АРД ТҮМЭНДЭЭ ТЭДНИЙ ӨМНӨӨС АМИА ӨРГӨХ ХАМГААЛАГЧИД БАЙГАА ГЭДГИЙГ САНУУЛЖ БАЙГААРАЙ

2017 оны 05 сарын 10

Аугаа Эх орны дайны ялалтын түүхэн өдрийг угтаж, ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Г.М.Сулимуктай цөөн хором ярилцлаа.

Яагаад цэргийн алба хаагч болохоор шийдвэр гаргасан тань сонирхолтой байна?

     -Танай сониноор дамжуулж, монголын ард түмэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би хуучнаар ЗХУ-ын нутагт хамаардаг Балхаш хотод төрсөн. Эх орноо харийн түрэмгийллээс өмгөөлж, тусгаар тогтнолоо хайрлан хамгаална гэдэг маш нэр хүндтэй үүрэг. Тиймээс оросын ард түмэн түүхийн бүхий л цаг үедээ цэрэг хүнийг бүхнээс дээдлэн хүндэлж, хайрласаар ирсэн сайхан уламжлалтай. Нөгөөтэйгүүр миний аав цэргийн нисгэгч. Тиймээс би балчир байхаасаа цэргийн мэргэжил эзэмшинэ гэж боддог байсан. Энэ бодолдоо хэзээ ч эргэлзэж байгаагүй.

Яагаад аавынхаа мэргэжлийг өвлөөгүй юм бэ?

     -Би цэргийн сургуулиа 1992 онд Украйнд төгссөн. Мэдээж аавынхаа мэргэжлийг эзэмшээд тэнгэрт дүүлэн ниснэ гэдэг сайхан. Гэвч хүүхэд бүр өөрийн гэсэн сонирхол, зорилго тэмүүлэлтэй байх ёстой гэж боддог. Ирээдүйд хэн болж, эх орондоо юу хийж бүтээх чинь гагцхүү чамаас л шалтгаална. Тиймээс би өөртөө үнэнч байж, явах замаа өөрөө сонгосон. Аавд минь битүүхэн мэргэжлээ өвлүүлэх сонирхол байсан гэдгийг нуух юун. Гэхдээ одоо би тэнгисийн явган цэрэг болчихоод  амжилттай албаа хаагаад явж байна. Эцэг минь надад миний мэргэжлийг эзэмшсэнгүй гэж хэзээ ч гомдоллож байгаагүй.

     Миний анхны томилолт Тэнгисийн цэргийн Хойд усан флот /Северный флот/ байсан юм. Тэнд салааны захирагчаас батальоны захирагч хүртэл алба хаасан. Түүний дараа Кавказ руу томилогдсон. Тэнд би терроризмын аюул занал, түүнтэй хэрхэн тэмцэх талд тусгайлан суралцсан даа. Танай сайхан оронд би 2 дахь удаагаа  томилогдон ажиллаж байна. Тиймээс монголын нутаг надад хэзээнээс танил, дотно санагддаг.

Гэр бүлийнхээ тухайд?

     -Би гурван хүүхэдтэй. Хоёр нь цэргийн сургуульд суралцаж, удахгүй эх орноо хамгаалах дайчдын эгнээг нэмэхээр бэлтгэгдэж байна. Харин отгон охин маань монголд ерөнхий боловсрол эзэмшиж байгаа.

Эх орны дайны ялалтын баяр бол оросын ард түмний хамгийн чухал үйл явдал...

     -Тийм ээ, бидний хамгийн том баяр. Хэрвээ та бүхэн манай улсын түүхийг зурвасхан ч болов судлаад үзвэл нэгэн зүйлийг ойлгох болно. Энэ нь орос орон түүхийнхээ бүх цаг үедээ харийн түрэмгийлэгчдээс түрүүлж цохилт амсаж байсан явдал юм. Дэлхийн I дайнд Хаант орос улс маань олон мянган шилдэг эрсээ алдсан. Харин Дэлхийн II дайнд хэдэн арван саяар тоологдох хүмүүсээ алдсаныг дэлхий мэднэ. Дайнд орсон ахмад дайчид маань дан ганц орос орны тусгаар тогтнолын төлөө бус дэлхийн улс үндэстнүүдийн амар тайван, энх амгалан орших язгуур эрхийн төлөө тэмцэж, асар их үнээр ялалтад хүрч байсан түүхтэй. Тиймээс ялалтын баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ бол шударга үнэний баяр, энэ бол эх оронч хүн бүхний баяр, энэ бол бие биенээ тэр дундаа цэрэг эрсээ хайрлан хүдэтгэх баяр.

