1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай “Ю-13” хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах төр засаг, цэргийн удирдлагынхаа үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисгэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид (одоогийн Бүх цэргийн төв эмнэлгийн зүүн талд) бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгажээ. Энэ нисгэх багийн 2-р нисгэгчээр Александр Владимирович Соловьев, штурманаар Борисов, техникч К.Зайцев нар ирсэн байна. Энэ түүхт үйл явдлын тухай нийслэлийн хөдөлмөрчдийн дунд өргөн таниулга явагдсан бөгөөд онгоц ирэхэд Х.Чойбалсан тэргүүтэй Цэргийн яамны удирдах хүмүүс угтан авч, Монгол улс, түүний зэвсэгт хүчний түүхэнд үүрд тэмдэглэгдэх үйл явдал болсон учраас энэ өдрийг Монголын нисэх хүчний төрсөн өдөр болгон тэмдэглэдэг уламжпал бий болсон.
А.А.Лапин энэ онгоцоор 1926 онд Улаанбаатараас Баянтүмэн хүртэл нисч, Монголын агаарын анхны замыг нээсэн билээ. Монгол нисгэгчид бэлтгэгдэж амжаагүй учраас Монгол хүн энэ онгоцоор нисээгүй, харин А.А.Лапин Улаанбаатараас-Алтанбулаг, заримдаа Улаан-Үдийн хооронд шуудан тээврийн нислэгийг хийж байжээ.
1925 оны 6 дугаар сард А.А.Лапин, А.В.Соловъев нар Дээд-Үүд рүү (Улаан-Үд) буцаж, тэндээс нисгэгч С.Зенкевичийн хамтаар “Р-1" нисэх онгоц гурвыг авчирсан бөгөөд “Р-1” гэдэг энэ гурван онгоцны их бие дээр “Монгол ардын хувьсгалт нам”, “Хувьсгалт Монгол", “Хувьсгалт залуучууд” гэж монголоор бичсэн байжээ.
Монгол улс 1925 оны 7 дугаар сарын эхээр олон төрлийн онгоц оролцсон олон улсын анхны нисэх онгоцны цувааг хүлээн авчээ. 1925 оны 6 дугаар сарын 10-нд Москвагаас гараагаа эхэлж, Улаанбаатарыг дамжин Бээжингийн чиглэлд хийсэн улс хоорондын энэ нислэг 6475 км агаарын замыг 52 цагийн дотор нисэн туулж, 1925 оны 7 дугаар сарын 13-нд дуусгажээ. И.П.Шмидтээр ахлуулсан улс хоорондын энэхүү нислэгт “Р-1” онгоц хоёр, “Ю-13” онгоц хоёр, “Р-2” онгоц нэг, “Ак- 1" суудлын онгоц нэг, нийт 4 төрлийн 6 онгоц оролцож байсан бөгөөд “Р-1” онгоцны дарга нь М.А.Волковойнов, техникч В.П.Кузнецов, хоёр дахь “Р-1” онгоцыг нисгэгч М.М.Громов, техникч Е.В.Радзевич, “Правда” гэж нэрлэсэн “Ю-13” онгоцны нисгэгч нь И.К.Поляков, техникч И.В.Михеев, “Красный Камбойльщик” гэж нэрлэсэн хоёр дахь "Ю-13” онгоцны нисгэгч Н.И.Найданов, техникч В.В. Осипов, “Р-2” онгоцны нисгэгч А.И.Екатов, техникч Ф.П.Маликов, “Ак-1” онгоцны нисгэгч А.И.Томашевский, техникч В.П.Камышев нар тус тус байжээ. Эдгээр онгоцонд багийн гишүүдээс гадна Орлов, Осадчий, В.А. Шнейдров (кино оператор), Михельс, Рихтер, Лебеденко, Розенблат нар зорчигчоор ирсэн байна. Цуваанд оролцож явсан кино оператор Владимир Адольфович Шнейдров тэр үеийн Монголын ахуй амьдралын тухай кино гэрэл зургийг авч, түүхийн үнэлж баршгүй баримтыг үлдээсэн байна.
Монгол улс 1925 оны зуны эхэн сард өөрийн гэсэн нисэх онгоцтой болж, олон улсын нислэгийг анх эх орныхоо нийслэлд хүлээн авсан нь үеийн үед дурсагдах ёстой үйл явдал мөнөөс мөн.
