Ш.Самбуу-Ёндон: БАЙЛДАГЧ БАЙХДАА ХИЛ ЗӨРЧИГЧИДТЭЙ БУУДАЛЦААД ЦОЧРООГОО ГАРГАЧИХСАН БАЙСАН

2017 оны 06 сарын 16

     2004 оны хоёрдугаар сарын 18-ны өглөө.  Иракийн Аль Хилла хотын ойролцоо орших Чарли баазыг террористууд овоо хараандаа авч цуст халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн байлаа. 2000 гаруй цэрэг хооллодог танхимд АНУ,  Монгол, Польш, Унгар, Румын, Филлипинээс ирсэн цэргүүд цайлж байх агшинд 750 кг тэсрэх бодистой ачааны машин баазын хашаанд юу юугүй ороод ирж. Энхийг сахиулагчдын амийг аварч, халдлагыг зогсоосон цэрэг Монголынх байв. Хорь гаруйхан настай шавилхан  хоёр бор залуу тэсрэх бөмбөг ачсан машин баазын хаалгаар орж ирэхэд нь гал нээж халдлагыг зогсоосон гавьяа дэлхийн сонорт хүрч байсан нь саяхан мэт боловч аль хэдийнэ 13 жил өнөрчээ. АНУ-ын Ерөнхийлөгч жирийн монгол цэрэгт хүндэтгэл үзүүлж байсан түүхт өдрийг монголчуудад эргэн сануулж АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн илгээмжийг Олон улсын энхийг сахиулагчдын өдрөөр Сүхбаатарын талбайд хүлээн авч Монгол цэргүүдийг дэлхий мартаагүй гэдгийг ахин батлан харуулсан үйл явдал болсон.

     Иракт үүрэг гүйцэтгэн дэлхий дахины энхийн төлөөх үйл хэрэгт оролцохдоо 2000 гаруй цэргийн амийг авран онцгой гавьяа байгуулж, монгол цэргийн баатарлаг үйлсийг дэлхийд дансласан хоёрын нэг болох Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн холбооны дарга, ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонг “Мартах ёсгүй гавьяа” булангийнхаа зочноор урилаа.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушаас илгээмж хүлээн авсан шүү дээ. Сонирхож амжсан уу?

     -АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч асан Жорж Уокер Буш УИХ-ын гишүүн Л.Болдоор дамжуулан ”Эр зоргийн дууль” номыг ахмад А.Аззаяа бид хоёрт хүргүүлсэн байсан. АНУ-ын  армийн цэргүүдийн баатарлаг үйл хэргийн талаар бичсэн дурьдатгал дурсамжийн сонирхолтой ном байсан. Шимтэн уншиж эхлээд удаагүй л байна.

2005 онд нүүр тулан уулзаж байсан дэлхийд данстай хүнээс 10-аад жилийн дараа илгээмж хүлээн авах үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал...

     -2005 онд уулзахдаа “Эрэлхэг гавьяа байгуулсан та бүгдийг хэзээд дурсан санаж эргэж уулзалдах болно” гэж хэлж байсан юм. Үнэхээр л тэр хүн мартаагүй санж байдаг юм байна гэж бодохын зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч болж, дэлхий дахины энхийн үйлсэд гар бие оролцож байснаараа бахархах сэтгэгдэл төрж зогссон.

Халдлагыг зогсоосон тэр үеээ эргэн дурсаач. Та тэр үед Иракт очоод хэр удаж байсан бэ?

     -Иракийн эрх чөлөө ажиллагааны хоёрдугаар ээлжийн багт багтаж явсан минь миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдсэн гэдгийг онцолмоор байна. Зэвсэгт хүчний 150 дугаар ангид хуваарилагдаж очоод удаагүй байхдаа Иракт үүрэг гүйцэтгэх тухай эргэлзэж байгаад гэнэт шийдвэр гаргаж, 14 хоногийн дотор бүх бэлтгэлээ хангаад явж байлаа. Тэр ээлжийн бие бүрэлдэхүүний 80-90 хувийг 150 дугаар ангийн цэргийн алба хаагчид бүрдүүлсэн. Очоод нэг их удаагүй байсан үе. Арав гаруй л хоносон байх. Харуул,  хамгаалалтын үүрэг гүйцэтгэх хугацаандаа  хүлээсэн үүргийнхээ дагуу л ажилласан. Хоёр харуулын цэг дээрээс гал нээж гурван удаа буудсанаар халдлагыг таслан зогсоосон байдаг юм.

Террористууд халдах нь гэдгийг яаж мэдсэн юм бэ. Ямар нэг сэжиг бүхий мэдээлэл авсан байв уу?

