БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ДОРЖСҮРЭН: БУУДЛАГЫН ТАЛБАЙ ӨДӨРЖИН, ШӨНӨЖИН ТЭР ЧИГЭЭРЭЭ УЛААН ГАЛ. БУУДАХГҮЙ ГЭЭД ЯАХ ЮМ

2017 оны 08 сарын 28

...Ийн хөөрөлдөөд байвал та бидэн хоёрын яриа үл дуусах. Одоо хоёул асуудал руугаа орно оо. “Сэлэнгэ” хээрийн сургууль аа гэж. Ард олон маань армийн сүр хүч суларлаа гэлцэх болсон. Цэрэг армид их зардал гаргаж байна гэсэн үг улс төрчдийн амнаас ч цухалздаг. Харин дайчин эрс энхийн тэнгэр дор үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр л...

-Нэг суут жанжны үг байдаг биз дээ. “Цэргийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэ” гэж. Магадгүй эх орон эр цэргээ нэг л өдөр дууддаг. Угаасаа эр улс тэр амиа өргөх ариун дуудлагын төлөө орчлонд ирсэн. Монгол улсынхаа бүрэн бүтэн байдлын төлөө төр засаг нь төсөв хөрөнгө зарцуулаад явдгаараа л явна. Энэ бүхний үндсийн үндэс болсон цэргийн дадлага сургуулилалтыг байнга чанаржуулж байх учиртай. Энэ нь хээрийн сургууль. Нэг жилийн цэрэг ч байсан өнөөдөр сурах ёстой юмаа л сурч байгаа. Нөгөө талаар манай зэвсэгт хүчин гадныхантай хамтарсан хээрийн сургуулийг олноор хийж байгаа. Энэ нь бас нэг том ололт юм. Цэрэг эрс бие биенээсээ суралцаж, харилцан туршлага солилцох, улс орнуудын хамтарсан итгэлцэл, дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхэд асар их түлхэц болж байна. Дээрээс нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудал ч бий.

Тэрбээр 1981-1983 онд Зүүнбаянгийн цэргийн хүрээний мотобуудлагын инженерийн ангийн салаа ротын захирагч, 1983-1987 онд Зүүнбаянгийн дивизийн штабт ажиллаж байгаад Зөвлөлүүдийн орны зүг эрдмийн аянд морджээ. Жагсаалын байлдагчаас генералын мөрдөс мөрөндөө гялалзуулсан эл эрхэм батлан хамгаалах салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Зэвсэгт хүчний мэргэжлийн гурвын гурван ангийг нэр  төртэй удирдаж, хийсэн юм, хэлэх үгтэй болсон нэгэн. Түүний сүүлийнх нь Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги. Тэдний Асгат хайрханд хөтлөгч зам гүүрийг цогцлоон босгосон нүсэр үйлсийг өлгийчүүд элгэн хаднаа гэрэлт бичээсээр мөнхлөн үлдээсэн билээ. Өдгөө бригадын генерал П.Доржсүрэн нь өөрийн мэдлэг, туршлагадаа дулдуйдан Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга гэсэн хариуцлагатай албыг хашиж буй.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын унаган хүү хоёр ч ТМС төгсөж, улмаар ЦНДС-ийн офицерын курс, ЗХУ-ын Калининград хотын Инженерийн цэргийн дээд сургууль, ОХУ-ын Москвагийн Инженерийн академийг тус тус дүүргэсэн аж. Эрхэм генералтай “Сэлэнгэ-2017” хамтарсан хээрийн сургуулийн бэлтгэл ажлын үеэр говь нутгийн Хажуу ухаагийн сэрвэнд нүүр учран золгож, ийн хөөрөлдөв өө.

...Дээхнэ үед Ховдын хороо, Улиастай, Зүүнбаянгийн цэргийн хүрээний дайчин алдар улс даяар ёстой дуурсдаг байж билээ. Сайхан байж дээ. Тэр үеийн гэрэлт дурсамжаас хоёулаа яриагаа эхлэх үү.