1925 оны 7-8 дугаар сард Монгол улс сургалтын хэрэгцээнд зориулан “У-1” онгоц хоёрыг авч Монгол улс “У-1”, “Р-1”, "Ю-13” гэсэн гурван төрлийн зургаан нисэх онгоцтой болж байсан түүхтэй.
1925 оны сүүлчээр хорь гаруй тэргүүний залуучуудыг илгээлтээр ирүүлсний дотор Цэргийн яамны ХЗЭ-ийн үүрээс А.Содном, Гүржав, Бүргэд, Нацагдорж, Гэндэнжав, Д.Ламжав, Н.Сандуйжав, Х.Шарав, Д.Гэлэгравжаа, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн, Д.Жамбаа нар ирж, хожим нь тэдний дотроос Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн, Д.Жамбаа нар анхны моторчин (бага мэргэжилтэн), Д.Ламжав нисэх отрядын дарга болсон байна. Дараачийн тулгамдсан зорилт бол өөрийн улсын нисэх хүчний анхны цэргийн нисэхийн анги, салбарыг байгуулах явдал байлаа.
1926 онд Хувьсгалт цэргийн зөвлөлөөс нисэх онгоцны анхны отрядыг Д.Сүхбаатарын нэрийн дор байгуулах шийдвэр гаргаж, орон тоог баталж. Энэ орон тоогоор дарга 1, техникийн дарга 1, эх зохиогч 1, орчуулагч 1, зарлага 1, ачаа хөсөг 2, нисгэгч 12, тэргүүлэгч механик 1, бага механик 3, шавь механик 12, номын багш 1, европ эмч 1, модны дархан 1, модны дарханы шавь 1, төмрийн дархан 1, төмрийн дарханы шавь 1, бүгд 41 хүнтэйгээр байгуулагдаж 1930 онд Нисэх отрядын даргаар Д.Ламжавыг томилсныг өнөөг хүртэл түүнийг нисэх отрядын анхны дарга хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн.
1932 онд Дотоодын энэ томоохон үймээн самууныг дарж, хүн амын амгалан тайван байдлыг хангах, хувьсгалт ололтыг хамгаалах хэрэгт Монгол ардын хувьсгалт цэрэг (МАХЦ)-ийн анги салбарууд оролцож зарим районд нилээд ширүүн тулалдаанд шинээр эмхлэн зохион байгуулагдаж, байлдах урлагийг эзэмшиж эхэлж байсан нисэх хүчний бүрэлдэхүүн эх орныхоо даалгавраар байлдааны үүргийг биөлүүлж, энэ үйл явдалд “Р-1” онгоцны нисгэгчээр Костенков, Майков, Большаков, Ч.Шагдарсүрэн, штурманаар Б.Чоймбол, П.Цэдэв, А.И. Бруславский, техникчээр Маев, Т.Лувсанбалдан нар оролцож Улаанбаатар, Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн нутгаар агаарын шинэ замыг нээж, 100 гаруй удаа байлдааны нислэгийг хийхээс гадна Тариат, Цэцүүхэй гол, Бичгэнэ гол, Булнайн нуруу зэрэг газарт байрласан босогчдын бүлгийг агаараас цохих байлдааны үүргийг тэд нэр төртэй биелүүлж, Монголын нисэх хүчний түүхийн бас нэг шинэ хуудсыг нээсэн байна.
Тавигдсан байлдааны үүргийг гарамгай биелүүлсэн учир Цэргийн явдлын яам (ЦЯЯ)-ны сайд, БЦЖ-ны 1933 оны 1 дүгээр сарын 25-ны 01 тоот тушаалаар Анатолий Бруславский, Майков Николай Павлович, Маев, П.Цэдэв /партизан/, Б.Чоймбол, Т.Лувсанбалдан, Большаков, Костенков Алексей нар цэргийн гавъяаны нэгдүгээр зэргийн одонгоор шагнагдаж байсан.