     -Биднийг харуулд гарахаас өмнө тагнуулын мэдээ танилцуулдаг юм. Тэр өдрийн харуулын үүргээ гүйцэтгэхээс өмнө Аль Хилла хотын аль нэг бааз руу террорист халдлага халдаж болзошгүй гэсэн мэдээ байснаас өөр мэдээлэл үгүй. Харуулын цэг дээрээс ямар бүлгийн хүмүүс дайраад ороод ирж байгааг тэр үед мэдэх боломж байгаагүй. Тэгээд ч 40-50 метрийн цаанаас хэн болох нь харагдах ч боломж байхгүй л дээ.

“Хэрвээ тэр халдлагыг зогсоогоогүй бол” гэсэн бодол төрдөг үү?

     -Тэгж бодож байгаагүй ч их хохирол гарах нь ойлгомжтой л доо. Доод тал нь 1000 хүн хоол иддэг заал байсан гэж бодох төдийд л ...Тэр халдлага болох үе яг өглөөний хоолны цаг байсан. Ачааны машинаас 750 кг тэсрэх бодис илэрсэн байдаг юм. 100 грамм тэсрэх бөмбөг гэхэд л таван тоннын чингэлэгийг дээш нь метрийн зайд хөндийрүүлэх чадалтай байдаг. Ийм л хүчтэй эд.

Тэр үед сэтгэл зүйн цочролд хэр орсон бэ? Хэр хугацааны дараа хэвийн байдалдаа орж байсан бол?

     -Миний хувьд тэр үед сэтгэл зүйн цочролд ороогүй юм. Магадгүй урьд нь хил дээр хугацаат цэргийн алба хаах үед хил зөрчигч нартай буудалцаад цочроогоо гаргачихсан байсан юм болов уу. Манай хамтрагч ахмад А.Аззаяагийн хувьд хэсэг хугацаанд сэтгэл зүйн цочролд орсон байсан.  

Иракт хөл тавьсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу. Тэс өөр орчин угтахад эхэндээ хэцүү байсан болов уу?

     -Дайны дараах сэргээн босголт хийгдэж байгаа орон яаж ч олигтой байхав. Дээрээс нь цаг агаарын хувьд эхэн үедээ ямар халуун бүгчим юм бэ гэж бодогдох үе байсан. Тэгээд ч миний сайхан оронтой харьцуулах орон ховор шүү дээ. Байнгын бэлтгэл сургуулилттай цэргийн алба хаагчдын хувьд цагийн байдлын талаар сонсож байсан учир анхны сэтгэгдэл гайгүй. Энд бид бэлтгэл хийж буун дуу сонсоод очсон болохоор тэгтлээ цочирдож гайхаагүй ч удалгүй буун дуу, тэсрэлт дэлбэрэлтийг яг бодитоор нь цаг тутам сонсоод ирэхээр айдас төрдөг юм билээ. Гэхдээ монгол хүмүүс хаана ч очсон орчиндоо амархан дасчихдаг онцлог манай цэргүүдийн давуу тал болдог юм билээ.

Цагийн байдлын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэнэ гэдэг амар ажил биш. Тэр хэрээрээ сэтгэл зүйд нөлөөлөх нь ойлгомжтой шүү дээ...

     -Үүрэг гүйцэтгээд ирсэний дараа маш цочимтгой болсон байсан. Яг Иракт байх хугацаандаа бол хүчтэй дуу чимээ гарах, гэрэл манас хийх төдийд л хувцасаа өмсөөд зэвсэг, галт хэрэглэлээ аваад гарч жагсах, харуулынхаа байр руу гүйх зэрэг бэлэн байдалд шилжих дадалд орсон байсан. Нэг удаа хоол идээд сууж байхад краны дохио дуугарахад бүгд гараад гүйж байсан тохиолдол ч бий. Үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсний дараа ч гэсэн нэг хэсэгтээ тэр байдлаасаа гарч чаддаггүй юм билээ. Унтаж байх үед чимээ гарах тохиолдолд босч ирээд суучихсан, буугаа хайх зэрэг үйлдэл гаргах энүүхэнд.

Энэ байдал хэр хугацаанд үргэлжилсэн бэ? Эх орондоо ирээд сэтгэл зүйчид хандсан уу?

     -Бараг хоёр жил үргэлжилсэн. Тэр үед сэтгэл зүйчид хандаж байсангүй. Ирээд багаараа “Шонхор” зусланд 10-аад хоног амрчихаад л албандаа марш шүү дээ.

Халдлагыг таслан зогсоосны дараа олон улсын бусад цэргүүдийн монгол цэргүүдэд хандах хандлага хэр өөрчлөгдсөн бэ? 

     -Их өөр болсон. Хоолоо идэх гээд орохоор бидний урд явж байсан гадны цэрэг зам тавьж өгнө. Мөн тэр үед манай цэргүүд техник зэвсэглэл муутай учир газар шорооны бүх л ажлаа өөрсдөө хийдэг байлаа. Тэр халдлагын дараа хүчтэй машин техниктэй газрууд бидний ажилд туслах жишээний хандлагуудад өөрчлөлт орсон нь мэдэгдэж байсан. 

Маш том халдлагыг таслан зогсоож гавьяа байгуулсан гэдэг утгаараа онцгой эрх дарх эдэлж байв уу?

