НӨХӨРЛӨЛИЙН БЭЛГЭДЭЛ МОРЬДЫН ХӨШӨӨ МОСВКАД СҮНДЭРЛЭНЭ

2017 оны 05 сарын 10

     Монгол, Оросын батлан хамгаалах салбар хоорондын амьд архив, түүхэн гэрч бол БХЯ-ны ГХАГ-ын зөвлөх, бэлтгэлд байгаа хурандаа Г.Лүндэн. Түүнтэй ярилцлаа.

      Эх орны дайны ялалтын 72 жилийн ой тохиож байна. Монгол, Орос хоёр улсын дайчин нөхөрлөл энэ өдөр илүү тод харагддаг. Эх орны дайнд оросын ард түмний оруулсан хувь нэмрийг тоочиж баршгүй юм?

     -Дэлхийн хоёрдугаар дайны явцад хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн олон том тулалдаанууд болсон, цэргийн урлагийн түүхэнд тэмдэглэгдсэн том операциудыг боловсруулж хэрэгжүүлсэн дайн бол Аугаа их Эх орны дайн байдаг. Энэ их дайнд хүн төрөлхтнийг фашизмын тахлын алан хядлага, боолчлолоос аварсан аугаа их ялалтад Зөвлөлтийн ард түмэн, Улаан армийн байгуулсан гавьяаг үнэлж баршгүй юм.

      Монгол, Оросын дайчин нөхөрлөл урт удаан түүхтэй. Үндсэндээ 1921 оны Ардын хувьсгалаар эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, 1935-1939 онд манай улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсан гадны түрэмгийлэгчдийн халдлагыг няцаах, 1945 оны Чөлөөлөх дайнд хамтын ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, бүтээсэн үйлс, байгуулсан гавьяа нь түүхэнд мөнхөрч үлдсэн. Энэ дайчин нөхөрлөлийн нэг чухал нотолгоо нь Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс эхлэн Зөвлөлтийн үнэнч холбоотон нь байж, улс орноо дайны байдалд шилжүүлэн, бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн Улаан армид чадлынхаа хэрээр тусалж байсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдсэн.  Зөвлөлт улс задарч нийгмийн өөр тогтолцоонд шилжсэний дараа ч манай хоёр улсын сайн хөршийн уламжлалт найрсаг, стратегийн өндөр түвшинд үргэлжилж байна.

     Аугаа их Эх орны дайны ялалтын 50, 60 жилийн ойн баярт ОХУ-ын  Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байсан. Харин ялалтын 70 жилийн ойн баярт манай Ерөнхийлөгчийг, цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдыг урьж оролцуулсныг бид бүхэн мэднэ.

Өнгөрсөн хугацаанд оросууд үнэнч анд нөхөр, ахын ёсоор тусламж үзүүлэхээс эхлээд өндөр түвшинд хамтран ажиллаж байна. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрч бол Та. Өнөөдөр оросуудын сэтгэл санаа энэ талд ямаршуу хандлагатай байдаг бол?

    -1960-аад онд үүссэн олон улсын нөхцөл байдлын улмаас Монгол Улсын батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх шаардлагатай болоход ЗХУ зэвсэглэл, техникийн ихээхэн тусламж үзүүлсэн байдаг.

     1990-ээд оны эхээр дэлхийн социалист тогтолцоо задарч, Монгол, Орос нийгмийн өөр байгуулалд шилжихэд хоёр улсын цэргийн харилцааны эрх зүйн үндсийг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор 1993 онд Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны тухай БХЯ хоорондын хэлэлцээр байгуулсан. 2000 оноос цэргийн харилцаа идэвхжиж хоёр талын БХЯ, Зэвсэгт хүчний удирдлага, төрөл мэргэжлийн цэрэг, цэргийн тойргийн төлөөлөгчдийн харилцан айлчлал тогтмолжиж, Монголын талын хүсэлтийн дагуу ОХУ цэрэг-техникийн тусламж үзүүлж эхэлсэн.

     2004 онд байгуулсан Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2005 онд Монгол Улсын Зэвсэгт хүчинд зарим төрлийн зэвсэг техник нийлүүлсэн. Мөн хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах механизм болох Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлэг 2007 онд байгуулагдан, бүлгийн хуралдааныг жил бүр хоёр талд ээлжлэн хийж хамтын ажиллагааны ойр, дунд хугацааны зорилтыг тодорхойлж, дунд хугацааны хоёр дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

     Хэлэлцээр, хөтөлбөрийн дагуу 2008-2015 онд ОХУ манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлд зориулж танк, хуягт техник, агаарын довтолгооноос хамгаалахын цогцолбор, нисдэг тэрэг, холбооны хэрэгсэл зэрэг зэвсэглэл, техникийг сургалтын болон засварын цогцолбор, сэлбэг хэрэгслийн хамт нийлүүлж, энэ тусламжийн нийт өртөг нь 300 гаруй тэрбум төгрөгт хүрсэн.

     Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хоёр талын хамтарсан хээрийн сургуулийг “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр цэргийн анги салбаруудаа, зэвсэглэл, техниктэй оролцуулан хоёр талын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай боллоо.

Монголын цэргийн алба хаагчдыг ОХУ-ын цэргийн сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөл болон тусламжийн журмаар сургаж байгаа?