Улс орны батлан хамгаалах хүчин чадлыг зузаатгах, зэвсэгт хүчний байлдах чадварыг тасралтгүй дээшлүүлэх эрх ашиг, шаардлага, нисэх хүчний онгоцны паркийн хангамж, бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчний бололцоо зэргийг харгалзан, ЦЯЯ-ны Сайд, БЦЖ-ны 1933 оны 10 дугаар сарын 14-ний тушаалаар Нисэх отрядыг Нисэх бригад болгон өргөтгөж, дарга бөгөөд комиссараар Ц.Очирыг (партизан), комиссарын туслах бөгөөд улс төрийн хэлтсийн даргаар
Д.Бадамхатанг, бригадын штабын даргаар П. Цэдэв (партизан), Онгоцны засварын газрын даргаар Т.Лувсанбалданг, аж ахуй, ар талын даргаар Тумбын Лувсан (партизан), бригадын техникийн даргаар Ж.Жамъянгомбо (партизан), сургуулийн отрядын даргаар Ч.Шагдарсүрэн, байлдааны 1-р отрядын (Р-5 онгоцны) даргаар Д.Жамбаа, байлдааны 2-р отрядын (Р-1 онгоцны) даргаар Б. Лонжид, нисэн хянагчаар А.И, Бруславский, бригадын зөвлөх сургагчаар В.А.Судец, техникийн сургагчаар Стегачев, механикаар Маев нарыг тус тус томилж байсан.
1935 онд нисэх хүчний түүхэнд болсон нэг томоохон үйл явдал бол 6 дугаар сард нисэхийн аэродромыг Улаанбаатар хотын Консулын дэнжээс Бөхөг цагаан толгойд шилжүүлэн байрлуулсан явдал байв.
1935 оны сүүлчээс Цаг уурын албыг нислэгт ашиглан, нислэгийг цаг агаарын мэдээ, нөхцлийг харгалзан явуулах болсонтой холбогдуулан цаг уурын станц, багаж хэрэгслэлийг Дээд-Үүд, Улиастай, Ховд, Улаанбаатарт байрлуулсан нь одоогийн ашиглаж байгаа цаг уурын станцуудын суурь болон тавигджээ. Нисгэх бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн тогтолцоонд шүхрийн бэлтгэл чухал байр эзлэх болж, 1935 онд 30 шахам нисгэгч, нисэн хянагч, техникчдийг шүхрээр буулгаж, мөн сургалтын журмаар байлдааны үеийн нөхцлөөр 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй десантыг бэлтгэж буулгах дадлагуудыг хийж байсан.
ЦЯЯ сайд, БЦЖ-ны 1936 оны 2 дугаар сарын 28-ны 12 тоот тушаалаар Баянтүмэнд Нисэх онгоцны нэгдсэн отрядыг байгуулж, даргаар Ч.Шагдарсүрэнг, комиссараар Д.Бадамхатанг, сургагчаар В.А.Судец нарыг тус тус томилсон нь Монгол улсын хил хамгаалалтыг сайжруулах, Монголын нисэх хүчний байлдах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн онцгой арга хэмжээ байсан бөгөөд Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин маршал Г.Дэмид энэ ажиллагааг өөрөө биечлэн удирдаж байжээ.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн хамтран хуралдсан 1936 оны 4 дүгээр сарын 7-ны 13 дугаар хурлын тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 29, 31, 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд тус улсын хил хязгаарт халдан довтолсон Япон, Манжийн түрэмгийлэгчдийг бут цохиж ухраахад эрэлхэг зориг гарган байлдаж гарамгай гавьяаг байгуулсан Д.Дэмбэрэлд “БНМАУ-ын агаарын зоригт баатар” цолыг шагнаж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр дахь удаагаа, Ч.Шагдарсүрэнд “Улсын эрхэм нисгэгч” цолыг олгож, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 3 дахь удаагаа шагнасан бөгөөд нисэх хүчний 40 жилийн ойгоор “Улсын баатар” цолоор нэхэн шагнасан.
1930-аад оны эцэс гэхэд Монголын нисэх хүчин үндэсний боловсон хүчинтэй болсон бөгөөд 1930-1937 онуудад гадаад, дотоодод нийт 39 нисгэгч, дотоодод 34 штурман (нисэн хянагч), 44 нисэх онгоцны техникчийг гадаад, дотоодод, нисэх онгоцны 15 зэвсэглэлийн техникч, дотоодод нисэх онгоцны моторчин бага мэргэжилтэн 30 бүгд 166 мэргэжилтэн бэлтгэсэн байсан ба МАХЦ-ийн нисэх хүчин 1926 онд Нисэх отряд, 1933 онд Нисэх бригад, 1937 онд байлдааны 2 хороо, тээврийн болон сургууль, хил хамгаалалтын тусгай салбаруудтай нисэх хүчин байгуулагдаж байжээ.
