• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2020"-ЫН ЦАХИМ БАГА ХУРАЛ БОЛОВ
Нийтэлсэн: 2020-03-27 15:11:00
Үзсэн: 1021

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2020"-ЫН ЦАХИМ БАГА ХУРАЛ БОЛОВ
Нийтэлсэн: 2020-03-27 15:11:00 Үзсэн: 1021



     Олон улсын "Цэргийн наадам-2020"-ыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэх цахим бага хурал боллоо. Монгол Улсын талаас ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, УХМАБХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Батхуяг, АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа У.Ундрах, БСТГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Л.Давааням нар оролцсон бөгөөд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Беларусь, Казахстан, Узбекистан, Иран, Шри Ланк улсын Зэвсэгт хүчний төлөөллүүд хуралдлаа. Цахим бага хурлын үеэр оролцогч талууд өөрсдийн нутаг дэвсгэрт зохиогдох тэмцээн, уралдаан болон түүнд оруулсан өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.

      Үүний дараа ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар "Аравт-2020" морин цэргийн уралдааны талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, оролцогч улсын хувьд адуугаа уралдаан явагдах газар орон хүртэл тээвэрлэх зардлыг өөрөө хариуцах, Монголын талаас адууг хил, гаалиар нэвтрүүлэх журмыг хөнгөвчлөх асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа болон уралдааны ялагчийг маршрутыг туулсан нийт хугацаагаар нь тодруулах, хугацаа ижил байх тохиолдолд нэгдүгээр шатны дүнг харгалзах талаар мэдээлсэн.

       ОХУ-ын талаас "Танкийн биатлон" тэмцээнд оруулж буй өөрчлөлтийн талаар мэдээлэхдээ "Оролцогч улсуудад хоёр хувилбар санал болгож байгаа бөгөөд эхний хувилбараар буудлагын журмыг хүндрүүлж байны тоог тав хүртэл нэмэгдүүлэн, багууд явдал дунд хоёр, зогсолтоос гурван байг буудаж устгах бөгөөд оноогүй байны тоогоор торгуулийн тойрог оногдуулна. Сүүлийн хувилбараар байны тоог гурав болгож, гал нээх явцад оноогүй бай үлдвэл байны тоогоор галт хэрэглэл нэмж буудлага хийлгүүлж, оноогүй байны тоогоор нь торгуулийн тойрог оногдуулах санал оруулсан" гэв. Улмаар энэ тэмцээнд оролцогч бүх талаас санал авахад есөн улсаас БНХАУ, Беларусийн тал нэгдүгээр хувилбарыг дэмжиж, бусад улс хоёрдугаар хувилбарыг сонгосон юм. Түүнчлэн тус тэмцээнд зөвхөн "Т-90" танк ашиглана гэж мэдээлсэн.

      Мөн "Цэргийн наадам-2020"-д оролцогч орнуудын соёлын нэгдсэн наадмыг 2020 оны 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Алабинод зохион байгуулах болсноо мэдэгдэв. Тус арга хэмжээний үеэр үзэсгэлэн дэглэж, гар урлалын бүтээл, үндэсний хувцас, тоглоом наадмыг сонирхуулах аж.
Хурлын төгсгөлд ОХУ-ын талаас оролцогч бүх улсын Батлан хамгаалахын атташе нарыг 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзан тэмцээн, уралдаантай холбоотой баримт бичгийг өгч, дараагийн цахим хурлын товыг хэлэлцэхээр болсныг зарлав.

Холбоотой мэдээ
УРАН БҮТЭЭЛЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН БУЦЛАА
Нийтэлсэн: 2022-08-27 08:49:31 Үзсэн: 225