     -Хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу 2007 оноос эхлэн Оросын цэргийн академи, их, дээд сургуульд, жил бүр хэдэн арван цэргийн алба хаагч илгээж байгаа. Өнөөдөр гэхэд 30 орчим мэргэжлээр 300 гаруй хүн суралцаж байна. 2010-2013 онд монголын хүүхдүүдийг ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн Суворовын сургуульд сургасан. Энэ сургалт энэ жилээс Кызылын кадетын сургуульд үргэлжлэхээр болсон.          Бүхэлд нь дүгнэвэл, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж, түүнд хандах талуудын хандлага идэвхтэй байна.

     “Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд та илтгэл тавихдаа нэлээд ноцтой асуудал сөхөж байсан. Бидний харилцаа, хандлагад анхаарах зүйлийн тухай?

     -УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, БХЯ, ҮБХИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран зохиосон энэ хуралд би “ОХУ-ын цэрэг-улс төрийн бодлого ба Монгол Улс” гэсэн хавсралт илтгэл тавьсан. Хуралд тавьсан бүх илтгэлүүд эмхэтгэл болж гарсан байна лээ. Хуралд Монгол Улсын хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах чиглэл гажиж, ОХУ-тай харилцах харилцаанд нөхцөл боломж, нөөц бололцоог бүрэн ашиглахгүй байгааг дурдсан. Хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухайд түүнийг харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэрт шилжүүлэхэд анхаарах шаардлагатайг хэлсэн. Энэ бол бидний харилцаандаа анхаарах ёстой зүйл.

Энэ жил ялалтын баяр угтсан ямар арга хэмжээ байгаа вэ?

     -Энэ жил тогтсон уламжлалын дагуу тавдугаар сарын 9-ний өдөр БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон холбогдох Элчин сайдын яамдын албан тушаалтнууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Хөшөөнд цэцэг өргөх ёслолд манай Зэвсэгт хүчний Төрийн ёслолын хүндэт харуул, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим үүрэг гүйцэтгэнэ. Монгол цэргийн музейн салбар Маршал Г.К.Жуковын гэр музейгээс үзэсгэлэн гаргаж, олон нийтэд нээлттэй үйлчилнэ. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан маань ялалтын баярт зориулсан тусгай хөтөлбөрөөр уран бүтээлээ өргөнө. Мөн ялалтын баярын өмнөхөн ОХУ-ын Москва хотод Хүндэтгэлийн уул (Поклонная гора) хэмээх соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд Аугаа их Эх орны дайны үед Монголын ард түмний Зөвлөлтийн Улаан армид үзүүлсэн тусламжийн бэлгэдэл дурсгалын хөшөөг нээх ёслол болно. Энэхүү хөшөөг босгох ажлыг манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Москва хотын Засгийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд хөшөөний нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар оролцож байна. Монгол, Оросын дайчин нөхөрлөлийн бэлгэдэл болсон энэхүү хос морьт хөшөө Москвад очсон монгол хүн бүрийн, Монгол, Оросын уламжлалт харилцаа, дайчин нөхөрлөлийг мэддэг хүндэтгэдэг хүн бүрийн сэтгэлд ойр дотно дурсгалт газар болох нь тодорхой.

     ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Та сайдын орчуулагчаар энэ хүнтэй хэдэн удаа уулзав. Таныг андахгүй болсон байх гэж бодож байна?

     -ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар Сергей Кужугетович Шойгу бол ОХУ-ын төр, цэргийн томоохон зүтгэлтэн, Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч, “Нэгдсэн Орос орон” намыг үндэслэгчдийн нэг. Анхны мэргэжил нь барилгын инженер, хөдөлмөрийн гараагаа 1977 онд Красноярскийн хязгаарт барилгын инженерээр эхлээд дараа нь намын ажилд шилжсэн байдаг. 1990-ээд оны эхнээс Оросын аврах корпусын дарга, ОХУ-ын Иргэний хамгаалалт онцгой байдал, гамшгийн үр дагаврыг арилгах улсын хорооны дарга, 1994 оноос Иргэний хамгаалалт онцгой байдал, гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайдаар ажиллахдаа онцгой байдлын байгууллагыг байгуулан бэхжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Гамшгийн болон хүмүүнлэгийн олон арга хэмжээнүүдийг биечлэн удирдаж оролцсон гавьяатай хүн. 2012 оноос ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж Оросын цэргийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадвар, нэр хүндийг өргөхөд их зүйлийг хийж байгаа. Хойд туйлын хамгаалалт, Олон улсын цэргийн наадам, Аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хурал зэрэг чухал томоохон арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлсээр байна. Төрийн ажлын зэрэгцээ Тува улс, үндэстний тухай “Тыва дептер Урянхай” (Тува дэвтэр Урианхай) хэмээх олон боть ном, бусад бүтээлийг редакторлаж гаргасан байдаг.

     Энэ их хүнтэй 2001 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд Батлан хамгаалахын атташегаар ажиллаж байхдаа анх уулзаж байсан. Тэр үед ОХУ-ын Иргэний хамгаалалт онцгой байдал, гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд байсан юм.  Дараа нь Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа ОХУ-д айлчлах үед Онцгой байдлын сайд С.К.Шойгутай хийсэн уулзалтыг зохион байгуулсан. Мөн ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи, Галын аюулаас хамгаалахын дээд сургуульд монголчууд суралцдаг учир тус академи, сургуулийн төгсөлтийн арга хэмжээнд оролцоход түүнтэй гар барьж байлаа. Үүнээс хойш 2013 онд Батлан хамгаалахын сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал, 2015-2017 онуудад Батлан хамгаалахын сайд Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хуралд оролцох үед хийсэн хоёр талын уулзалт бүрт оролцох хувь тохиосон, уулзсан. Гэхдээ сүрхий танил гэж хэлэхгүй.

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017