1939 оны 6-р сарын 22-нд дайсны 120 нисэх онгоц манай талаас 95 нисэх онгоц 2 цаг 30 минут агаарын байлдаан хийж байжээ. Энэ байлдаанд дайсны 31 онгоцыг сөнөөж, манайх 11 онгоцоо алдсан байна. Мөн сарын 26-нд дайсны 60 онгоцтой манай 55 нисэх онгоц байлдааж, дайсны 26 онгоцыг сөнөөж, манайх 2 онгоцоо алдаж байсан бол 7-р сарын 12-нд В.Скобарихин, Акимов, Митягин нар Японы 20 онгоцтой байлдаж, дайсны 16 онгоцыг сөнөөж байжээ.Г.П.Кравченкогийн командалсан сөнөөгч онгоцны 22-р хороо 8-р сарын 20-28 нд 2400 удаагийн байлдааны нислэг хийж 12 томоохон байлдаанд орлцож 42 сөнөөгч, 33 бөмбөгдөгч онгоцыг устгаж, Улсын баатар 11-ийг төрүүлжээ. Хоногт дунджаар 264 удаа нисч, нэг онгоц 8-9 удаа байлдааны нислэг хийж байжээ.
1940 онд цэргийн дээд командлал Халх голын байлдааны явцаас хийсэн дүгнэлт, сургамж, нисэх хүчний анги, байлдааны онгоц, боловсон хүчний хангалт, үүрэг гүйцэтгэсэн анги салбаруудын чадвар, удирдлага зохион байгуулалтанд урьдах жилүүдэд хийсэн өөрчлөлтийн зүй зохистой байдлыг судалсны үндсэн дээр БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд БЦЖ-ны 1940 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 тоот тушаалаар нисэх хүчний бүтэц, удирдлагад дахин өөрчлөлт хийжээ.
БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, БЦЖ-ны 1942 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 00182 тоот тушаалаар нисэх хүчнийг Монголын зэвсэгт хүчний түүхийн хөгжлийн оргил үеийн нисэх дивизийн зохион байгуулалтанд оруулж, удирдлагыг томилжээ. Нисэх хүчин энэ бүтцээрээ дэлхийн 2-р дайныг дуустал байж, хөгжлийнхөө оргил үед 1945 онд хүрсэн юм. 1942 онд Зөвлөлт-Германы дайны фронт хамгийн ширүүн үедээ ид явагдаж, Дорно зүгээс Японы довтлох аюул улам нэмэгдэж байсан учраас Монгол улс өөрийн эдийн засаг, санхүүгийн нөөц бололцоог бүрэн дайчилж, ЗХУ, Улаан армид үзүүлэх туслалцааг улам идэвхжүүлэхийн хамт, Батлан хамгаалах хүчээ зузаатгах зорилтыг тэргүүн зэрэгт тавьж байв. Нисэх хүчнийг дивиз болгон өөрчлөхийн тулд “И-15 Бис” сөнөөгч онгоц 23-ыг ЗХУ-аас авч зэвсэглэлд оруулсан байна.
1942 онд Нисэх дивиз нисэх гурван хороо, дадлагын эскадриль, нисэх нэгдсэн засвар, хангах батальон зэрэг үндсэн анги, салбаруудтай байсан бөгөөд Бөхөг Цагаан Толгойд сөнөөгч “И-15 бис" онгоцны ахмад Г.Раднаа даргатай 1-р хороо, хөнгөн бөмбөгдөгч “Р-5” онгоцны хошууч Б.Санж даргатай 3-р хороо, нисэх нэгдсэн засвар дадлагын эскадриль, холбоо тээврийн эскадриль хоёр, хангах батальон байрлаж байсан бөгөөд Буянт-Ухаад сөнөөгч “И-15 бис" онгоцны хошууч Б.Дагва даргатай 2-р хороо байрлаж байжээ
1945 оны 7 дугаар сард ЗХУ-аас манай армийн зэвсэглэлд 71 ширхэг дайрагч Ил-2 онгоц, 7 ширхэг Уил-2 (сургуулийн) онгоц өгчээ.