-Та бид хоёрын сууж байгаа энэ довцгийг Тэмээтэй айл гэж нэрлэдэг байлаа. Миний хамгийн сайхан залуу нас минь энд өнгөрсөн. Миний үед Зүүнбаянгийн ангиуд бригадаас армийн зохион байгуулалтад шилжиж байлаа. Хэд хэдэн дивизээс нэг нь байлдааны байнгын бэлэн байдалд байдаг байлаа. Хаашаа ч харсан мянга мянган цэрэг офицер бужигнаж, амьдрал буцалсан үе.

-Одоо ч ерөнхийдөө балгас л болж дээ. Тэр үед энд тэндгүй хайрцаглаж жагссан цэргийн хөвгүүд дуу нүргэлүүлж, ахуй орчин гэж хачин цэвэр цэмцгэр байсан тухай эндхийн улс дурсаж сууна.

-Үлгэр жишээ дивиз байлаа. Ямар сайндаа ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд Устинов зочилж ирээд шагшиж байсан нь сэтгэлд тод байна. Соёл, олон түмний ажлыг долоо хоног бүр нэг анги нь даан явуулж, амралтын өдрөөр үдэшлэг уулзалтаа зохион байгуулж, ажлаа дүгнээд дараагийн ангидаа хүлээлгэж өгнө. Орд цагаан өргөө босгож, хосууд анхны хурим хийж байхад нь би хараад л зогсож байсан.

-Юу гэсэн үг вэ. Анхны хурим гэнэ ээ?

-Урьд өмнө хурим найр хийлгүй л яахав. Анхны ёс төртэй хуримын ёслол гэмээр ч юм уу. Үнэндээ Зүүнбаян тэр үед хөгжлийнхөө яг оргил үед байсан байх гэж одоо санагддаг юм. Дандаа гал дүрэлзсэн залуус. Байлдааны буудлага, хээрийн хичээл сургууль жинхэнэ утгаараа болно. Угаасаа ч Зүүнбаянгийн дивизүүдийг цэргийн “Хээрийн академи” гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Энэ газрыг дамжсан цэргийн дарга нарыг жинхэнэ офицер гэж ярьдаг байсан. Буудлагын талбай өдөржин шөнөжин тэр чигээрээ улаан гал. Сургалт хариуцсан офицерууд цэргүүдийг тэгж л бэлтгэдэг байлаа.

-Тэр талбар одоо хаана байна?

-Байхгүй. Туурь нь үлдсэн. За тэгээд, хойшоо, урагшаа Чойрын ууланд хүртэл ах нартай хамтарсан сургууль хийнэ дээ. Тэр үеийн офицерууд бол жинхэнэ монгол цэргийн жанжнууд байж.

-Манай оныхон Баянгийн тухай ярьдаг байсан санагдаж байна. Шинэхэн офицерууд Зүүнбаянд ирээд нэг хэсэг цалингаа авч чаддаггүй байсан гээд л...

-Наад яриа чинь ёстой худлаа. Ямар утгаар нь хэлснийг мэдэхгүй. Би салаан захирагчаар томилогдож ирээд 640 төгрөгөө бүтэн л авч байсан.

-Атаман “Жа” нар хааяа татвар татдаг байсан юм биш үү?

-Үгүй ээ, тийм юм байхгүй. Харин ч офицерууд өглөө цэргийн бослогоор ирээд, хамт хооллоно. Орой ч цуг хооллоно. Цэрэг хаана байна, дарга тэнд байна гэсэн хууль үйлчилнэ. Ангийн захирагч Хандмаа надад “Цэргийн хоолыг та заавал идэх ёстой” гэдэг байсан сан. Мундаг хүн байсан даа.

-1980-аад онд оны ялгаа хурцдаж, цэргийн дэг ид байсан гэдэг. Зүүнбаянд цэргүүд хүйсээр татсан нүх ухаад нэгнээ халуун наранд дотор нь оруулж зогсоогоод цэв хүйтэн ус хийдэг байсан гэх. Өөрөөр хэлбэл цээжин бие нь шатам наранд, доошоо мөс шиг хүйтэн усанд...

