ТАЛ НУТАГТ ТАНКЧИД “ДАЙТАВ”

2017 оны 06 сарын 12

     Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхийн хуудсанд өнгөрсөн долоо хоногт онцлог үйл явдал болж өнгөрлөө. Энэ бол танкийн шилдэг тоот шалгаруулах “Танкийн биатлон-2017” тэмцээн байсан юм. Мэдээж хуурай замын цэргийн цохилтын гол хүч нь танк хэвээрээ байгаа. Тиймээс ч далайд гарцгүй манай орны хувьд танкчидын ур чадварыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх нь маш чухал. Иймд тус тэмцээний ач холбогдлын талаар тоочих нь илүүц биз. Тэмцээний ерөнхий танилцуулгыг хүргэе. ҮБХИС, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 167, 186, 256, 311 дүгээр ангиуд найман баг илгээж, “Т-55”, “Т-72” загварын танкаар 11 саадтай замыг туулж өрсөлдсөн. Замын саадын хувьд ОХУ-д зохиогддог олон улсын танкийн биатлон тэмцээнтэй ойртуулсан байдлаар тохижуулсан нь манай танкчидын ур чадварыг олон улсын түвшинд гаргахад хамгийн чухал ажил болсон нь ойлгомжтой. Танк бүр гараанаас гарч, туг сүлжиж, сум ачааллах цэгт ирнэ. Ингээд гурван сумаар гал нээж, буудлага үйлдээд усан саадыг давж, минийн гарцаар маш болгоомжтой гарна. Дараа нь огцом өгсүүр давааг даваад дэржигнүүртэй замаар орж, мөргөцгөөр өнгөрч, налуу замаар хурдалж, гуу жалгыг давах юм. Нийтдээ 4,3 км урттай саадтай замыг гурван удаа тойрч эцсийн барианд орно.

     Гэхдээ уншигч  та яагаад хоёр өөр танкийг уралдуулсныг гайхаж байгаа байх. Яагаад гэвэл “Т-55”, “Т-72” танкийн хооронд бүтэн 20 жилийн ялгаа бий шүү дээ. Гэхдээ уралдуулахаас аргагүй байсан. Учир нь манай Зэвсэгт хүчний зарим мотобуудлагын ангид “Т-72” танкаар хараахан нөхөн хангалт хийж амжаагүй байгаа юм. Гэхдээ тэмцээний үеэр “Т-55” танкаар уралдсан экипажийн нийт цагаас хувилан хасч, нийлбэр оноонд тооцсон болохоор ямар нэгэн шударга бус шүүлт энд огтхон ч байхгүй шүүгчид тайлбарласан. Хэрвээ экипажийн наводчик байгаа оноогүй бол алдсан сум тутамд торгуулийн тойргийг тойрох дүрэмтэй байсныг хэлэх хэрэгтэй. Тиймээс тэмцээнд экипажийн гишүүн бүрийн үүрэх хариуцлага маш өндөр байв.

     Ингээд бүтэн өдрийн турш явагдсан тэмцээний дүн гарахад тэргүүн байр, цом, өргөмжлөлийг Зэвсэгт хүчний  167 дугаар ангийн ахлах дэслэгч А.Нацагдорж даргатай экипаж хүртэж, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэслэгч Э.Гансүх даргатай экипаж, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын дэслэгч М.Тамир даргатай экипаж мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

     Тэмцээн зохиогдсон газар хур тунадас бага, хуурайшилт их байсан нь танкийн механик жолоочийн ур чадварыг харин ч нэг сориод авах шиг болсон. 50 тонн жинтэй хүнд техникээр уралдаж байгаа учир хөрсийг үндсээр нь эргүүлж, яг л говийн угалз аятай тэнгэр газрыг баганадсан өтгөн их тоос тал газрыг нөмрөн манарч байхад танкийн механик жолооч нар маань төө хүрэхгүй жижигхэн шилээр хараа бэлчээж асар хүнд техникийг их хурдаар төвөггүйхэн удирдан жолоодож байсныг хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

     Анх удаа зохион байгуулагдсан уг тэмцээнийг уламжлал болгон зохиоход цаашид бүх талаар анхаарч ажиллах тухайгаа ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон ХЗЦ-ийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар ярьж байлаа.

