Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны газрын дарга, дэслэгч генерал Ву Чиен Тханг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг энэ сарын 26-ны өдөр "Аравт" олон улсын морин цэргийн Ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хүлээн авч уулзаж, хоёр орны цэргийн хамтын ажиллагаа тэр дундаа удахгүй зохион байгуулагдах "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны талаар ярилцлаа. Дэслэгч генерал Ву Чиен Тханг "Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа "Аравт" уралдаанд манай улс ажиглагчаар оролцох болсондоо баяртай байна.
Анхдугаар уралдаанаар бид үндсэн оролцогчоор оролцох боломж байгаа эсэхийг сайн судлах хүсэлтэй. "Аравт"-д ажиглагчаар оролцох алба хаагчид маань удахгүй Монгол Улсад хүрэлцэн ирнэ" гээд цаашдаа Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй харилцаагаа улам өргөн хүрээнд гүнзгийрүүлж, энхийг дэмжих чиглэлд туршлага судлах сонирхолтой байна гэсэн юм. Хошууч генерал Ж.Бадамбазар төлөөлөгчдөд "Аравт" уралдааны онцлог, бэлтгэл ажил хэр хангасан талаар мэдээлэл өгөөд сонирхсон асуултад нь хариулсан юм. Үүний дараа дэслэгч генерал Ву Чиен Тханг тэргүүтэй төлөөлөгчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