1945 оны 8 дугаар сарын 26-нд онгоц хүлээлгэн өгөх комиссын дарга инженер Таранов, техникч Чиров, Рябов, Чеснохов, Т.Самдан нар ЗОш ЯК-9 онгоцыг хүлээлцжээ.
Монголын нисэх хүчин 75 жилийн түүхэндээ “Ил-2” дайрагч онгоц 71, “Як-9У” сөнөөгч онгоц 30, “По-2” онгоц 9, “Як-7” дадлагын онгоц 4, “УИЛ” онгоц 7, “Ут-2” онгоц 2, “Дуглас” хэмээх тээврийн “Ли- 2" онгоц нэгтэй, бүгд 124 онгоцтой, нийт бие бүрэлдэхүүн 1231-тэй болж хөгжлийнхөө оргил үед хүрсэн байна.
1946 онд “МАХЦ-ийн зохион байгуулалтыг тайван журамд шилжүүлэх” тухай ЦЯЯ-ны сайд бөгөөд БЦЖ- ны 1945 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 00158 тоот тушаалаар МАХЦ-ийн агаарын нисэх хүчний хэлтэс, агаарын нисэх хүчний холимог нисэх хорооны тайван цагийн орон тоог баталжээ. Энэ орон тоогоор Цэргийн яамны дэргэд 10 хүнтэй хэлтэс, Нисэх холимог 5-р хороо, сөнөөгч онгоцны 1, дайрагч онгоцны 2 эскадриль, бэлтгэл онгоцнуудыг хадгалж хамгаалах, команд гэсэн бүтэцтэй 355 хүнтэйгээр, нисэх хүчний бүрэлдэхүүнд дадлага, сургуулийн нисэх эскадриль, холбооны хэсэг, хангах батальонтой байсан.
1948 онд ЦЯЯ-ны нисэх хүчний дарга бөгөөд хэлтсийн даргаар Жадамбын Даваасүрэн томилогдож, мөн нисэх холимог 5-р хорооны даргаар Гонсүрэнгийн Раднаа, штабын даргаар Долгорын Гонгоржав томилогдсон байна.
1956 онд Монголын нисэх хүчний шинэ үеийг нээсэн түүхт он байлаа. Энэ оноос эхлэн МАХЦ-ийн нисэх хүчин бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэний агаарын тээврийн нислэг, тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн юм.
БНМАУ-ын Ардын цэргийн хэргийг эрхлэх яамны сайд бөгөөд ардын армийн командлагчийн “АЦХЭЯ-ны холбооны эскадриль байгуулах тухай” 1966 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн н/116 тоот тушаал гаргаж, холбооны эскадрилийг 1966 оны 7 дугаар сарын 01-нд байгуулсан.
Ардын армийн 109 дүгээр анги анх 1968 оны 10 дугаар сарын 07-ны өдөр БНМАУ-ын БХЯ-ны сайдын 236 тоот тушаалаар ЗХУ-аас ирүүлсэн 0719 дугаартай нисдэг тэргийг хүлээн авч “Монгол-0719” дугаартай байсан.
1972 онд зэвсэглэлдээ Ми-2 нисдэг тэргийг анх удаа хүлээн авч Ми-2 нисдэг тэрэгний багийг БНМАУ-ын нутагт түр байрлаж байсан зөвлөлтийн цэргийн Чойбалсан хот дахь нисэх анги дээр бэлтгэж байжээ.
1976 онд холбооны нисэх тусгай эскадриль Ми-8, Ми-2, Ми-4 нисдэг тэрэг тав, Ан-2 онгоц дөрөв, бүгд 9 онгоц, 60 гаруй офицер, улирагчтай үүрэг гүйцэтгэж байсан.
1980 онд ЗХУ-аас Монгол-10104 дугаартай АН-24 онгоц БХЯ-ны сайдын мэдэлд шилжин ирсэн нь тус ангийн үүрэг гүйцэтгэх боломжийг үлэмж нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ болж байсан.