Дэлхийн II дайнд оролцсон оросын ахмад дайчид манай оронд одоо амьдардаг уу?

     -Миний мэдэхээр монгод амьдарч байсан хамгийн сүүлчийн оросын ахмад дайчин өнгөрсөн жил хорвоог орхисон. Харин Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчид цөөнгүй бий. Тэд нарын ихэнх нь одоо 100 гаруй насыг зооглосон байна.

Монголын цэргийн алба хаагчидтай хамтран ажиллахад ямар байдаг вэ?

     -Миний анхны томилолт танай оронд дөрвөн жилийг хугацаанд үргэлжилсэн. Харин хоёр дахь томилолт маань хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Ингэхээр одоогийн байдлаар монгол цэргүүдтэй долоон жилийн хугацаанд хамтран ажиллаж байна гэсэн үг. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг дэлхийн тавцанд өндрөөр үнэлэгдэхэд цэргийн алба хаагчдын хөдөлмөр зүтгэл хэмжээлшгүй. Монгол цэргүүдийн ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж байна гэж дүгнэдэг. Саяхан ОХУ-д зохиогдсон олон улсын аюулгүй байдлын тухай хуралд танай БХЯ маш сайн бэлтгэж, оролцлоо. Ялангуяа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн хэлэлцүүлсэн илтгэл шилдэг илтгэлүүдийн нэг байсан гэж олон хүн ярьж, хэлж байсныг та бүхэндээ дуулгахад таатай байна.

     Ер нь монголын цэргийн алба хаагчидтай гар нийлэн ажиллахад хялбар байдаг. Энэ нь магадгүй монголын ихэнх цэргийн алба хаагч ОХУ-д цэргийн бүхий л шатны боловсролыг эзэмшдэгтэй холбоотой байх. Мөн ОХУ-д зохион байгуулагддаг армийн тэмцээнүүдэд монгол цэргүүд маш сайн оролцож байна. Анх монголчууд зөвхөн танкийн биатлонд л оролцдог байсан бол өнгөрсөн жилээс мэргэн буудагчийн болон хээрийн гал тогооны тэмцээний төрлүүдэд оролцож эхэлсэн. Энэ бол та бүхний амжилт, гаргаж буй үр дүнг олон улсын тавцанд илэрхийлж болох энгийн жишээ юм.

     Нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ жилээс армийн тэмцээний десантын төрөлд танай цэргийн алба хаагчид оролцохоор болсон. Энэ нь манай хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа улам бэхжиж, харилцан бие биеэсээ туршлага, сургамжаа хуваалцаж, хамтран хөгжиж байгаагийн тод илрэл гэж би харж байна.

ОХУ-тай хөрш зэргэлдээх бусад орнуудаас Монгол Улс ямар онцлогтой гэж боддог вэ?

     -Монгол Улс бол шашны болоод улс төр, нийгмийн ямар нэгэн хувьсгал гарах боломж маш багатай улсын нэг юм. Мөн түүхийн цаг үе, геополитикийн онцлогоос шалтгаалж, ОХУ, БНХАУ-ын дунд оршдог. Ингээд бодохоор танай улс аюулгүй байдлын хувьд маш сайн нөхцөлд байна гэсэн үг. Үүнээс гадна зэргэлдээх хоёр улстайгаа хилийн болоод улс төрийн ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Энэ нь Монгол Улсад аюулгүй байдлын маш том баталгаа болж байна. Хүн амын хэт төвлөрөлтөөс болж газар нутаг, тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал алдагдахгүй учраас монголчуудын хүн амын талаас илүү хувь нь нийслэл хотдоо аж төрдөг байх. Газар нутгаа алдана гэсэн эрсдэл бага байх тусмаа тухайн улсын тогтвортой хөгжих боломж нэмэгдэж байдаг шүү дээ.

Эх орны дайны сэдэвтэй кино, уран зохиол, жүжиг гээд олон урлагийн бүтээл бий. Эдгээр нь дан ганц оросын ард түмний бус бидний ч сэтгэлийн утсыг хөнддөг. Энэ сэдвээр хийгдсэн уран бүтээлүүд яагаад хүний сэтгэлийг ихээр хөдөлгөдөг вэ? Энэ тухайд таны бодол...