     -Бид цэргийн алба хаагчид, хүлээсэн үүргээ л гүйцэтгэсэн хэрэг. Тиймээс ямар нэгэн онцгой эрх ямба эдлэх тухай ойлголт байхгүй.

Чарли баазад хэдэн орны дайчид байсан бэ?

     -Латви, Литви, Филиппин зэрэг долоон орны цэргүүдтэй хамт алба хашсан. Америк цэргүүд ирж очин, бааз дамжих маягаар ажиллана. Гол удирдлага нь Польшийн Зэвсэгт хүчин байдаг байсан.

Олон орны цэрэгтэй яаж ойлголцдог байв. Хэлний бэрхшээл мэдээж гарна биз?

     -Тэр үед хамгийн том бэрхшээл бол хэлний бэрхшээл байсан. Хэсэг хугацааны дараа орчиндоо дасч зохицоод ойлголцож болж байсан. Хөгтэй явдал ч нэлээд гарна. Одоо бол манай цэргийн алба хаагчдын хэлний мэдлэг мундаг болсон учир энэ бэрхшээл буурсан байх гэж боддог юм.

Албаа дуусгаад эх орндоо ирэх мөч бас л догдолмоор үе шүү. Таны хувьд бүр онцгой байсан байх даа?

     -Эх орондоо ирсэний дараа их олон дарга бидэнтэй уулзаж  үүргээ нэр төртэй гүйцэтгэж монгол цэргийн нэр хүндийг өргөсөн явдалд баяр хүргэж байсан. Мөн сэтгүүлчдийн асуулт  Иракт байлдахаас ч илүү хэцүү санагдсан. Тэнд би тэгж айхтар зовоогүй санагддаг юм.

Бүгдийн асуух асуулт адилхан биз?

     -Тэгэлгүй яах вэ. Одоо ч гэсэн асуудаг асуулт нь тэр үед яг юу болов.

Сьерра Леонд энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо, үүргээ бас л гавьяатай гүцэтгэсэн байдаг...

     -Тийм ээ. 2006 онд Сьерра Леонд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний l ээлжийн бүрэлдэхүүнд алба хаасан.  Иракийг бодвол нөхцөл нь хүнд, хортой шумуул шавьж ихтэй. Гэхдээ цагийн байдлын хувьд Иракаас тайван байсан. Тухайн үед интерполоор эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнийг илрүүлж байсан юм.

Энэ тухай тодруулаач? 

     -Харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үүргэвч үүрсэн, цагаан арьстай нэг нөхөр баазын эргэн тойронд зураг аваад яваад байсан юм. Нэг л сэжигтэй санагдсан учир тэр хүний талаар дээшээ мэдээлж шалгуултал олон улсын итерполоор эрэн сурвалжлагдаж байсан, иргэний дайнуудыг санхүүжүүлдэг хүн байж таарсан.  

Ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаандаа монгол цэргүүдийн сул болон давуу талыг хэрхэн хардаг вэ?

     -Ажиллагааны газар оронд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид ачаалал даах, аливааг хурдан сурах, дасан зохицох чадвараараа илүүрхдэг.

Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч байхын бахархал юу вэ?

     -Зэвсэгт хүчин гэж байхгүй бол улс эх орон үгүй. Тиймээс энэ чухал салбарын  нэг хэсэг болж үүрэг гүйцэтгээд явж байгаа нь бахархал юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төлөв даруу, үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг байх эрхэм чанарын эзэд нь цэргийн алба хаагчид юм даа.

Дайны халуун цэгт байсан хүн эх орон, энх тайван гэдгийг илүү ойлгож ухаарсан байдаг болов уу? Эх оронч үзэл гэж таныхаар...

     -Хилийн зурваст багтсан өргөн уудам газар нутаг минь миний эх орон. Мөн энэ бүгдээ эрхэмлэн хайрлах үзэл бодол ухамсарыг л эх оронч үзэл гэж би хувьдаа боддог юм.

Манай орон шиг ийм амар тайван, тааваараа амьдарч байгаа улс дэлхийд цөөхөн  дөө.

20-30 жилийн тэртээх ирээдүйн төлөвлөгөөг тань сонирхвол?

     -Насны тэтгэвэртээ гарчихаад үр хүүхэд, ач зээгээ тойруулаад цэргийн албыг ингэж хааж,  ингэж гавьяа байгууллаа гээд хууч хөөрөөд сууж байх юмсан гэж боддог юм. Тиймээс одооноос л ярих юмтай нүүр бардам байхаар албаа үлгэр жишээ хаших юмсан гэж эрхэмлэж явдаг даа.

Сүүлчийн асуултыг таны мэдэлд үлдээе.

     -Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сониноор дамжуулан Монгол Улсын дөрвөн  зүг, найман зовхист эх орондоо үнэнчийн тангараг өргөн үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчиддаа албаа сайн хааж, үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг хүсье.

 

Соёмбо сонин

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017