ОДОО ТЭД ОЮУТНУУД БИШ ЭХ ОРНЫ ЭР ЦЭРЭГ БОЛСОН

2017 оны 07 сарын 06

 

     Оюутны ширээнээсээ хөндийрч амжаагүй яваа олон залуу цэрэг болохоор ҮБХИС-ийн Сургалтын төвд цугларчээ. Өөрсдийн хүсэлтээр цэргийн сургалт бэлтгэлд хамрагдаж, цэргийн алба хаахаар шийдсэн залуус хамтдаа бэрхшээл бүрийг тэсвэр, тэвчээрээрээ даван туулж гарна гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй байгаа нь сургалтын явцаас харагдаж байлаа. Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 онд анхны оюутан цэргүүд бэлтгэгдэж байсан бол тэр цагаас хойш гурван мянга гаруй залуус энэ хөтөлбөрт хамрагдаж, цэргийн алба хаажээ. Энэ жилийн хувьд ҮБХИС-ийн Сургалтын төвд нийслэлийн их, дээд сургуулиудын 700 гаруй оюутан хээрийн дадлага сургалтад  хамрагдаж байна. Тэдний дунд гадаадын их, дээд сургуулиудын 10 гаруй оюутан зуны амралтаараа цэргийн алба хаахаар шийдэн нэгдсэн байгаа нь онцлог санагдаж байв. Онолын сургалтаа хилийн чанадад цахимаар уншин судлаж, эх орондоо ирээд, гэртээ ч тухтай хонож чадалгүй хээрийн байрлалд ирсэн тэдгээр залуусын заримтай нь уулзаж, ярилцлаа. Их Британи улсын Лондон хот дахь Рояаль Холловей сургуульд эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа мэргэжлээр суралцдаг Ж.Намнансүрэн хэмээх залуу миний анхаарлыг татсан юм. Тэрээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, цаашдаа төрийн албанд ажиллах сонирхолтой аж. Тэсвэр хатуужлыг цэргийн албанаас л олдог гэж аав нь түүнд байнга захидаг аж. Түүнийг нутагтаа буцаж, цэргийн албанд шамдан суралцана гэхэд гэрийнхэн нь баярлаж, бүр үсийг нь хүртэл хусч өгч үдсэн гэнэ. Хээрийн байрлалд ирээд олон содон зүйлтэй учирч байгаагийн дотор сэтгэлд нь хамгийн тод үлдсэн нь анх удаагаа буу барьж үзсэн явдал гэнэ. Тэрээр Канадад дунд сургуулиа төгссөн бөгөөд суралцаж байх хугацаандаа чөлөөт бөхөөр шаггүй барилдчихдаг байсан агаад муж улсын аваргаар тодорч байсан тухайгаа хуучлаад амжив.

     Харин байлдагч Т.Энхжингийн хувьд АНУ-ын Колорадо мужийн Уул, уурхайн сургуульд уул, уурхайн инженерийн мэргэжлээр суралцдаг. АНУ-д байхдаа долоо хоног бүр цахим хэлбэрээр цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээлийг авч, уншин судлаж байсан аж. Ирээдүйд улсынхаа эдийн засгийн хамгийн чухал салбар болох уул, уурхайн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар бэлтгэгдэж байгаа уг оюутан өөрийгөө үргэлж шинэ зүйлсээр сорих дуртай гэнэ. Залуус эх оронч байна гээд дэмий цээжээ дэлдэн тэртээх XIII зууны үеийн их байлдан дагуулалтыг дурсан ярилцаж суух биш эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж байгаасай гэж боддог. Тийм болохоор улсынхаа хөгжилд гар бие оролцохын тулд эхлээд цэргийн алба хааж, хэрэгтэй цагт амиа ч өргөх сэтгэлийн зориг тэвчээр, хатыг өөртөө суулгах хэрэгтэй гэж бодсон учраас энд ирсэн гэж тэрээр ярив. Цэргийн сургалт бэлтгэлээс та өөртөө юу олж авч байна? гэж асуухад “Америкийн сургуулиудад заадаггүй нэг хичээл бол нөхөддөө туслах чанар юм. Хамтдаа өлсөж цангаж, хамтдаа гүйж харайж байгаа болохоор бидний нөхөрлөл маш үнэ цэнэтэй. Өөртөө байгаа бүхнээ бусаддаа зориулж, хуваалцаж сурах нь цэрэг хүний эрхэм чанарын нэг юм байна” гэж хэлсэн нь тэд хэрхэн ачаалал авч бэлтгэгдэж байгааг харуулна. Т.Энхжингийн аав нь цэргийн алба хаасан болохоор хүүдээ хөлөө хэрхэн ороохоос эхлээд хооллож байхдаа чимээ гаргахгүй, захирагч дарга нарын үүргийг цаг тухайд нь биелүүлж яваарай гээд цэргийн албанд мөрдөгддөг зарим зүйлсийг зааж өгчээ. АНУ-ын сургуулийн тэтгэлгээр суралцаж байгаа учраас сургуулиа заавал онц дүнтэй дүүргэх зорилгыг өмнөө тавьсан аж. Нийгмийн аль ч салбарт эх оронч сэтгэлтэй ийм л залуусын эгнээ улам олшроосой.

