2020 ОН ГЭХЭД ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛД БҮРЭН ШИЛЖИНЭ

2017 оны 06 сарын 12

     Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд эрх зүйн шинэчлэл үргэлжилсээр байна. 2015, 2016 онд УИХ-аар Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон Батлан хамгаалахын багц хуулийг шинэчлэн батлуулсан бол энэ онд Засгийн газраар хөгжлийн стратегийн хөтөлбөрүүдээ батлууллаа. Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон Батлан хамгаалахын багц хуульд нийцүүлэн үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллахаар “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газраар, ЗХЖШ-ын дүрэм, Хуурай замын цэргийн командлалын болон Агаарын цэргийн командлалын дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр шинэчлэн батлуулснаа  БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд өнгөрсөн даваа гаригт тайлагналаа. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, БХЯ, ЗХЖШ болон командлалуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, Улаанбаатарын цэргийн хүрээний ангиудын захирагч нар оролцсон юм.

     Засгийн газраас батлан гаргасан хөгжлийн стратеги, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр өгсөн. Тэрээр “1990 оноос өнөөг хүртэл мэргэжлийн чиг баримжаатай цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байна гэсэн нэр томьёоны хүрээнд бид бүхэн ажиллаж ирсэн. Харин шинэчлэн батлагдсан хууль болон бусад дүрэм, хөтөлбөрүүдэд цомхон гэдгийг нь авч, чиг баримжаатай гэдгийг нь чадваржсан болгон өргөжүүлсэн. Тодруулбал, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин байхаар хуульчилж, баталгаажууллаа.

     Мэдээж хууль, эрх зүйн шинэчлэл үүгээр дуусахгүй. Цаашдаа шинэчлэн батлуулах шаардлагатай хэд, хэдэн дүрэм журам бий. Гэхдээ гол цөм хууль, хөтөлбөрөө УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөр батлуулсан нь бидний хамтын том амжилт байлаа. Манай салбар 2020 он гэхэд эрх зүйн шинэчлэлд бүрэн шилжинэ гэсэн төсөөлөл байна” гэсэн юм. Үүний дараа ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ЗХЖШ-ын дүрэм болон хоёр командлалын дүрмийг батлуулан, мөрдүүлж буй тухай мэдээлэл өгөв. Тэрээр ЗХЖШ нь шинэчлэн батлагдсан Зэвсэгт хүчний тухай хуулиар хүлээсэн үүргээс гадна гүйцэтгэх бусад үүргээ  дүрмүүддээ нэмж тодорхойллоо.  Агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн хүрээнд ч гүйцэтгэх үүргээ нэмэгдүүлж, баталгаажуулсан. Өдгөө дүрмүүдээ дагаж мөрдөж байна хэмээн эрхзүйн шинэчлэлийн тухай ярьлаа. Хурлын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн шинэ хуулийн орчинд ажиллах сайхан цаг үе ирлээ. Энэ бүхэнд үе, үеийн Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нарын хөдөлмөр зүтгэл шингэсэн гэдгийг онцолмоор байна. Ялангуяа, бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг болон ажлын хэсгийнхэнд онцгойлон баяр хүргэе гээд манай салбарынхан цаг ямагт сахилга баттай байж, даргаас цэрэг хүртлээ хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг үүрэг болгосон юм. Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон Батлан хамгаалахын багц хууль, хөгжлийн стратеги, хөтөлбөр, Батлан хамгаалахын сайдын албан даалгавруудыг эмхэтгэж “Батлан хамгаалах бодлогын шинэчлэл” товхимол болгон хэвлүүлснээ энэ үеэр бүрэлдэхүүнд гардуулан өгсөн юм.

“Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017