-Би гурван жилийн цэрэг. Радио техникийн хороонд алба хаасан. Зүгээргүй байсан нь үнэн. Шанаа авдаг л байсан. Манай ангид тийм ярга байгаагүй. Ер нь цэрэг дэглэнэ гэдэг их хор уршигтай. Хүнийг аягүй муухай харгис болгодог. Шинэ цэрэг очоод хуучин цэргүүдэд зодуулна. Түүндээ өширч дараагийн дүү нараа зодно. Энэ явдал гурван жилийн цэргээр бараг дууссан даа. Одооны цэргүүдийн хувьд унтаад л маргааш нь халагддаг болж дээ.

-Тэр үед зун ч зун байж. Бараг дөрвөн сар бүтэн халуун нар шарж, аагим өдрүүд үргэлжилж байсан гэдэг.

-Одоо сэрүүхэн байдалтай болсныг үгүйсгэхгүй. Ямар ч байсан тэр үед өдрийн 13:00-16:00  цагийн хооронд бие бүрэлдэхүүнийг амраачихна. Өглөө, бага үд, орой ажлаа хийнэ гэсэн үг. Бараг цасан цагаан нар гарна. Дээрээс шарна, доороос ч төөнөнө. Гэтэл би урьд шөнө ирээд 03:00 цаг хүртэл унтаж чадсангүй.

-Яасан хэрэг вэ, агаар дутагдсан юм уу?

-Их бүгчим байна. Газрын халуун шөнөдөө босоод, үүрээр жаахан хөрөх маягтай болохоор нь жаахан нүдний хор гаргалаа.

-Газрын халуун босно гэдэг сонин байна шүү.

-Үгүй яахав, доороос халж байгаа байхгүй юу. Өдөржин шарагдсан газар шөнө нь цахилгаан зуух шиг төөнөнө шүү дээ.

-Ер нь ингэхэд говийн томоохон цэргийн хүрээг анхнаасаа загийн шугуй мугуй  бараадуулаад байгуулчихаж болоогүй юм уу. Энэ урд талаар битүү заган ой байна шүү дээ. Нарны асгар шиг шалдан тал дээр, аа яа яа.

-Тухайн цаг Хүйтэн дайны үе. Тэгээд л Зүүнбаянд, Сүхбаатар, Өмнөговь, Ховд, Эрдэнэтэд цэргийн ангиуд байрлаж байлаа. Зүүнбаянгийн хувьд зайлшгүй чухал чиглэлд байсан хэрэг. 1979 онд Хятад, Вьетнамын мөргөлдөөн дэгдсэн. Тэгэхэд эндхийн цэргийн хүрээ бүрэн хэмжээгээр бэлэн байдалд байсан.

-Тээр жил Хатгал, Ханхын чиглэлээр их цэргийн цуваа өмнө зүг олон хоногоор цувсан гээд л хүмүүс ам булаалдан дурсдаг сан. Таны сэтгэлд тэр үеийн дурсамж байна уу?

-Би гэдэг хүн тракторчин байлаа. Тэгээд л цэргийн албанд мордож, олон жил энэ салбарт зүтгэжээ. 1979 онд Зүүнхараагийн дунд сургуулийн сурагч байлаа. Тэр өдрүүдэд галт тэргээр цэрэг, техник их явна. Бид гоё тэмдэг авах гээд л хошуураад гүйлддэг сэн. Хожим сонсох нь ээ, Хятад Вьетнамд цөмрөхөд Вьетнамын үндсэн арми оролцоогүй, нөөц хүч нь тулсан юм билээ. Олон жил Америктай дайтаж, байлдааны туршлага суусан улс тэрүүхэндээ партизаны маягийн дайн явуулж, цөөнгүй хүн хүч олзолсон байдаг. 

-Тухайн үед Монголын Ардын армийн тулалдах чадвар ямар байсан бол?

-Манайхан Азидаа хүчирхэг армитай байсан юм билээ.

