• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН БҮХ ЦЭРГИЙН ХАР СҮЛДНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нийтэлсэн: 2020-03-11 14:03:28
Үзсэн: 235

МОНГОЛ УЛСЫН БҮХ ЦЭРГИЙН ХАР СҮЛДНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нийтэлсэн: 2020-03-11 14:03:28 Үзсэн: 235



Монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн Хар сүлд нь маш эртний түүхэн уламжлалтай юм. Үүнийг гэрчлэх хамгийн эртний дурсгал нь Монгол, ОХУ, АНУ-ын хамтарсан Монгол чулуун зэвсгийн үеийг судлах экспедицийнхэн 2000 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Бичигтийн амнаас олсон туг өргөн яваа морьтныг дүрсэлсэн хадны зураг юм. Археологчид энэ ховор чухал дурсгалыг шинжлэн үзээд адууны дэл, сүүлээр хийсэн Монгол Улсын төрийн ба цэргийн туг нь бүр хүрэл зэвсгийн үеэс уламжлалтай байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Ийнхүү нэн эрт цагаас монголчууд цагаан адууныхаа дэл сүүлээр төрийн Цагаан тугаа, хар, хээр зүсмийн адууны дэл сүүлээр цэргийн Хар сүлдээ бүтээн залж, тахисаар ирсэн түүхтэй.

Ялангуяа XII-XIII зууны үед цэргийн Хар сүлдийг шүтэн тахих ухамсар сэтгэлгээ тал нутгийн нүүдэлчдийн оюунлигт гүн бат шингэж, улмаар тэр нь нэгдсэн төр улсын нэг гол бэлгэдэл болсон түүхтэй билээ. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд Монголчууд дайн байлдаанд мордохдоо хараа ихт Хар тугаа тахиж байсан (МНТ §106), Чингис хаан дайнд мордохын өмнө хулгана жил (1204 он)-ийн зуны тэргүүн сарын 16-нд тугаа тахиж байсан тухай тодорхой бичиж тэмдэглэжээ.

Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулахдаа төрийн есөн хөлт Цагаан туг, цэргийн дөрвөн хөлт Хар сүлдийг шинээр бүтээн залж, төр улсынхаа сүр хүчний бэлгэдэл болгон орд өргөөндөө мандуулж, тайлга тахилгын дэг ёсыг боловсронгуй болгосныг судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй олж тогтоосон аж. Ялангуяа, Чингис хаан Хар сүлдийг бүтээн залж тахиснаас хойш монгол цэргийн сүр хүч үлэмжийн их мандан бадарч, дөрвөн зүгтээ харгалдах дайсангүй болсон хэмээх домог түүхтэй. Ийм учраас Хар сүлдийг дээд тэнгэрээс бууж ирсэн, мөнх тэнгэрийн сүр хүчний илэрхийлэл мөн гэдэгт монголчууд бүрэн итгэж улмаар “төрийн есөн бэлэг эрдэнэ” буюу монгол төрийн есөн бэлгэдлийн нэг болгон олон арван жилийн турш дээдлэн тахисаар ирсэн бөгөөд энэ уламжлал 1930-аад он хүртэл тасраагүй билээ.

Харин 1990-ээд оноос түүхэн уламжлалт туг сүлдээ бүтээх түмэн олны санаачлага өрнөж, түүнд үндэслэн монгол цэргийн Хар сүлдийг бүтээн залах асуудлыг Монгол Улсын БХЯ-ны Сайдын зөвлөлийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн Хар сүлдний эх зураг, түүнийг бүтээн залах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Энэ саналыг Ерөнхийлөгч П.Очирбат Эрдэмтдийн зөвлөлөөрөө хэлэлцэн Хар сүлдийг эх зургийн дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгчээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг шинээр бүтээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар зарлигаар Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний дүрмийг баталжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч П.Очирбат XYII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын гурав (1992.05.08)-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг БХЯ-нд гардуулан өгсөн байна. Энэ цаг мөчөөс хойш Бүх цэргийн Хар сүлд нь Монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээн болсон бөгөөд хоёр жилд нэг удаа Хар сүлдийг цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэж байна.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон тугч Бүх цэргийн Хар сүлдээ хариуцан, дүрэм зааврын нь дагуу харж хандаж, залж хөдөлгөдөг учиртай. Батлан хамгаалахын сайдын 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний тугчаар ЗХЖШ-ын орлогч, Стратегийн удирдлага төлөвлөлтийн газрын дарга хошууч генерал М.Борбаатар, туг хамгаалагчаар хурандаа П.Пүрэвбазар, хурандаа Б.Ганбаатар нар анх томилогдож байсан түүхтэй.  Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний хэлбэр хийц, дүр дүрслэл, өнгө зүс бүхэн нь гүн гүнзгий бэлгэдэл утгатай бөгөөд үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Бүх цэргийн Хар сүлдний бэлэгдлийн тайлбар”-т тодорхой тусгасан юм. Бүх цэргийн Хар сүлдийг даган дуурайлгах болон олшруулахыг хуулиар хориглосон байдаг юм.

 

Холбоотой мэдээ
МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ ...
Нийтэлсэн: 2021-04-27 11:00:00 Үзсэн: 539
САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН САНААНААС ГАРДАГГҮЙ ЮМ
Нийтэлсэн: 2016-02-01 16:48:55 Үзсэн: 224
АМЬДАРНА ГЭДЭГ АМЬ ЗУУХЫН НЭР БИШ ЭЭ
Нийтэлсэн: 2016-01-15 16:45:14 Үзсэн: 192
ХИЧЭЭНГҮЙ САЙД С.ЦЭРЭНДОРЖ
Нийтэлсэн: 2016-01-15 16:41:28 Үзсэн: 164
ЗЭВСЭГ УРЛААЧ ДАРХАН ЛУВСАН
Нийтэлсэн: 2015-05-10 16:35:30 Үзсэн: 183
ЯЛАЛТЫН МАРШАЛ
Нийтэлсэн: 2015-05-01 16:39:17 Үзсэн: 177
ЗОРИГТ ТАГНУУЛЧ НАВААНЫ КАМПААН
Нийтэлсэн: 2015-05-01 16:32:11 Үзсэн: 166