ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “ОЛИМП” ЭХЭЛЛЭЭ

2017 оны 05 сарын 19

     Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг сорьдог Зэвсэгт хүчний “олимп” буюу марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо. Уг арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар оролцон баг тамирчдад амжилт хүссэн юм.

     Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өрнөж буй эл тэмцээнд Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагын 2000 гаруй тамирчин өрсөлдөж буй. Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнээс шалгарсан баг тамирчид төрийн цэргийн байгууллагуудын дунд явагддаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит тэмцээнд тоосоо өргөнө. Тэмцээний нээлтийн үеэр зарим алслагдсан ангийн цэргийн алба хаагчидтай уулзаж сэтгэгдлээс нь хуваалцлаа.

АНХ УДАА БҮХ ТӨРӨЛД...

Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Ч.Буянзаяа

       Танай анги өмнөх жилүүдийн тэмцээнд төдийлөн оролцдоггүй байсан санагдана. Харин өнөө жил тэмцээний бүх төрөлд тамирчдаа сойжээ?  

    -Тийм ээ, 2006 онд эл тэмцээнд эмэгтэй тасаг оролцож мөнгөн медаль хүртэж байсныг эс тооцвол манай анги анх удаа бүх төрөлд баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байна.

Тэмцээний бэлтгэл хэр хангагдсан бэ?

            -Энэ жил ангийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд багагүй ажил төлөвлөсний нэг нь марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний бүх төрөлд баг тамирчдаа бэлтгэн оролцуулах байсан. Зүгээр нэг оролцоод өнгөрөх биш тодорхой амжилт үзүүлэхийг чухалчилсан. Мэдээж тамирчдын маань амжилт ойдоо барьж байгаа том бэлэг болох учраас тэр шүү дээ. Харьяа салбаруудаасаа бүрэлдэхүүнээ шалгаруулж, бэлтгэлээ ч чамгүй хангасан. Энэ тэмцээнд ангийнхаа нэрийг гаргах хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл хүн бүрт байж, ач холбогдол өгч байгаад удирдлагын хувьд сэтгэл өндөр байна.

Тэмцээнд бэлтгэх явцад хүндрэл бэрхшээлтэй зүйл гарах юм уу?

     -Алслагдсан анги учраас тэмцээний районд ирээд байрлах байр, майхнаас эхлээд хүндрэлтэй зүйлүүд бий. Гэхдээ хүндрэл бэрхшээлийг түрүүлж харах биш, өөрсөддөө байгаа боломж бололцоог эрэлхийлж тэмцээндээ бэлтгэсэн. Анги болон салбаруудын бие бүрэлдэхүүн, орон нутгийн удирдлагууд, Завхан аймаг дахь төрийн цэргийн байгууллагууд тодорхой дэмжлэг үзүүлж, бидний дээлийн захыг мушгиж байгаа учраас тэр. 

ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮН ГАРНА

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хүний нөөцийн офицер, ахлах дэслэгч Н.Мөнхболд:

            -Миний хувьд анх удаа баг тамирчдынхаа бэлтгэл сургалтыг хариуцан марш тактикийн тэмцээнд оролцож байна. Хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан болохоор биеийн тамир, спортод нэлээд ойр. Бага ч гэсэн сурч мэдсэн зүйл, дадлага туршлагадаа тулгуурлан бас ахлах дарга нарынхаа заавар зөвлөгөө, туршлага сургамжийг үндэслэн тамирчдаа бэлтгэлээ. Бидний  багагүй хугацааны хүч хөдөлмөр, идэвх зүтгэлийн үр дүн гарна гэдэгт итгэж байна.

     Цаашид цэрэгжлийн спортын хүрээнд сурч мэдэх зүйл нэлээдгүй байгааг ч ойлголоо. Ингээд мөр зэрэгцэн өрсөлдөж байгаа Зэвсэгт хүчний нийт баг тамирчиддаа амжилт хүсье. 

УЛАМЖЛАЛАА АЛДАХГҮЙГ ХИЧЭЭНЭ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа С.Жаргалсайхан

            Тэмцээний бэлтгэлээ хэр базаав? Ховдын хорооныхон ганзага хоосон буцдаггүй шүү дээ...

     -Тийм ээ. Манай анги энэхүү тэмцээнд өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай. Амжилтаа хадгалахын тулд бид он гараад л бэлтгэл сургалтаа явуулж эхэлсэн. Ангийн удирдлагаас Батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуульд тусгагдсан мэргэжлийн цэрэгтэй байх зорилтын хүрээнд ангийн шинэ бүтэц орон тооны өөрчлөлтийн саналыг боловсруулж, энэхүү саналдаа тулгуурлан баруун бүс тэр тусмаа уулархаг газар районд анги, салбарын үүрэг гүйцэтгэх боломжийг эрэлхийлсэн сургалт явуулах зорилгыг сургуулийн жилд дэвшүүлсэн.

      Мөн марш тактикийн аварга салаа, тасаг, оны аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлэхийг зорьж сургалт бэлтгэлээ ч энэ рүү чиглүүлсэн.

     Энэ жилийн тэмцээнд байнгын бүрэлдэхүүний салаа, хугацаат цэргийн алба хаагчдын салаа, оны мэргэжлийн аварга шалгаруулах төрөлд рот, батальон, салааны захирагч, оны аварга ахлагч гэсэн төрлүүдэд баг тамирчдаа оролцуулахаар сойгоод байна.

     Хөдөө орон нутгаас ирж байгаа учраас хөрөнгө мөнгөний асуудал байсан. Гэсэн ч ЗХЖШ, командлалаас асуудлыг шийдэж боломж олгосонд талархалтай байна. Мөн орон нутгийн удирдлага, цэргийн штабаас дэмжиж итгэл хүлээлгэсэн, ангийн бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласан гээд баг тамирчдад дэмжлэг үзүүлсэн хүн бүрт талархаж буйгаа танай сониноор дамжуулан уламжлая. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017