МОНГОЛ МОРИНЫ ТУУРАЙН ЦУУРАЙ МОСКВАГААС БЕРЛИН ХҮРЧ БАЙВ

2017 оны 05 сарын 19

     Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн босгон дээр Москва хотноо монгол морьдын хөшөө сүндэрлэснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэлсэн. Тус үйл явдалд оролцоод ирсэн Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

Дэлхийн II дайнд монгол морины оруулсан гавьяаг мөнхөлсөн хөшөө Москва хотноо сүндэрлэсэнд баяртай байна. Энэ тухайд?

     -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар хүрэлцэн очиж, оролцохдоо хөшөөг танилцуулж, гардуулан өгснөөс хойш 2 жилийн дараа ялалтын 72 жилийн ойн босгон дээр “Ялалтад тэмүүлсэн монгол морьд” хөшөө Зөвлөлтийн ард түмний ялалтыг тунхагласан “Хүндэтгэлийн уул” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ.

     Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Москва хотын удирдлагатай хамтран зохион байгуулсан энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан тэргүүтэй хүндэт зочид уригдсан бол ОХУ-ын талаас Гадаад хэргийн орлогч сайд Г.Б.Карасин, Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.М.Миронов, Москва хотын Думын дарга А.В.Шапошников нар оролцсон нь 2 орон энэхүү үйл явдалд их ач холбогдол өгснийг харуулж байна. Тиймээс БХЯ-ны зүгээс энэхүү арга хэмжээг түүхэн үйл явдал гэж үзэж байна.

     Эх орны дайны хүнд цаг үед манай ард түмэн “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах өргөн хөдөлгөөн орон даяар өрнөж байсныг бид бүхэн мэднэ. Хос морь хөлөглөсөн тэргэн дээр артилерийн их буу суурилуулсан энэхүү хүрэл хөшөө дайны хүнд хэцүү цагт Монголын ард түмний Оросын ард түмэнд илгээж байсан олон бэлгийг илэрхийлж буй юм.

     Монгол морьдыг эхлээд бие жижигтэй, явдал удаан гэж байсан ч дайны үед тусгай эдэлгээ, арчилгаа шаардахгүй, цаг агаарын хүнд нөхцөлд тэсвэртэй, хурдан шаламгай зэргээрээ оросын ард түмний хайр, итгэлийг хүлээж байсан. Тиймдээ ч монгол морины туурайн цуурай Москвагаас Берлин хүрсэн сайхан түүхтэй. 

Хөшөөг хэний санаачилгаар, хэн урласан бэ?

     -“Монгол Глобал” ХХК-ний ерөнхий захирал Б.Ганбаяр энэхүү хөшөөг бүтээх санааг анх гаргаж, уран барималч А.Очирболд урласан. Хөшөө нь 11 метр урт, гурван метр өргөн. ОХУ-ын талаас хөшөөний суурийг гантиган чулуугаар хийсэн. Нээлтийн арга хэмжээний үеэр ОХУ-ын зочид төлөөлөгчид “Дайны хүнд жилүүдэд монголын ард түмэн бидэнд чин сэтгэлээсээ бүхий л боломжоороо тусласан юм. Тэр дундаа хагас сая орчим агт морио бэлэглэсэн нь 1943 он гэхэд фронтод хөлөглөж байсан таван морь тутмын нэг нь монгол морь байсан сонирхолтой баримтыг бий болгож байна. Тус хөшөө нь хоёр орны ард түмний нөхөрлөлийн нандин харилцаа, бие биенээ гэсэн сэтгэлийн агуу илэрхийлэл болж, хойч үед үүрд сануулж байх дурсгал болно” гэж хэлж байсныг дурдах нь зүйтэй. 

Дэслэгч М.МӨНХЗОРИГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 881

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017