-Намайг цэрэгт байхад улс төрийн хичээл дээр “Зүүнбаян гарнизон бол гадны довтолгоог арав гаруй минут тогтоох үүрэгтэй” гэж ярьж байсан нь санаанаас ерөөсөө гардаггүй юм.

-Тийм биш байсан байх. Үнэндээ тухайн үед Оросын армийн анги нэгтгэлүүд урд талыг хаачихсан байсан. Чойр, Сайншанд, Шивээговьд Оросын томоохон дивизүүд байлаа шүү дээ. Зүүнбаянгийн хувьд 10 минут барина гэж байхгүй. Манайхан бол маш сайн зэвсэгтэй. “Т-55” гэдэг бол үнэндээ хүчирхэг танк. Сүүлийн үеийн танкууд бол тийм төгс биш шүү дээ. Машин дээр л бодоод үз дээ. Төмөр нь нимгэрээд, сүүлдээ бүр хуванцар болоо биз дээ. Түүнтэй адил.

-Та нар “Монгол зам”-ын технологийг анх боловсруулсан гэл үү?

-Зүүнбаянд бид говийн анхны хар зам тавьж байлаа. Цэргийн хотхон дотроо л доо. Одоо та яваад үзээрэй. Энд тэнд бүдэгхэн үлдэц нь байж л байна. Тэр хар замыг дивизийн захирагч Доржготов хурандаа, Шагдар дарга, манай инженер удирдаад бий болгосон юм. Өөрсдийнхөө хүчээр гурван км замыг нэг сарын дотор л амжуулсан.

-Баахан машин техник, замын хар гээд л бөөн юм болов уу?

-Үгүй чиш. Шууд газрын барагшуныг гаргаж ирээд л, дэвсэж индүүдээд л гүйцээ.

-Юу юу гэнэ ээ. Газрын барагшун гэж юу байдаг юм бэ?

-Барагшун гэж нэрлэдэг юм. Юу гэмээр юм бэ дээ, их нефтьтэй нутагт газрын тос элсээр нэвчээд гараад ирдэг юм. Базахаар баримлын шавар шиг. Наранд хэсэг байхаараа агаартай исэлдээд хатчихна. Тэр технологиор дараа нь Сайншандын замыг тавьсан. Гэхдээ элстэй хольсон байдаг юм. Сүүлд нь Орост оюутан байхдаа зам тавих технологийг багшаасаа сонсоод дэндүү бүдүүлэг зүйл хийснээ ойлгосон.

-Яасан хэрэг вэ?

-Та бод доо, паркетан шалан дээр хивс тавьчихаар ийш тийш гулгаж хуйлраад байдаг даа. Тийм л зам хийчихсэн байхгүй юу. Сүүлдээ тэр замыг Доржготов хурандаа “Доржсүрэнгийн доргио хар” гэж нэрлэн, онигоо гарсан.

-Дэвссэн зам маань ийш тийш хуйлардаг болсон хэрэг үү?

-Яахав дээ. Их халуунд нөгөөдөх чинь зөөлрөөд, машины дугуйгаар долгио сууна. Эмэгтэй хүний гутлын өсгий шигдээд орчихно. Тухайн үед хар замтай байх ёстой гээд даргаас тушаал аваад л өөрсдийн бололцоог ашиглаад тавьчихсан хэрэг. Тэр үед технологи гэж байсан биш. “Зам барь”, “Байшин барь” гэнэ. Тэгээд л “Мэдлээ, гүйцэтгэе”. Ойлгомжтой биз дээ. Одоо бол өөр хэрэг. Зургийг нь гаргаж, хөрсийг нь хуулна, хайрга дэвсэнэ. Индүүдэж чигжинэ... Хятадууд манайд үнэхээр сайн зам тавьж байна даа.

-Мартсанаас, та нар цэргийн хүрээнд анхны томоохон спорт заал барьсан гэл үү?

-Маш гоё заал барьсан. Одоо балгас. Нэг өдөр Шагдар дарга намайг дуудаад “За Доржсүрээн, спорт заал барих хэрэгтэй байна. Болдхүү гурвуулаа барина” гээд л, сэтгэлээ шингээн босгож билээ. Бас болоогүй ээ, Ю.Цэдэнбал маршал Зүүнбаянд зочлох болоод Цагаан тээг гэдэг газар түүнд зориулж том байшин босгосон.