АДХЦ-ИЙН ТҮҮХ
Монгол цэргийн түүхийн нэгэн чухал үе 1960-аад оноос эхэлж тухайн үеийн олон улсын харилцаанд гарсан өөрчлөлт, дэлхий дахин, бүс нутгийн цэрэг, улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төр, засгаас улс орныхоо батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх бодлогыг баримтлах болж Ардын Армийн хэрэг эрхлэх яам /АЦХЭЯ/-наас Монголын Ардын Армийн анги, салбаруудыг өргөтгөн шинээр байгуулах, шинэ зэвсэг техник, боловсон хүчнээр хангах, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь шинээр Улсыг агаарын довтолгооноос хамгаалах /АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ/ цэрэг байгуулах зорилт байжээ.
1950-аад оны дундуур МАЦ-ийг өргөтгөн зохион байгуулах асуудлаар МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хэд хэдэн чухал тогтоол гарсан бөгөөд үүгээр буудлагын хэд хэдэн батальон, танк, инженер-сапёрын батальон, зенитийн артиллерийн /зенитийн пуужин/ дивизион байгуулахаар төлөвлөж байжээ.
Ингээд анх 1964 оны 8 дугаар сарын 11-ний өдөр АЦХЭЯ-ны сайдын 174 тоот тушаалаар Ардын Армийн пуужингийн тусгай дивизионыг армийн артиллерийн тусгай дивизион нэртэйгээр, радиотехникийн тусгай батальоныг радиогийн тусгай батальон гэсэн нэртэйгээр тус тус байгуулснаар Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үндэс суурь тавигдсан байна.
Улсын агаарын довтолгооны цэргийн анги, салбаруудыг шинээр байгуулахтай холбогдуулж урьд нь армийн цомхтголоор армиас бэлтгэлээр халагдан улс орны холбооны болон төмөр замын байгууллагуудад зонхилон ажиллаж байсан олон тооны офицеруудыг армид офицерын албан тушаалд ажиллуулах нам, төр засгийн шийдвэр гарч байсан ажээ.
Тухайлбал, бэлтгэлээс ирж радиогийн тусгай батальоны даргаар томилогдсон Билэгтийн Лувсандоржийн дараагаар 1964 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн сайдын н/202 тоот тушаалаар Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн цэргийн кафедрын тусгай мэргэжлийн багшаар ажиллаж байсан дэд хурандаа Логийн Дондовыг ААЕШ-ын Артиллерийн албаны бүтцэд шинээр байгуулагдаад байсан Агаараас эсэргүүцэн хамгаалах албаны даргаар томилжээ. Дараа нь 1964 оны 9 дүгээор сарын 11-ний өдрийн сайдын н/214 тоот тушаалаар хошууч Дорлигийн Чулуунхүүг ААЕШ-ын агаараас эсэргүүцэн хамгаалах /АЭХ/-ын албаны офицероор томилон ирүүлснээр алба 2 хүнтэйгээр ажиллах болсон байна.
1964 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн сайдын н/239 тоот тушаалаар хурандаа Аръяагийн Шуувайг АЦХЭЯ-ны пуужин ба артиллерийн албаны даргаар томилон ажиллуулжээ.
Шинээр байгуулагдсан радиогийн батальон, зенитийн пуужингийн дивизионыг 1965 оноос үндсэн байрлалд нь дэлгэж мэргэжлийн сургалтуудыг эхлэх, анги салбаруудыг байлдааны байнгын жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгүүлэх том зорилтууд тулгарч байв.
Иймд 1965 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн сайдын н/47 тоот тушаалаар АЭХ-ын нэгдсэн командын байрыг байгуулахаар Тээвэр холбооны яамнаас шилжүүлэн авсан радио нэвтрүүлэгчийн 1 дүгээр станцыг засаж төхөөрөмжилж эхэлжээ.
Энэ нь олны яригддагаар “Хоёр өндөр”-ийн байрлал бөгөөд 1 дүгээр нэвтрүүлэх станцыг засварлаж эхний жилүүдэд анхны салбаруудтай холбоо барихад ашиглаж байсан бол хоёр өндрийн байр байшинг радиогийн тусгай батальон, АЭХ-ын нэгдсэн командын байраар ашиглаж байв.