     Хээрийн байрлалд гараад хэдхэн хонож байгаа ч залуус анхны гурван сумаа гаргаад амжжээ. Өнгөрсөн сарын 29-нд шинэхэн дайчид анхны буудлагаа хийхэд 40 гаруй оюутан цэрэг “Онц буудагч” болсон байна. Тэдний дундаас байлдагч Б.Очирбатыг онцлоё. Тэрээр Тээврийн дээд сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцдаг. Хоёр ах нь цэргийн алба хаасан учраас дүүгээ оюутан цэргийн сургалтад хамрагдах болсныг дуулаад хамгийн их баярласан гэнэ. Сургалт хэдий шахуу явагддаг ч богино хугацаанд эрчимжүүлсэн хичээлийн программаар цэргийн алба хаана гэдэг цаг хугацаа хэмнэсэн давуу талтай. Би оюутан цэргүүдийн нэг нь болохоор тэднийхээ амжилтаас хойш татаж, шантарч, сэтгэл санаагаар унах эрх байхгүй. Үеийн залуустай мөр зэрэгцэн хамтдаа бүхнийг туулж байгаа минь миний сэтгэлээс хэзээ ч гарахгүй. Өмнө нь буу барих байтугай дэргэдээс нь харж ч байгаагүй болохоор буудлага хийх үедээ их сандарч байсан. Гэвч бусад нөхдөө хэрхэн хичээж байгааг хараад зоригжиж, би заавал байг ононо гэж өөртөө амласан. Тэгээд гурван сумаараа байг онож, “Онц буудагч” болсон гэж тэрээр ярьсан юм. Цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын дипломоо авчихаад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар зорьж байгаа аж. Харин түүний хэтийн төлөвлөгөө нь цөмийн инженер болох ажээ.

 

     Оюутан цэрэг таван ротын бүрэлдэхүүнтэй хичээллэж байгаа бөгөөд салааны захирагч нар нь бүгд энэ хавар сургуулиа төгссөн шинэхэн дэслэгч нар. Өнгөрсөн жилийн оюутан цэргийн сургалтад тэдгээр салааны захирагч нар тасгийн захирагчаар ажилласан туршлагатай. Цэргийн сургуульд заалгасан эрдэм мэдлэгээ практикт ашиглах боломж бүрдсэн нь тэдэнд давхар туршлага болж байна. Хоёрхон сарын дараа анги, салбарт хуваарилагдах “будаг нь ханхалсан” дэслэгч нар хүнтэй харьцаад сурчихсан, салаагаа удирдаад үүрэг чиглэлээр хангаад явчих чадварыг олоод авчихна гэдэг маш том давуу тал юм. “Сургуулиа дөнгөж төгсөөд анги, салбарт хуваарилагдан очиход ажлаа хаанаас нь эхэлж хийхээ мэдэхгүй, хүмүүсийн өмнө үүрэг чиглэл өгөхдөө сандрах зэрэг нь залуу офицерт тулгамддаг асуудал. Эдгээр дутагдлаа засч, анги, салбарын салааг удирдах арга ухаанд суралцахад оюутан цэргийн сургалт мэргэжлийн дадлагын орчин болж байна” гэж Сургалтын төвийн захирал, хурандаа Б.Түвшинбаяр хэлэв.