-Олон жил яригдаж, сонгуулийн шоу болж байсан Асгатын мөнгөний ордны зам гүүрийн ажлыг та өөрийн биеэр командлан нугалж байсан тухай би хүнээс сонссон.

-Тийш очихын тулд Оросын хилээр гарч, их тойрдог байсан. Одоо сайхан болсоон. Та монгол цэргүүдийн бүтээн босгосон тэр замыг очоод хараарай. Би юу ярихав.

-Баян-Өлгий аймгийн оршин суугчид та нарыг анх очиход “Юун олон цэргүүд вэ. Дайн болох гэж байгаа юм уу” гээд их эгдүүцэж байсан санагдана. Тухайн үед та нар сэтгэл санааны хувьд хүнд байв уу?

-Одоо бол манай казак ард түмэн бидэнд аягүй найрсаг хандаж байгаа. Элдэв тийм асуудал байхгүй. Зарим нэг нөхдийн явуургүй хэл ам байсныг үгүйсгэхгүй.

-Та өөрөө Зүүнбаянгийн тэнгэр дор халж, хөрч, тулж явсан дайчин эр. Тэр гайхамшигтай цэргийн хотхон яагаад өнөөдөр балгас болж орхив оо. Аваад үлдэж болох л байсан шүү дээ.

-“Хүйтэн дайн” дуусч, олон улсын хооронд итгэлцэл бий болсон. Монгол Улсад хүчирхэг арми байх шаардлагагүй болсон. Нөгөө нэг шалтгаан нь тэжээж байсан улс нь гараад явчихаар бид бор зүрхээрээ амьдрах болсон. Та мэднэ дээ, картын бараанд бид яалаа. Нийгмийн тийм хүчин зүйлс нөлөөлсөн хэрэг. Харин одоо Зүүнбаян маань дахиад сэргэж байна. Тоногдсон барилга байшингууд өнгөө засаж, хүмүүс дотор нь амьдарч эхэллээ. Зарим байруудыг пүүс компаниуд худалдан авч, үйл ажиллагаа явуулж эхлэх биз. Гэхдээ өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин маань улам бүр төгөлдөржих нь дамжиггүй.

-Би андуураагүй бол Зүүнбаян чинь социализмын үед нефтийн том үйлдвэртэй байсан гэл үү?

-Тийм шүү. Нэг их гал гараад үйлдвэр хаагдсан гэж ярьдаг юм. Өөр учир шалтгаан байсан байлгүй дээ. Ямар ч байсан биднийг наяад онд энд байхад Улзварын хонхорт битүү нефтийн төмөр арзайгаад байж байдаг байлаа. Гэтэл манайхан нэг хэсэг урагшаа баахан төмөр гаргалаа даа. Тэр үеэр бүр цэвэрлэчихсэн байна билээ.

-Ийн хөөрөлдөөд байвал та бидэн хоёрын яриа үл дуусах. Одоо хоёул асуудал руугаа орно оо. “Сэлэнгэ” хээрийн сургууль аа гэж. Ард олон маань армийн сүр хүч суларлаа гэлцэх болсон. Цэрэг армид их зардал гаргаж байна гэсэн үг улс төрчдийн амнаас ч цухалздаг. Харин дайчин эрс энхийн тэнгэр дор үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр л...

-Нэг суут жанжны үг байдаг биз дээ. “Цэргийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэ” гэж. Магадгүй эх орон эр цэргээ нэг л өдөр дууддаг...

