ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2017 оны 06 сарын 12

     “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг “Хубилай” баазад тэмдэглэн өнгөрүүллээ. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын болон Гана улсын батальон, зэвсэглэсэн цагдаа, НҮБ-ын цагдаа, штабын, холбогч офицерууд, энгийн ажилчид энэхүү арга хэмжээнд  оролцлоо. Энэ үеэр НҮБ-ын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх, НҮБ-ын далбааг мандуулах ёслолын арга хэмжээ зохиогдсон юм. UNMISS ажиллагааны Бентью хот дахь мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара “1948 оноос хойш нийт 3500 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байдаг. Энэхүү гарз хохирол нь хэзээ ч бид бүхэнд нөхөж баршгүй юм. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид тэдний үүргийг үргэлжлүүлэн нэр төртэйгээр энхийг сахиулсаар байх болно” хэмээн онцлов.

     Мөн тус өдрийг угтан манай энхийг сахиулагчид Бентью хотод үүрэг гүйцэтгэж буй бусад орны цэнхэр дуулгатнуудтай хамтран орон нутгийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ. Өвчтөн хүлээн авах болон мэс заслын тасгийн байрыг цэвэрлэж, эмнэлгийн агуулахад хадгалагдаж буй тусламжийн эм, тариаг ялган, хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөв. Бентью хотын эмнэлгийн дарга Куол Донг Дэнг “Монголын энхийг сахиулагчдын санаачилгаар Гана улсын батальон, зэвсэглэсэн цагдаагийн бие бүрэлдэхүүний төлөөлөл хүрэлцэн ирж эмнэлэгт тусламж үзүүлж байгаад үнэхээр талархаж байна” хэмээв. Үүний зэрэгцээ дотоодын дүрвэгсдийн хуаранд UNMISS ажиллагааны бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулсан гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд манай эмэгтэй цэргийн алба хаагчид амжилттай оролцсон. Арга хэмжээний хүрээнд НҮБ-ын UNMISS ажиллагааны ажилчид, дотоодын дүрвэгсдийн хуарангийн иргэдтэй хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнээр өрсөлдөж, энхийг сахиулагчдын үйл ажиллагааг сурталчилах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулав.

Ахлах дэслэгч Э.ОЧбадрах


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017