• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-05-17 10:39:28
Үзсэн: 194

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-05-17 10:39:28 Үзсэн: 194



Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, аюулгүй байдлын төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн цэргийн улс төр, хүмүүжлийн ажилтнууд болон эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн ажилтнууддаа Цэргийн улс төрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Намын Төв Хороо, Ардын хувьсгалт Түр Засгийн Газрын 1921 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолоор цэргийн доторх нам, улс төрийн удирдах төв байгууллагыг “Цэргийн Яамны улс төрийн хэлтэс” нэртэй байгуулагдсанаар өнөөдрийн Зэвсэгт хүчний суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хангалтын үйл ажиллагааны түүх эхэлсэн бөгөөд Батлан хамгаалахын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/19 дүгээр тушаалаар “Цэргийн соёл хүмүүжлийн ажилтны өдөр” болгон баталгаажуулсан билээ.

Орчин цагийн Зэвсэгт хүчний байгуулалтын хөгжлийн түүхэн явцад цэргийн улс төр, соёлын байгууллага, түүний ахмад ажилтнуудын гүйцэтгэсэн үүрэг, үзүүлсэн нөлөө, ач холбогдол, туршлага, сургамж үлэмж их юм.

Цэргийн соёл хүмүүжлийн ажил бол Зэвсэгт хүчний үндсэн үүрэг, зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, эх оронч үндэсний үзэл, хүмүүжлийг хүүхэд залуучууд, цэргийн алба хаагчид төдийгүй иргэдэд түгээн дэлгэрүүлэх их үйл хэргийн салшгүй хэсэг, чухал хүчин зүйл болохыг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.

Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажил хариуцсан албан тушаалтнууд нь дайны хүнд жилүүдэд дайчдыг зоригжуулж, эх орноо хамгаалах ариун үйлсэд уриалан дуудаж, энх цагийн бүтээн байгуулалтад цэрэг дайчид, ард иргэдийг нэгэн үйлсэд нэгтгэн, урам зориг, эрч хүчийг өгч, түүхэн нэр хүндтэй үүргүүдийг гүйцэтгэж ирсэн дайчин уламжлалтай билээ.

Зэвсэгт хүчний түүхэн туршлага, хөгжлийн явцаас харахад хаана цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажил цэгцтэй зохион байгуулалттай явагдаж байна, тэнд хатуу чанд сахилга бат, байлдааны өндөр бэлэн байдал, шуурхай чадварлаг үйл ажиллагаа, өндөр хариуцлага, бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн тогтвортой байдал, аливаа бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужил төлөвшсөн байдаг.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг эх оронч үзэлтэй, зөв хүмүүжил, ёс суртахуунтай, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилттэй болгон төлөвшүүлэхэд хөдөлмөр зүтгэл, ухамсарт амьдралаа зориулсан үе үеийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтнууддаа дахин баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ДАШЗЭВЭГ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 327
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 225