АЛТАН МӨРДЭСТНҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР...

2017 оны 05 сарын 10

     Их жанжин Д.Сүхбаатарын талбайн төв хэсэгт ҮЖҮНХ-ийнхэн, хүндэт харуулын тэнгэр баганадсан сүрлэг цэргүүдтэй хамт байраа эзлэн жагсчээ. Тэднийг тойрон хашаа татаж цагдаа нар түүгээр явах хүн зоны хөдөлгөөнийг хязгаарлана. Талбайн зүүн хойд талд Монгол Улсын алтан мөрдэстнүүд үндэсний дээл хувцсаараа гоёсон гэргий нарын хамт цуглажээ. Энэ өдрөөс  73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 11 цэргийн алба хаагчид цэргийн дээд цол болох генерал цолыг олгож эхэлсэн түүхтэй. Цэргийн дээд цол хүртээж  эхэлснээс хойш Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас нийт 180 генерал цолтон төрөн гарснаас өдгөө 99 генерал амьд сэрүүн, энх тунх амьдарч байна. Уламжлал болгон тэмдэглэж ирсэн генералын өдрийг төрийн цэргийн байгууллагууд  хариуцан ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил ТЕГ хариуцаж генералууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Ахмад буурлаас өнөө цагийн Зэвсэгт хүчний нүүр царай болж яваа олон генералууд нөхөрсгөөр тэврэлдэн анх цэргийн албанд мордох гэж байгаа залуус шиг л хөөр баяртай байлаа.

     Эрхэм генералуудын дунд 80 шахам нас сүүдрийг зооглосон нэгэн эрхэм тухайн үеийн байлдагчийн хувцсаараа гангарсан нь содон харагдана. Тэр эрхэм бол Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядын 1970 оны хилчин байлдагч Т.Оюунбилэг билээ. Тэрээр Улаан-Уулын отрядаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүлэхээр зорин иржээ. Хил хамгаалах байгууллагаас 26 генерал цолтон төрснөөс домогт Улаан-Уулын отрядаас 10 генерал цолтон төрсөн нь миний бахархал хэмээгээд  зарим генералд хадаг, мөнгөн аягатай цагаан идээ, дурсамжийг  гардуулан  хүндэтгэл үзүүлсэн нь өтөл буурал болсон ч “манай ангийн хүүхэд” хэмээн ярьдгийн адил  даргаа гэж ирсэн ахмад буурлын сэтгэл  зарим ахмад генералуудын цэргээ харуулдах сэтгэлийнх нь утсыг  хөндсөн болов уу...

     УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар эрхэм генералуудын хамтаар их жанжны болон их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээд Төрийн ордонд орлоо.

     Монгол Улсын их хурлын дарга М.Энхболд эрхэм  генералуудыг Төрийн есөн хөлт цагаан туг байрласан хүндэтгэлийн танхимд  хүлээн авч “Эрхэм генералууд маань иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулж ирсэн, Батлан хамгаалахын төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлэх ёстой” хэмээж  эрүүл энхийг хүслээ. “Монгол генерал” ТББ-ын тэргүүн, бэлтгэлд байгаа хошууч генерал С.Баасанхүү, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хошууч генерал З.Болдбаатар нар УИХ-ын даргад “Монгол генерал” ТББ-ын дурсгалын зүйлийг  гардуулсан юм.

     ТЕГ-аас  зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээний нэг онцлог нь залуу үеийнхэнд эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэх, тэднийг сурч боловсроход дэмжлэг үзүүлэхэд генерал цолтнуудын оролцоог хангах зорилготой, нийгэмд үйлчлэх “Генерал клуб” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, генералуудад зориулан “Монгол генералууд” дуу бүтээн, дүрсжүүлжээ. Чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхэд, залууст үлгэр дуурайлал болохуйц тохижуулсан “Генерал клуб”-ын  нээлтэд эрхэм генералууд оролцож клубын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

     Хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй үе үеийн эрхэм генералууд маань  Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг дурсамж, баяр бахдалаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017