     Тэмцээний замыг гурван жилийн өмнөөс олон улсын танкийн биатлонд оролцох баг тамирчдыг бэлтгэх зорилгоор төхөөрөмжлөн дадлага, сургуулилтыг явуулж эхэлсэн түүхтэй бөгөөд уг тэмцээнд зориулан саадуудыг шинэчлэн хагас сарын хугацаанд төхөөрөмжилсөн аж. Бэлтгэл ажлын хүрээнд голлох үүрэгтэй бүрэлдэхүүн нь яахын аргагүй Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн дэд хурандаа Ж.Дэлгэрсуурь даргатай хуягт техникийн засварын бүлгийн хамт олон байв. Хурд, хүчээ сорин уралдах танкуудыг дөнгөж мэндэлсэн хүүхэд адил бөөцийлөн арчилж, гарааны шугамд зогсох хүртэл нь бүх талын техникийн тусламж үйлчилгээг гардан хариуцаж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Бүр “Т-55” танкинд гарсан гэмтлийг оношилж, дахин шинээр мотор боож суулгаад тэмцээнд оролцуулсан тухайгаа тэд ярьж байв. Мөн тэмцээний үеэр ямар нэгэн гэмтэл гарахад техникийн хүч эсвэл экипажийн бүрэлдэхүүнийх  үү гэдгийг тодорхойлох нь тэдний гол үүрэг байсан. Ер нь тус бүлгийн хамт олон танкийн бүхий л гэмтлийг 10 хуруу шигээ мэддэг гэж хэлж болно. Хамгийн сүүлийн ээлжинд уралдсан Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн “Т-55” танк тэмцээний замаар явж байгаад гэмтэл гарч зогссон. Яг энэ үед тус бүлгийн хамт олон шуурхай ажиллаж, гэмтлийг цаг алдалгүй тодорхойлж ажилласан нь үүний нэг нотолгоо.

     Монгол Улсын Зэвсэгт хүчний танкийн хөгжил тэртээх 1943 оноос эхтэй гэж үздэг. Хуучнаар ЗХУ-д манай анхны танкийн мэргэжилтнүүд 1970-аад оны эхээр сургагдаж эхэлсэн. Тэр цагаас хойшхи үе үеийн танкчид маань энэ л өдөр цуглаж, идэр насны дурсамжаа ярьж, залуу танкчидаараа бахархан дурсгалын зургаа татуулсан сайхан мөч энэ тэмцээнтэй хамт ирсэн нь мөн л дурдах ёстой нэгэн үйл явдал байлаа. “Монголын танкчидын холбоо” ТББ-ын тэргүүн Sc.D, профессор, бэлтгэлд байгаа хошууч генерал Б.Эрдэнэбат “Өнөөдөр танкчидын хувьд түүхэн өдөр тохиож байна. Монгол хүн танк гэдэг хүчирхэг зэвсгийг эзэмшиж чадсаны том үзүүлэлт энэ боллоо. Тэмцээн гэхээсээ илүү экипажийн хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа, байнгын бэлэн байдлыг харуулж, бусад нөхдөөсөө туршлага, сургамжаа хуваалцах сургалтын маш том хичээл боллоо. Танкийн аль ч загварыг /“Т-55”, “Т-72”/ манай залуус өөрийн гар, хөл шигээ гаргууд удирдаж чаддаг гэдгээ харууллаа. Энэ бол ЗХЖШ, ХЗЦК-ын бүрэлдэхүүний хийж чадсан маш том ажил, арга хэмжээ байлаа” хэмээн ярьсан юм. Тэмцээний төгсөлд “Монголын танкчидын холбоо” ТББ-аас шилдэг танкчин, танкийн наводчик, механик жолооч, сумлагчийг тодруулж, дурсгалын зүйл гардуулж, амжилт хүссэн.

     Тэмцээндээ хэрхэн бэлдсэн бэ, ийм амжилт гаргана гэж бодож байсан уу? гэдэг асуултад тэргүүн байрын цомыг гартаа атгасан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн танкийн экипажийн дарга, ахлах дэслэгч А.Нацагдорж “Ийм хэмжээний амжилт гаргана гэж огтхон ч бодоогүй. Биднээс туршлагатай олон улсын тэмцээнд оролцсон тамирчид бусад багт нэлээд байсан. Хамгийн гол нь экипажийн гар нийлэмжтэй ажиллагаа тэр дундаа хурдан замаа дуусгах биш алдаа бага гаргаж, замаа туулах нь бидний гол тактик байсан” гэж хариулаад “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээсэн юм. Тэд ирэх сард ОХУ-д зохиогдох олон улсын танкийн биатлоны тэмцээнд өрсөлдөнө.

“Соёмбо” сонин

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017