     “Сурлагаар нь шигшээд авсан оюутнууд учир заасан хичээлийг богино хугацаанд сурч байна. Гэвч биеийн тамиртаа сул байгаа нь анзаарагдсан. Ялангуяа гүйх, турникэнд суниахдаа тийм ч хангалттай биш. Салааны бүрэлдэхүүнээ турникэнд гурав суниаж, зургаа дараад шинэ цэргийн нормыг биелүүлчихдэг болгохоор ажиллаж байна. Оюутнууд маань өөртөө зорилго тавиад хүсэлтээрээ ирсэн учир аливаад мэриймтгий, суръя, мэдье гэсэн тэмүүлэлтэй байдаг нь сайшаалтай” гэж салааны захирагч, дэслэгч О.Очирсүх ярилаа. Ер нь сургалтыг явуулж буй удирдлагын бүрэлдэхүүн цэргүүдийн сэтгэлзүйн талын дадлагын хичээлүүдийг түлхүү оруулахаар төлөвлөсөн аж. Цэргийн алба гэдэг мэдээж онцлогтой. Босож, суухаас эхлээд бүх үйл хөдлөл цэргийн дүрэмд заагдсаны дагуу явагддаг учир оюутны ширээний араас шууд хээрийн байрлалд ирж, цэргийн эрдэмд суралцаж байгаа залууст юм бүхэн сонин содон санагдах нь ойлгомжтой. Тиймээс тэднийг цэргийн албанд дасгахад эхлээд айдсаас нь салгах нь чухал юм. Цэргийн дүрмийн дагуу оюутнуудтай шууд харьцахад эхлээд төвөгтэй байх нь мэдээж. Тиймээс цэргийн албаны онцлогийг тайлбарлаж, хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх нь чухал. “Сэтгэлзүйн бэлтгэл хичээлийг айдсаа даван туулахад зориулж байна. Үүнд чиглэгдсэн автомашины явдлаас бууж, суух, явж буй танкан доогуур мөлхөх, байгалийн саад туулах, халдлагад өртөж, шатсан газар орныг туулах, бүх төрлийн татан гаргалтыг зохион байгуулах гэсэн хичээлийн зургаан цэгийг төхөөрөмжлөөд, удахгүй оюутнуудаа сорихоор бэлтгэж байна” гэж сургалтын төвийн сэтгэлзүйч Д.Уламбаяр ярив.

     Энэ удаагийн сургалтын нэг онцлог нь 11 төрлийн мэргэжлээр цэргийн бага мэргэжилтэн бэлтгэж байгаад юм. “Сургалтыг явуулж буй удирдлагын бүрэлдэхүүн ҮБХИС-иас томилогдсон учир богино хугацаанд жигдэрч, сургалтыг үр дүнтэй явуулахад давуу тал болж байна. Нөгөөтэйгүүр их, дээд сургуульд сурч буй оюутнууд учраас тухайн суралцаж буй мэргэжилтэй нь уялдуулаад цэргийн бага мэргэжилтэн бэлтгэхээр сурган дадлагажуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, математикийн чиглэлээр суралцдаг оюутнууд артиллер, анагаах ухааны чиглэлээр суралцдаг нь эмнэлгийн зааварлагч, инженерийн чиглэлээр бол химичин, инженерийн тагнуул гэх зэргээр мэргэжилтэй нь уялдсан цэргийн бага мэргэжилтэнг бэлтгэхээр ажиллаж байна гэсэн үг. Мөн манай сургууль энэ жил Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн таван оюутныг цэргийн мэргэжлээр сурган бэлтгээд анги, салбарын биеийн тамирын дарга нар болгохоор зорьж байгаа. Цэрэгжлийн спортоор бэлтгэгдсэн залуус маань оюутан цэргүүдэд биеийн тамирын хичээлийг зааж байгаа нь тэдэнд бие бялдрын өв тэгш хүмүүжил олгоход гол үүргийг гүйцэтгэх юм. Ер нь бид ар тал, цэргийн алба, соёл хүмүүжил, удирдлага зохион байгуулалт гээд бүх зүйлийг сургалт руу чиглүүлж байгаа болохоор сургалтын үр дүн ч нэмэгдэж байна” гэж хурандаа Б.Түвшинбаяр хэллээ.

     Оюутан цэргүүдийн дотор дөрвөн айлын найман ихэр хөвгүүд байсан нь онцлог санагдлаа. Мөн хамгийн өндөр цэрэг нь 198 см бол хамгийн намхан нь 150 см юм. ҮБХИС-ийн Сургалтын төвийн хөндий талыг дүүргэсэн залуус маань албандаа дасаад захны даавуугаа оёчихдог, гутлаа тослочихдог, цээжээ онгойтол жагсаалын дуугаа дуулчихдаг болжээ. Тэд наймдугаар сарын 15-нд Цэргийн тангаргаа өргөнө. Одоо бол тэд оюутнууд биш харин эх орноо хамгаалах дайчин эрс болсон.

Дэслэгч М.МӨНХЗОРИГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017