     -Оросын ард түмний өрх, айл, гэр бүл бүрээс дайнд оролцсон. Бидний аав, ээж, ахан дүүс зүгээр нэг тулалдаагүй юм. Тэднийг ямар шалтгаанаар яах гэж бүлээн цус, халуун амиа өргөснийг бид, бидний хойч үе заавал мэдэж байх ёстой. Дайны сэдвээр хийгдсэн урлагийн бүтээлүүдийн гол зорилго нь энэ юм. Тийм л учраас хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшдог болов уу. Гэвч энэ бол дайн. Дайнд ялаад дараа нь бодоход хэдий сайхан ч, энэ бол уй гашуу, хагацал зовлон гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Харин азаар танай улсад ийм дайн болоогүй. Энэ бол хүсэх зүйл биш.  Дашрамд, Улаанбаатар хотын захиргаатай манай Элчин сайдын яам хамтраад тавдугаар сарын есний өдөр Сүхбаатарын талбайд ялалтын ёслолын жагсаалыг шууд дамжуулахаар ажиллаж байна.

Таны бодлоор орос орныг ямар хүчин зүйл нэгэн цул байлгадаг гэж боддог вэ?

     -Мэдээж танай улстай харьцуулбал орос орон маш том газар нутагтай, маш их хүн амтай. Мөн олон үндэстэн, ястан тусгаар улсууд болон оршин тогтнож байдаг онцлогтой. Үүнээс гадна хүн амыг шашны олон урсгалтай хүмүүс бүрдүүлдэг. Гэсэн ч бид эв найрамдалтайгаар нэгдсэн нэг төрийн удирдлага дор оршин тогтнож чаддаг. Бүх үндэстэнг сурч боловсрох, чөлөөтэй амьдарч, ажиллах, хөгжих боломжоор хангадаг. Та нарт илүү ойрхон гэвэл буриадуудыг дурдаж болох юм. Тэд  өөрсдийн гэсэн хэл, бичиг, соёл, заншилтай. Үүнээс гадна тува, халимаг, татар гээд нэрлэвэл нэлээд их жагсаалт болно. Эдгээр олон үндэстэн, овог аймгуудыг нэгтгэдэг чухал зүйл нь орос хүн юм. Буриад ч бай, тува ч бай хэн ч өөрийгөө орос хүн гэж хэлдэгт юм шүү дээ.

Эх орны дайны түүхийг танай орны хүүхэд залуус хэрхэн мэддэг вэ?

     -Бид нарын хувьд улс орондоо болж өнгөрсөн онц чухал үйл явдлуудыг ямар нэгэн байдлаар мэдэж байхаар хүүхэд бүрт ном, сонин, сэтгүүл, кино, уран зохиолоор дамжуулан хүргэж байдаг. Улс орны хойч үе өөрсдийнхөө орны үнэн түүхийг мэдэж байна гэдэг маш чухал.

     Монголд ажиллаж байх хугацаандаа дэлхийн олон орны хүмүүстэй уулзаж, ярилцах боломж гардаг. Саяхан би японы хэсэг оюутнуудтай уулзсан юм. Энэ үеэр бид дэлхийн II дайны тухай яриа өрнүүлсэн. Гэвч надад нэг зүйл хачирхалтай санагдсан. Би япон оюутнуудаас танай улсад хэн цөмийн бөмбөг хаясан бэ гэж асуухад тэд хариулж чадахгүй, тээнэгэлзэж байлаа. Энэ бол харамсалтай зүйл юм.

Ярилцлагынхаа төгсгөлийг Танд үлдээе.

     -”Соёмбо” сонины хамт олонд баярлалаа гэж хэлэе. Мөн удахгүй болох Эх орны дайны ялалтын баярын мэндийг хамгийн эхэнд ахмад дайчиддаа хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэд нар бидний төлөө тулалдаж явсан жинхэнэ баатрууд юм. 

     Мөн монголын цэргийн алба хаагчиддаа мэргэжилдээ чадварлаг байж, цагийн байдлын ямар ч хүндрүүлсэн нөхцөлд өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх чадварт улам сайн суралцаарай. Ард түмэндээ тэдний өмнөөс амиа өргөх хамгаалагчид байгаа гэдгийг сануулж албаа хааж байгаарай гэж хэлье.

Ярилцсан дэслэгч М.МӨНХЗОРИГ

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017