 

Угаасаа эр улс тэр амиа өргөх ариун дуудлагын төлөө орчлонд ирсэн. Монгол улсынхаа бүрэн бүтэн байдлын төлөө төр засаг нь төсөв хөрөнгө зарцуулаад явдгаараа л явна. Энэ бүхний үндсийн үндэс болсон цэргийн дадлага сургуулилалтыг байнга чанаржуулж байх учиртай. Энэ нь хээрийн сургууль. Нэг жилийн цэрэг ч байсан өнөөдөр сурах ёстой юмаа л сурч байгаа. Нөгөө талаар манай зэвсэгт хүчин гадныхантай хамтарсан хээрийн сургуулийг олноор хийж байгаа. Энэ нь бас нэг том ололт юм. Цэрэг эрс бие биенээсээ суралцаж, харилцан туршлага солилцох, улс орнуудын хамтарсан итгэлцэл, дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхэд асар их түлхэц болж байна. Дээрээс нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудал ч бий.

Манайхан дангаараа хээрийн сургуулиа байнга хийнэ гэж төсөөлөөд үзье. Ингэх аваас ихээхэн учир дутагдалтай байх нь ээ?

-Адаглаад л хөрш зэргэлдээ орнуудад буруу ойлголт үүснэ. Гэхдээ бид өөрсдийгөө хөгжүүлэх нь нэн чухал. Эзэн Богд хааны үед ч ан гөрөө хийнэ гэдэг цаанаа цэргийн сургуулилалт яваад байсан хэрэг.

-Энэ жилийн “Сэлэнгэ-2017” цэргийн хамтарсан сургуулийн тухай та дүн шинжилгээ хийж байгаа хүний хувьд юу хэлэх сэн бол?

-Уржнангийн сургууль  Дорнод монголын талд, ноднингийн сургууль Орост болсон. Энэ жилийн хувьд Монголын говьд болж байгаагаараа онцлог юм. Жил бүр газар орны байдлаар хээрийн сургуулийн аргачлалыг боловсруулдаг юм. Ухаандаа Дорнодын сургуулилт усан дээр явагдсан бол Орост уул хангайд болсон. “Сэлэнгэ-2017”-гийн хувьд говь талын нөхцөлд ажиллагаа явуулна. Сүүлийн үед алан хядах үйл ажиллагаа дэлхий нийтийг цочроон түгшүүлэх болсныг та мэдэж байгаа. Хил дамнасан тийм уршигт үйлдлийг даруй таслан зогсоох дадал, ур чадварыг бие бүрэлдэхүүнд эзэмшүүлэх нь тус сургуулийн бас нэг зорилго.

-Та газар дээр нь бэлтгэл ажлыг шалгаж явна. Сэтгэлд тань хэр нийцтэй байна даа?

-Энэ жилийн хувьд манайхан аягүй сайн бэлдэж байна. Хурандаа Эрдэнэбаатарт би маш сэтгэл хангалуун байна. Терроризм улам өргөжиж буй өнөө цаг дор хоёр орны зэвсэгт хүчин алан хядах ажиллагаа, хууль бус зэвсэгт бүлэглэлийн эсрэг өөр хоорондоо хэрхэн зохицож, хамтран ажиллах томоохон сургууль өнөө маргаашгүй эхэлнэ. Энэ сургууль эзлэн түрэмгийлэх ч юм уу элдэв долоон шалтгаан агуулдаггүй.

-Саваагүй зүйл асууж буйг минь уучлаарай. Та нар байлдааны сумаар бэлтгэл хийх юм. Энэ чинь хямралтай үед төсөв мөнгөнд халтай биш үү?

-Үгүй ээ, одоо буудахгүй гээд яах юм.

-Машин техникийн түлш, хайран юм даа.

-Тэгэхгүй гээд яах юм. Хэрвээ энэ бүхнээсээ татгалзаад, зэвсэгт хүчнээ анхаарахгүй төр бий болбол юу болох билээ. За ийм л байна. Хэдүүлээ доошоо полигон руу хөдөлцгөөх үү.

-Ойлголоо. Хээрийн тэнгэр дор цаг зав гаргаж хөөрөлдсөн таны байлдааны болон улс төрийн мэдлэг боловсрол, оператив тактикийн үйл бүтээлд тань өндөр амжилт хүсье. Танд баярлалаа.

 

Хөөрөлдсөн: Авгаржин Жа.Баяраа

2017.08.19 / Зүүнбаян. Цагаан тээг


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017