АЦХЭЯ-ны бие даасан АЭХ албаны анх түрүүний зорилт нь радиогийн тусгай батальон, түүний харьяа радиолокаторын салбаруудын байлдааны жижүүрлэлтийн ажиллагааг эхлүүлэх ажил байжээ. Иймээс 1965 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн сайдын 135 тоот тушаалаар БНМАУ-ын нутаг дэвсгэрт радиолокаторын бүсүүд байгуулж, радиогийн тусгай батальоныг байлдааны байнгын жижүүрлэлтэд тавих бэлтгэлийг ханган, байлдааны бүрэн байдалд шилжүүлэхээр зохион байгуулж, радиолокаторын ротуудыг мөн оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс томилгоот байрлалд нүүлгэн шилжүүлэх, мөн сарын 25-ны дотор батальоны радиолокаторын станцууд /РЛС/-ыг 24 цагийн байлдааны жижүүрлэлтэд шилжүүлэхээр бэлэн болгож, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 9 цаг 00 минутад байлдааны бэлэн байдалд бүрэн шилжүүлсэн түүхтэй.
Энэ үе бол цэргийг Агаарын Довтолгооноос Хамгаалах цэргийн анхны зенитийн артиллерийн дивизион байгуулагдаж, АЦХЭЯ-ны артиллерийн албаны, дараа нь 1965 оны 5 дугаар сараас АЦХЭЯ-ны Агаарын Довтолгооноос Хамгаалах хэлтсийн харьяалалд байж байгаад АЦХЭЯ-ны сайдын н/08 тоот тушаалаар 1968 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Ардын Армийн мотобуудлагын тусгай бригадын бүрэлдэхүүнд шилжиж, 1970 оны 8 дугаар сард сайдын н/179 тоот тушаалаар Ардын Армийн Агаарын Довтолгооноос Хамгаалах албыг хэлтэс болгон өргөтгөж, улсын болон цэргийн Агаарын Довтолгооноос Хамгаалах –ын анги, салбарууд харьяаллын хэлтсийн удирдлагад үүрэг гүйцэтгэж эхэлсэн үе юм.
АЦХЭЯ-ны сайдын 1967 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн н/89 тоот тушаалаар Ардын Армийн зенит пуужингийн тусгай дивизион байлдааны буудлага хийх шийдвэр гарсан байна.
Пуужин харвалтын түр полигоныг 1965 онд анхны харвалт хийсэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт сонгож, пуужин харвалтыг “Онц” дүнтэй гүйцэтгэжээ.
Улсыг АЭХ хэлтсийн харьяа зенитийн пуужингийн 2 дугаар тусгай дивизионыг шинээр байгуулах тухай Батлан хамгаалах яамны сайдын н/125 тоот тушаал 1969 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарснаар Дархан хотын агаарын хамгаалалтын үүрэг гүйцэтгэх тус дивизионыг байгуулах ажилд улсыг АЭХ хэлтсийн бүрэлдэхүүн шамдан орж байсан түүхтэй.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ТҮҮХ
МУЗГ-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 191 дүгээр тогтоолыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Н/32 тоот тушаалаар Зэвсэгт хүчний Агаарын цэрэг байгуулах шийдвэрийг баталж МУЕ, ЗХЕК-ын 2017 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 02 дугаар зарлигаар бригадын генерал Очирын Энхбаярыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчаар томилов.
ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, орлогч дарга бригадын генерал Ж.Бадамбазар, ЗУХ-ын дарга хурандаа Д.Номт, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав нарын хамт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Байгууллагын гэрчилгээ, командлалын тамга тэмдгийг Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүнд ёслол төгөлдөр гардуулж өгсөн.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь удирдлага, Ажиллагааны удирдлагын хэлтэс, Агаарын довтолгооноос хамгаалах хэлтэс, Улсын нисэхийн хэлтэс, Ар талын хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Хүний нөөцийн тасаг, Захиргааны удирдлагын тасаг гэсэн бүтцийн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ОХУ, Монгол Улсын цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд сургууль-байлдааны 2 нэгж МиГ-29УБ загварын сөнөөгч онгоцыг дагалдах сэлбэг, хэрэгслийн хамт хүлээн авч зэвсэглэл техникээ өргөтгөсөн.