МОНГОЛ ЦЭРЭГ ЯМАР ЖАГСААЛЧ ВЭ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫН ТУЛД ЁСОЛСОН

2017 оны 05 сарын 10

     Өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд олон орны цэргийн алба хаагчид жигдрэн алхаж, сүр хүч, цог золбоогоо гайхуулж байв. Энэхүү түүхэн үйл явдалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг командлан алхсан, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболдтой ярилцлаа.

 

     2015 онд  Москва хотод болсон цэргийн ёслолын жагсаалд таны командалсан манай дайчдын сүр жавхлантай алхаа одоо ч тодхон санагдаж байна?

     -Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд байлдагчаас хурандаа хүртэлх цолтой, 18-40 насны цэргийн алба хаагчид алхсан.  Одоо эргээд бодоход эх орон, Зэвсэгт хүчний удирдлагаас өгсөн үүргийг амжилттай биелүүлэхийн төлөө манай залуус богино хугацаанд асар их ачаалалтай бэлтгэлээ хангасан. Хамгийн наад зах нь хоёр цаг хөдөлгөөнгүй зогсохын тулд хөлний дасгал, амьсгалаа зөв хуваарилах гээд олон төрлийн дасгал хийж, сургуулилт хийсэн. Хэдийгээр бэлтгэлийн үе хүнд байсан ч ёслолын жагсаалдаа амжилттай оролцсон нь бидний хамгийн том амжилт байлаа.  Бид омогших түүхтэй өвөг дээдсийн үргэлжлэл. Тэр дайчин удмын үргэлжлэл өнөө ч дайчин чанараа алдалгүй цог хийморь, хүч төгөлдөр гэдгээ олон улсад харуулж чадсан нь  бидний амжилт, нэр төрийн хэрэг юм. 

Монголчууд тэр өдөр та бүхнээр үнэхээр  их бахархсан?

     -Олон улс Л.Батболд командалж байна гэж харахгүй, Монгол Улсын дайчид алхаж байна гэж харах учраас бид хичээсэн. Ямартаа ч эх орон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлсэндээ манай дайчид одоо ч гэсэн баяртай явдаг юм. Энэ завшааныг ашиглаад надад итгэл хүлээлгэсэн дарга нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Хүний аугаа том чанар бол бусдад итгэл хүлээлгэх гэж боддог.  Итгэл бол асар их хүч.  Ийм нэг үг байдаг даа. “Үнэн голоосоо итгэсэн гэдгийг мэдэрсэн зүрх хуурах алхамд хэзээ ч жолоодохгүй” гэж. Ажил, амьдрал дээрээ бусдын өгсөн итгэлийг зүтгэлээр хариулахыг хичээж явдаг даа.

     Таны ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай тэвхийтэл ёслож байгаа агшинг бид цэнхэр дэлгэцээр харсан. Бусад цэргийн командлагч ингэж ёслоогүй санагдана?

     -Монгол цэрэг ямар жагсаалч бэ гэдгийг харуулахыг зорьсон. Ёсолгоонд маань хүндэтгэлтэй хандаж байсан нь одоо ч тод санагдаж байна. Хамгийн гол нь Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл хоёр улсын нөхөрлөлийн төлөө, хамтын ажиллагааны төлөө, түүхийн гэрч болж амжилттай оролцсон нь чухал юм.

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017