвхөн дайн байлдааны үед химийн бүх төрлийн хангалтыг зохион байгуулах төдийхнөөр хязгаарлагдахгүй, бас тайван цагт улс оронд тохиолдож болох  байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, хүн малын гоц халдварт өвчний дэгдэлтийн үед тэдгээрийн хор уршгийг арилгаж, таслан зогсооход мэргэжлийн хувьд ямагт тэргүүн эгнээнд явж үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр үүргээ ч удаа дараа амжилттай биелүүлж ирсэн сайхан түүхэн замналтай цэрэг билээ гэдгийг энд дашрамд дурьдахын сацуу химийн цэргийнхээ  ахмадуудад болон өнөөдөр тэдний халааг нэр төртэй залгамжлан үргэлжлүүлж байгаа нийт бие бүрэлдэхүүнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэлд байгаа бригадын  генерал М.ХҮрлээ

 

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017